2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


Ираны цэргийн хүчнийхэн осолдсон америк нисгэгчийг бүсэлж байх зуур, АНУ-ын арми дайсны нутаг дэвсгэрийн гүнд аврах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Ираны баруун өмнөд хэсгийн алслагдсан уулархаг бүс, өндөр шовх, нарийн хадан хавцалд АНУ-ын нисэх хүчний офицер хоёр өдрийн турш дайснуудаасаа нуугджээ. Түүнийг олзолж авахаар Ираны арми болон зэвсэгт бүлэглэлүүд нисдэг тэрэг, дроноор тал бүрээс нь бүслэн хааж байсан тэрхүү эгзэгтэй мөчид АНУ-ын тусгай хүчин дайсны нутаг дэвсгэрийн гүнд "бүхнийг дэнчин тавьсан" аюултай даалгаврыг гүйцэтгэжээ.
Агаарын хүчний хурандаа цолтой уг нисгэгч уулын өндөрлөг хяр дээр гарч чадсаныхаа дараа радио холбоогоор “Бурхан ивээлээ” гэсэн богино дохио илгээсэн байна. Гэвч Вашингтон дахь албаныхан энэ мэдээг эхэндээ иранчуудын бэлдсэн урхи байж магадгүй гэж сэжиглэж байв. Нисгэгч үнэхээр амьд байгаа эсэхийг баталгаажуулахын тулд Пентагоны зүгээс асар их хүчин чармайлт гаргаж, цаг хугацаатай уралдан ажилласан юм.
Ням гаригийн үүрээр Ираны хилийн гүнд 320 гаруй км нэвтэрч, Америкийн байлдааны онгоцуудын нүргээн болон галт зэвсгийн тачигнах дуу уулын хөндийг бүхэлд нь цуурайтуулах үед аврах ажиллагаа эхэлсэн байна. Нисгэгчийг аюулгүй газарт шилжүүлэх явцдаа америк цэргүүд тэнд саатсан техник хэрэгсэл, өндөр технологийн зэвсэглэлийг дайсны гарт оруулахгүйн тулд дэлбэлж устгасан агаад тэдний ард асар том дэлбэрэлт, дарийн өтгөн хар утаа л үлджээ.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, Ираны баруун өмнөд хэсгийн хад асгатай, гүн хавцлуудад өрнөсөн энэхүү ажиллагаа нь цэргийн командлагчдын хувьд хамгийн их айж эмээдэг, бас хамгийн нарийн төлөвлөдөг "дайсны нутагт сүйрсэн нисгэгчийг аврах" сонгодог жишээ боллоо гэсэн байна.

Сөнөөгч онгоц F-15E Strike Eagle. Эх сурвалж: АНУ-ын Агаарын цэргийн хүчин Roque Ruiz/WSJ
Одоогоор нэрийг нь нууцалж буй уг нисгэгч нь "Dude 44" загварын F-15E Strike Eagle байлдааны онгоцны багийн хоёр гишүүний нэг байсан юм. Тэдний онгоцыг өнгөрсөн Баасан гаригт Ираны зэвсэгт хүчин буудан сөнөөжээ.
Онгоц сүйрснээс төд удалгүй АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Хэгсет болон Штабуудын нэгдсэн хорооны дарга, генерал Дэн Кэйн нар нөхцөл байдлыг ерөнхийлөгч Трампад яаралтай илтгэсэн байна. Пентагон ийм төрлийн эрсдэлт нөхцөлд зориулсан төлөвлөгөөг аль эртнээс боловсруулсан агаад тэд Трампт нисгэгчийг аврах бүрэн боломжтой гэдгээ мэдэгджээ.
Нисгэгчийн хэн болохыг эцэслэн тогтоосны дараа Хэгсет Цагаан ордны Зууван танхимд Трампаас аврах ажиллагааг эхлүүлэх эцсийн шийдвэрийг хүлээж авсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливиттийн мэдээлснээр Трамп нөхцөл байдлыг сонссон даруйдаа “Бид түүнийг заавал авчрах ёстой” гэж тушаажээ.
Нисгэгчийг эх оронд нь авчрах энэхүү өргөн хүрээний ажиллагаанд тусгай хүчний 100 орчим дайчин, АНУ-ын хэдэн арван байлдааны онгоц, нисдэг тэрэг, мөн Тагнуулын төв газрын (CIA) боловсруулсан дайсныг төөрөгдүүлэх нууц ажиллагаанууд багтсан байна.
Ням гаригийн өглөө ерөнхийлөгч Трамп Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа “Вьетнамын дайн шиг хүнд хэцүү нөхцөлд нисгэгчийг аврахад тун амаргүй байдаг. Гэвч ийм хүнд нөхцөлд манай нисгэгч шархадсан хэдий ч хадан хавцал руу мацсаны хүчин уулсын өндөрлөгт нуугдаж чадсан. Тэр өөрийг нь хайж байсан Америкийн хүчнийхнийг сонсож байсан гэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай аврах ажиллагаа байлаа” хэмээн онцолжээ.

