НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Токаев эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, Казахстаныг дэлхийн том тоглогч болгохоо амаллаа
АНАЛИЗ

Токаев эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, Казахстаныг дэлхийн том тоглогч болгохоо амаллаа

2026 оны 8-р сарын 26
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Өнгөрсөн Ням гаригт Казахстанд явагдсан сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эрх мэдлийг өөртөө бүрэн төвлөрүүлж чадлаа. 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн дагуу явагдсан энэхүү сонгууль нь ардчилсан гэсэн тодорхойлолтоос хол байсан хэмээн барууны шинжээчид бичиж байна. Казахстан улс 1991 онд ЗХУ-аас тусгаарлан бие дааснаас хойш явагдсан бүхий л сонгууль ардчилсан нэртэй боловч ардчилсан зарчмаар явагдаагүй хэмээн олон улсын ажиглагчид шүүмжилсээр ирсэн.

Токаев ийнхүү эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсанаар Казахстаныг Төв Азийн улс төр, эдийн засгийн тоглогч болгох замаа шулуутгалаа. Том тоглогч болохын тулд Хятад, ОХУ, АНУ гэсэн гурван гигантын хоорондын балансыг хэрхэн барихаас шалтгаална.

Ням гаригийн сонгуулийн өмнөхөн Токаев телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “ирээдүйдээ анхаарал хандуулахын чухал”-ыг онцолжээ.

“Бид дэлхийн тэрүүлэх орны тоонд орохыг зорьж байгаа учраас бидний өмнө хүнд даалгавар байна. Хамгийн чухал шийдвэрийн үнэ цэнийг зарим тохиолдолд хүмүүс олон жилийн дараа ойлгодог” хэмээн Токаев хэлжээ. Тэрбээр өөрт нь итгэн, үйл явцыг урсгалаар нь явуулахыг ард түмнээсээ гуйжээ.

Токаев шинэ Үндсэн хуулийн анхны сонгуульд няхуур бэлтгэсэн. Сонгуулиас 3 сарын өмнө “Адилет” (казакаар “Шударга ёс”) намыг байгуулж, Казахстаны парламентын голлох хүчин болсон “Аманат” намыг “Адилет”-эд нэгтгэсэн. “Аманат” бол Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын олон жил удирдсан нам юм.

Сонгуулийн эцсийн дүнгээр “Адилет” нам 71,2%-ийн санал авч цоо шинээр бүрэлдэж байгаа 145 суудалтай парламентын 110 суудлыг авлаа. “Адилет”-ээс гадна 5%-ийн босго давсан “Айул” сонгогчийн 6,3%-ийн санал авч 10 суудал, “Республика” болон “Аз Жол”, “Үндэсний социал демократ” нам тус бүр 8-9 орчим суудал авчээ. Сонгуульд нийтдээ 7 нам өрсөлдсөн нь олон намын өрсөлдөөн байгаа мэт боловч эдгээр нам бүгд Токаевын бодлогыг дэмжигч байр суурьтай, сөрөг хүчний намуудад сонгуульд өрсөлдөх боломжийг ямар нэгэн байдлаар хаажээ.

ХОЁР ТАНХИМТ ПАРЛАМЕНТЫГ ХАЛЖ, НЭГ ТАНХИМ РУУ ШИЛЖИЖ БАЙНА

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулиар өмнө байсан хоёр танхимт парламентыг халж, нэг танхимт парламент буюу “Хуралдай”-г бий болгож байгаа. 145 гишүүнтэй “Хуралдай”-н анхны сонгууль 8-р сарын 23-ны Ням гаригт анх удаа боллоо.

Мөн энэ сонгуулиар 2023 оноос хойш хориглоод байсан бие даан нэр дэвших эрхийг сэргээсэн байна. Бие даан нэр дэвшигчийн тоо нь нийт нэр дэвшигчийн 30%-иас хэтрэхгүй байхаар хуульчилжээ.

Үндсэн хуулийн өөр нэг гол өөрчлөлт нь Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг шинээр бий болгож байгаа явдал. Шинэ “Хуралдай” бүрэлдсэний дараа Токаев Дэд ерөнхийлөгчийг “Хуралдай”-д санал болгох бөгөөд “Хуралдай” дэмжсэн нөхцөлд томилогдоно. Дэд ерөнхийлөгч нь Токаевын залгамжлагч гэсэн үг биш боловч ерөнхийлөгч таалал төгсөх зэрэг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн бүрэн эрх дэд ерөнхийлөгч рүү шилжинэ.

Дашрамд дуулгахад Токаевыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд нэрээ дэвшүүлнэ гэсэн яриа Казахстаны улс төрийн хүрээнд дуулдаж байгаа ажээ.

Токаев 2019 онд Назарбаевын орыг залган гарч ирсэн. 1991 оноос хойш Казахстаны ерөнхийлөгчөөр ажилласан Назарбаевын хүч, нөлөө Казахстанд хэмжээлшгүй шахам байсан. Харин Токаев энэхүү хүчийг сулруулах улс төрийн өөрчлөлтийг алхам алхмаар хийсээр өнөөдрийг хүрч байна.

8-р сарын 23-ны сонгуулийн өмнөхөн Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн нэг удаа сонгогдох хугацааг хүчингүй болгосноор Токаев 2029 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломжтой болоод байна.

Улс төрийн өөрчлөн шинэчлэлээс гадна эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг Токаев амжилттай хэрэгжүүлж, Казахстан бүс нутагтаа төдийгүй дэлхийн нэрээ гаргах болсон. Европ-Азийг холбосон газар зүйн байршлаа давуу тал болгон амжилттай ашиглаж чадсан орны тоонд Казахстан зайлшгүй нэрлэгдэх боллоо. ОХУ болон Хятадаас гадна АНУ-тай эдийн засгийн харилцаагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна