

“Эпштейний сонсгол” гэх ордны эмгэнэлт, инээдмийн драмын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой нэгэн анхаарал татахуйц асуудал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөмөл хүүхдүүдийг “идсэн, уусан” гэх дуулианд нам дарагдав. Угаасаа ч улс төрийн цаад зорилго нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой хэргийг нам дарахад чиглэгдсэн нь ойлгомжтой. Ямар сайндаа л Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэрийн өгсөн “Ц.Элбэгдоржийн өргөж авсан 24 хүүхдээс 2 нь БНСУ, Япон улс руу нэвтэрсэн бүртгэлтэй байдаг. 22 нь Монгол Улсад ажиллаж, амьдарч байна” гэх мэдээлэлд би итгэхгүй гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “эргүүтэх” билээ.
Эпштейнийн сонсгол гэгч үндсэндээ элий, балайчуудын цугларалт болж өнгөрсөн агаад Монголын парламентын нэр хүндийг шавартай хутгаж, нээлттэй сонсголын ач холбогдлыг нэгмөсөн үнэгүйдүүлэх чиглэлтэй гаднаас өгсөн гэрийн даалгавар ч байж мэдэхээр харагдлаа.
Жеффри Эпштейнтэй холбоотой гэх олон мянган хуудас бүхий баримтад дурдсанаар Монголоос түүнтэй хамгийн олон удаа харилцсан хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат гэгч юм.
АНУ-ын иргэншилтэй тэрбээр 2013 оноос Х.Баттулгыг төлөөлж, Эпштейнтэй харилцдаг байсан агаад Монголын улс төрийн талаар түүнд байнгын мэдээлэл дамжуулдаг байсан аж. Тэрбээр Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад нь зөвлөхөөр нь 2008-2012 онд ажиллаж байгаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болсны (2012-2014 он) дараа мөн ажиллаж байсан. Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Шинэ төмөр замын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Guggenheim partners investment management holdings” компанид өгөх ёстой ажлын хөлс болох $46 мянгыг “Либерти партнерс” компанидаа авч, залилан хийсэн гэх асуудалд нэр холбогдон, бүр АНУ-ын шүүхэд дуудагдаж байсан удаатай.
Тэрчлэн "Либерти партнерс" компаниараа дамжуулан Сайншандын аж үйлдвэрийн парк, мөн нүүрс шингэрүүлэх төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр мөнгө угаасан гэж хууль, хүчнийхэн шалгах явцад тэрбээр Монголоос оргон зайлсан байдаг.
Гэсэн хэдий ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ч.Ганбат, Эпштейн хоёрын харилцаа дахин идэвхжиж, сонгуулийн үйл явцыг мэдээлж байснаас гадна нэгэн захидалдаа “On my side working on the Russian side” гэх өгүүлбэр бичсэн нь анхаарал татаж буй. Энэ нь бид Оросын талд ажиллаж байгаа гэх утгатай үг аж.
Тэгвэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын судалгааны байгууллагуудаар 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын зүгээс нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох оролдлого хийсэн талаарх шинжилгээ, нийтлэлүүд гарч байсан билээ
Төрийн ордонд өрнөсөн өчигдрийн (2026.10.07) эмгэнэлт, инээдмийн драмын үзүүлбэр болох "Эпштейнийн сонсгол"-оор Ерөнхийлөгч асан Х.Баттулга бусдыг тагнадаг, мөрддөгөөрөө алдартай "K2 Integrity" агентлагийг хөлслөж, Монголын улстөрчдийг буюу өрсөлдөгч нараа тагнуулж, чагнуулж, мөрдүүлж байсан тухай мэдээлэл хөндөгдсөн. Тэгвэл тэрхүү "K2 Integrity" гэж ямар байгууллага болохыг сонирхуулъя.
АНУ-д байрлалтай, мөрдөн шалгах, тагнуулын чиглэлээр ажилладаг дэлхийд зартай хувийн агентлаг аж. Үүсгэн байгуулагч нь Jules Kroll гэж хүн аж. 2018 онд Кроллын фирм нэгэн үйлчлүүлэгчийнхээ даалгавраар хорт хавдар үүсгэгч гэгддэг асбестын хэрэглээг зөвтгөхийн тулд хууран мэхлэлт ашиглаж байгаад баригджээ.
Тус агентлаг өмнө нь "K2 Intelligence" нэртэй байжээ. Харин 2020 оны 11 дүгээр сард "Integrity research and compliance" компанитай нэгдэн, нэрээ "K2 Integrity" болгон өөрчилсөн байна.
Time.com сайтын ttps://time.com/6095957/jules-kroll-private-detective-profile/ нийтлэлд бичсэнээр 2017 онд сонгогдсон Монголын Ерөнхийлөгч асан Кроллыг хөлсөлсөн гэжээ. Тэр нь Х.Баттулга бололтой.
2017-2021 оны хооронд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаанд, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын ерөнхий прокурорын газраас K2 Integrity-ийг татвар төлөгчдийн мөнгөөр хөлслөн ажиллуулсан байна. Оюутолгой, Эрдэнэттэй холбоотойгоор улс төрийн өрсөлдөгч нараа намнуулах үүднээс уг байгууллагад хандсан аж. Х.Баттулгаас авсан төлбөрийнхөө хүрээнд "K2 Integrity" Ерөнхий сайд асан Сү.Батболдыг онилж, оффшорт байгаа хөрөнгөнийх нь тухай мэдээллийг цацсан.
Тодруулбал, K2 Integrity нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санхүүжилт авч, хөрөнгө эрэн сурвалжлах хөлсний гэрээт компани хэлбэрээр ажилласан аж. Тиймээс Сү.Батболд Нью-Йорк, Лондон, Хонконгийн шүүхэд "K2 Intelligence"-ийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж байжээ.
K2 нь захиалагчийнхаа эсрэг зогсож буй хувь хүн, сэтгүүлч, шүүгдэгчдийг 24/7 тагнах, утас болон дижитал сүлжээг нь ажиглах, хакердах, хувийн амьдралынх нь эмзэг сэдвийг олон нийтэд дэлгэх замаар сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Мэдээллийн болон сөрөг тагнуулын дайн хийхдээ гаргуудаараа дэлхийд зартай корпораци аж.










journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.