Их Британийн Фэйрфорд дахь агаарын бааз дахь B-1 бөмбөгдөгч онгоц
Төв командлалаар (CENTCOM) удирдуулсан цэргүүд дайсныг ойртуулахгүйн тулд асар их галын хүчийг ашигласан байна. Агаарын десантын бүрэлдэхүүнд багтсан дөрвөн нэгж B-1 бөмбөгдөгч онгоц хиймэл дагуулаар удирдах 2000 фунтын жинтэй 100 орчим бөмбөгийг стратегийн чухал цэгүүдэд хаяжээ. Түүнчлэн, MQ-9 Reaper дронууд нисгэгчийн нуугдаж буй цэг рүү хэдхэн километрийн зайд дөхөж ирсэн Ираны зэвсэгт дайчдад галын цохилт өгч байв.

MQ-9 Reaper дрон
Энэхүү аврах ажиллагаа Америкийн ард түмний хувьд дайн холын, хийсвэр зүйл биш, харин амь нас, мах цусаар хэмжигддэг зүйл болохыг бодитоор ойлгуулсан байна. Зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж буй АНУ-Ираны дайнд хоёр тал өөрсдийн байр сууриа бататгахыг хичээж байна. Ираны цэргийн хүчнийхэн АНУ-ын онгоцыг унагаснаа Америкийн агаарын давамгайллыг няцааж чадахаа баталлаа гэж дотооддоо ухуулга хийж буй бол Трамп болон түүний холбоотнууд аврах ажиллагааг “Улаан өндөгний баярын гайхамшиг” гэж тодотгож байна.
Ерөнхийлөгч Трамп Truth Social платформ дээрээ “Тэр муу новшнууд Ормузын хоолойг нээхгүй бол тамд амьдрах болно гэдгийг санагтун” хэмээн хатуу анхааруулга өгчээ. Мөн тэрбээр Иранд ирэх Мягмар гаригийн оройн 20.00 цаг хүртэл хугацаа өгч, хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол цахилгаан станц, гүүр зэрэг дэд бүтцийг нь устгаж эхлэхээ мэдэгдсэн байна.
Түүх сөхвөл, 46 жилийн өмнө Иран дахь АНУ-ын Элчин сайдын яамны 53 ажилтныг аврах “Бүргэдийн хумс" ажиллагаа бүтэлгүйтэж, цөлд онгоцнууд мөргөлдөн томоохон гарз хохирол амсч байсан түүхтэй. Харин энэ удаагийн ажиллагаа тэрхүү гашуун түүхийг давтсангүй.

Баасан гарагт F-15E онгоц галд өртөх үед багийн гишүүд яаралтай гарах бариулыг татаж, бүхээгнээс шидэгдэн шүхрээр буусан байна. Онгоц Ираны нутаг дэвсгэрийн гүнд унасан бөгөөд аврах багийнхан онгоцны үндсэн нисгэгчийг шуурхай олж аварч чаджээ. Гэвч арын суудалд сууж байсан зэвсэглэлийн системийн оператор офицер сураггүй болсон юм.
Трамп энэ талаар ярихдаа “Бид эхний нисгэгчийг аварсан тухайгаа шуугиагүй. Учир нь, тэгвэл иранчууд хоёр дахь хүн байгааг мэдэж, хайж эхлэх байсан. Бид чимээгүй байснаар тэдэнд хоёр дахь нисгэгчийг хайх боломж өгөлгүй нэг өдөр хагасыг хожсон” гэжээ.

