

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоонд иж бүрэн шинэчлэл хийж, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэж буруутгаж буй прокуроруудын мөрдөн шалгах эрхийг хураан авлаа. Түүний эрх мэдэлд Лиг ерөнхийлөгч болохоос өмнө үүсгэсэн эрүүгийн хэргүүд ч багтаж байна.
Өнгөрөгч баасан гаригаас хэрэгжиж буй шинэ хуулийн хүрээнд прокурорын эрх мэдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Харин прокурорт зөвхөн хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үндсэн чиг үүргийг үлдээсэн байна.
“Прокурорын байгууллагын шинэчлэлийн зорилго нь хүний эрх, нийгмийн хэв журмыг хамгаалах, улс төрийн сонирхлоор бусдыг мөрдөн шалгах, яллахаас урьдчилан сэргийлэхэд оршиж байна” гэж ерөнхийлөгч Ли өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Өмнөд Солонгосын прокуроруудыг асар их эрх мэдэлтэй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэж удаан хугацааны турш олон нийт шүүмжилсээр ирсэн. Нөгөө талдаа энэхүү шинэчлэл нь гэмт хэргийн хохирогчдыг хохироох цоорхой үүсгэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Түүнчлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Ерөнхийлөгч уг шинэчлэлийг манлайлан хийж байгаа нь Лигийн олон нийтийн дэмжлэгийг буурахад хүргэжээ.
Хуулийн шинэчлэлийг дэмжигчдийн хувьд олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож ирсэн прокурорын байгууллагын монополийг хална гэж үзэж байгаа юм.
Лигээс өмнөх найман Ерөнхийлөгчийн дөрөв нь прокурорын шалгалтаар шоронд хоригдож, эрх мэдлээсээ огцорсон байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ро Мү Хён бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас нэг жилийн дараа гэр бүлийн гэх хахуулийн хэргийг шалгах явцад амиа хорлон нас барсан юм.
Энэхүү шинэчлэлээр Дээд прокурорын газрыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг хэрэгжүүлэх хоёр агентлагийг шинээр байгуулж байна. Шинээр байгуулагдсан прокурорын алба нь сэжигтнийг яллах эсэхийг шийдвэрлэж, шүүх хуралдаанд яллагчаар оролцоно.
Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг нь авлига, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэх зэрэг 7 зүйл заалтаар гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх, хэрэгжүүлэх хариуцлагыг хүлээнэ. Цагдаа болон өндөр албан тушаалтнуудыг шалгах Авлигатай тэмцэх газар нь бусад мөрдөн шалгах ажиллагааг манлайлан явуулах аж.
Лиг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд түүнд холбогдох шүүх хурал түр зогссон үед энэхүү хуулийн өөрчлөлт орж байна. Тэрбээр хувийн газар эзэмшигчдээс тусламж авсан, улсын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан болон Сонгуулийн хууль зөрчсөн гэх шүүмжлэлд өртөж буй юм. Ли эдгээр буруутгалыг няцааж, "Би прокурорын эрх мэдлийн дарангуйлалд хамгийн их хохирсон хүмүүсийн нэг байсаар ирсэн, одоо ч байгаа, цаашид ч байх болно" гэж мэдэгдсэн юм.
Бүрэн эрхийн таван жилийн хугацаанаас нь дөрвөн жил үлдээд буй энэ үед уг шинэчлэл нь Лигийн рейтингийг 40%-иас доош ороход голлон нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна. Өнгөрсөн 8-р сард явуулсан санал асуулгаар оролцогчдын хагас нь шинэчлэлийг эсэргүүцэж, ердөө 27% нь дэмжсэн байна.
Энэхүү шинэчлэлтэй зэрэгцээд Жэжү арал дээр сураггүй болсон эмэгтэйн хэргийг хугацаанаас нь өмнө хаасан гэх мэт цагдаагийн байгууллагын хариуцлагагүй ажиллагааг олон нийт шүүмжлэх болсон. Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг хожим нь олсон агаад үүний араас Цагдаагийн ерөнхий газраас улс орон даяар 310 мянган хэргийг дахин нээж шалгах тушаал гаргажээ.
Дуксон эмэгтэйчүүдийн сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Со Хви Вон “Хамгийн эхний оролцогчид байх ёстой эмэгтэй хохирогчид хэлэлцүүлгийн үйл явцаас үндсэндээ орхигдсон” гэж хэлэв. Сүнчонхян сургуулийн цагдаагийн удирдлагын профессор О Юн Сон хэлэхдээ, улс төрчид энэ шинэчлэлээс хамгийн их ашиг хүртэх болно гэжээ.
“Эцсийн дүндээ цагдаа бол улстөрчдийн хувьд прокурорын байгууллагыг бодвол хянахад илүү хялбар байгууллага” гэж О Юн Сон хэлжээ.
Лигийн шинэчлэлийг засгийн танхим дотроос нь эсэргүүцэж, Хууль зүйн эхний сайд Жон Сон Хо өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон байна.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлах үйл явцыг харахад Өмнөд Солонгост болон манай эрүүгийн шүүхийн тогтолцоонд эрсдэл тулгарч байна” гэж Жон Сон Хо микрофон асаалттай байхыг анзааралгүй ярьсан нь бичигдэж үлджээ. Жон хуульч агаад Ардчилсан намаас парламентад 5 удаа сонгогдсон гишүүн юм. Тэрбээр “Би үнэхээр маш их сандарч, түгшиж байгаа тул хожмын хариуцлагыг нь үүрч чадахгүй” гэжээ.
Түүний оронд нэр дэвшүүлсэн Ким Сын Вон нар цар тахлын үеэр эмийн лобби хийсэн гэх асуудлаар цагдаа дахин мөрдөн шалгаж эхэлсний дараа нэрээ татан авав. Эл томоохон шинэчлэлийн үед тус улсын Хууль зүйн сайдын суудал эзэнгүй байгаа нь асуудал юм.
“Лигийн рейтинг өндөр байхад эдгээр асуудлууд төдийлөн анхаарал татдаггүй байв. Гэвч түүний рейтинг буурч, олон нийт түүний чадамжид эргэлзэж эхэлсэн. Тиймээс иргэдийн санаа бодлыг эргүүлэх арга замыг олохгүй бол түүнд ирэх дарамт шахалт улам бүр нэмэгдэх болно” Сөүлд байрлах Жайтгайст хүрээлэнгийн захирал Ом Кён Ён хэвлэлд ярьсан байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.