Ираны Исламын хувьсгалт корпусын мэдээллийн агентлагийн нийтэлсэн бичлэгт Кохгилуйе болон Бойер-Ахмад мужид Иранчууд АНУ-ын нисгэгчийг хайж байгааг харуулжээ.
Сураггүй болсон нисгэгчийн тухай мэдээг Ираны төрийн телевиз анх зарласан байна. Тэд Америк нисгэгчийг Кохгилуйе ба Бойер-Ахмад мужийн уулархаг бүсэд байгаа гэж таамаглаж, "дайсны нисгэгчийг амьдаар нь барьж өгсөн иргэнийг өгөөмөр шагналаар урамшуулна" хэмээн уриалж байв.
Пентагоны хувьд энэ нь сүүлийн 20 гаруй жилд анх удаа Америкийн нисгэгчтэй онгоц дайсны нутагт сүйрсэн тохиолдол байлаа. Хэрэв нисгэгч олзлогдсон бол Тегераны хувьд асар том суртал ухуулгын зэвсэг, дипломат давуу тал болох байв.
Ажиллагаа тийм ч амар байсангүй. Аврах ажиллагаанд онгоцуудыг дайчилснаар Ираны пуужингийн байгууламжуудад өгөх цохилтууд түр зогсч, энэ нь Иранд сөрөг довтолгоо хийх боломж олгосон байна.


АНУ-ын Агаарын хүчний MC-130J Commando II онгоц. Рикардо Ардуенго/Ройтерс
Эхний аврах оролдлогыг цуцлахаас өөр аргагүй болжээ. Хоёр H-6 нисдэг тэрэг газраас буудуулж, багийн гишүүд нь шархадсаны улмаас Кувейтед яаралтай газардах шаардлага гарсан байна. Мөн тусгай ажиллагааны хоёр MC-130J онгоц түр зуурын зурвас дээр газардах үед дугуй нь зөөлөн хөрсөнд шигдэж, хөөрөх боломжгүй болжээ. Иймээс гурван жижиг онгоцоор нэмэлт багийг илгээх шаардлага гарсан байна.
Цаг хугацаа иранчуудын талд байлаа. Ираны Хувьсгалт гварди болон орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд нисгэгчийг олохоор улайран хайж байв. Энэ үед CIA буюу Тагнуулын төв газар "өвсөн дотроос зүү хайхтай адил" хүндхэн даалгаврыг гүйцэтгэж, нисгэгчийн нуугдаж буй хадны завсрыг нарийн тогтоож өгчээ.
Мөн тагнуулынхан дайсныг төөрөгдүүлэх ажиллагааг (deception operation) чадварлаг зохион байгууллаа. Тэд Ираны нутагт "АНУ нисгэгчээ хэдийнэ олсон бөгөөд одоо хуурай замаар хил давуулахаар тээвэрлэж байна" гэх хуурамч мэдээллийг тараасан байна. Энэ нь Ираны хүчнийхнийг анхаарлаа өөр тийш хандуулахад хүргэж, нисгэгчид амь гарах нэмэлт цаг хугацааг олгожээ.
Израиль улс ч энэ ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тагнуулын мэдээлэл хуваалцахаас гадна, аврах ажиллагааны бүсэд аюул учруулж болзошгүй байрлалуудад зохицуулалттай цохилт өгсөн байна.
Ажиллагаа дууссаны дараа, АНУ-ын цэргүүд газраас хөөрч чадаагүй хоёр MC-130J (тус бүр нь 100 сая гаруй ам.долларын үнэтэй) болон хоёр MH-6 нисдэг тэргийг дэлбэлж устгасан байна. Ингэснээр Америкийн цэргийн нууц технологи Ираны гарт орохоос сэргийлсэн юм.
Даваа гарагт шилжих шөнө Ерөнхийлөгч Трамп “БИД ТҮҮНИЙГ АВЛАА! АНУ-ын арми түүнийг аврахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсгээр тоноглогдсон хэдэн арван онгоц илгээлээ. Нисгэгч маань шархадсан ч биеийн байдал нь сайн байна” хэмээн баяртай мэдээг дэлхий нийтэд зарлав.
Энэхүү ажиллагаа нь АНУ-ын зэвсэгт хүчний чадавхыг харуулсан төдийгүй бүс нутгийн хурцадмал байдлыг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо. Ираны уулс дахь тэрхүү "Easter Miracle" буюу "Улаан өндөгний баярын гайхамшиг" нь Америкийн цэргийн түүхэнд хамгийн эрсдэлтэй бөгөөд амжилттай аврах ажиллагааны нэг болон бичигдэж байна.



Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6