НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оросоос импортлогдох дайны эффектэд Монгол бэлэн байх ёстой!
АНАЛИЗ

Оросоос импортлогдох дайны эффектэд Монгол бэлэн байх ёстой!

2026 оны 7-р сарын 7
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Украины ерөнхийлөгч Зеленский Омскийн газрын тос боловсруулах үйлдвэрт шинэчлэгдсэн Fire Point дроноор цохилт өгснөө баталж дараагийн бай нь Сибирь  болохыг албан ёсоор мэдэгдсэн. Тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб болон Тусгай ажиллагааны хүчин (үйлдвэрийн хамгийн чухал хэсэг дроны халдлагад өртөж гал гарсан болохыг баталжээ.

Оросын талаас Омск мужийн захирагч Виталий Хоценко  мэдээлэл өгөхдөө Кремлийн агаарын хамгаалалт дронуудыг унагасан гэж мэдэгдсэн ч хэд хэдэн дрон Омскийн хойд үйлдвэрлэлийн бүсэд нэвтэрснийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Омскийн үйлдвэр дээр утаа гарч байгааг гадаадын хэвлэлүүд ч зураг хөрөгтэй нийтэлжээ.

“The Moscow Times”, “Meduza”, “Kyiv Post”, “The Kyiv Independent “зэрэг хэвлэлүүд уг үйл явдлыг Оросын хамгийн том буюу жилдээ 21 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт халдсан дайны түүхэнд хамгийн алсын зайн довтолгоо болсныг мэдээлжээ.

Дроны халдлагаас болж гал гарсан Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр нь ОХУ-ын том үйлдвэрлэгчдийн нэг. Монгол Улсын түлш, шатахуун, тос тосолгооны материалын гол ханган нийлүүлэгч. "Петровис", "Монсуль" зэрэг Монголын томоохон импортлогчид "Газпром нефть" болон "Роснефть"-ийн Ангарск, Омскийн үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ авдаг.

Тиймээс дээрх халдлага Монголын хувьд таатай мэдээ биш. Ямар ч  байсан уг цохилт Монголын эдийн засаг шууд ба шууд бусаар нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талаар газрын тосны үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах, импортын шинэ эх үүсвэр, гарц гаргалгаагаа нэмэгдүүлэх арга хэмжээ авах анхааруулга болж байна.

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хомсдолд ороод удаж байгаа. Өнгөрсөн жилийн намраас эхлэн Оросын эдийн засаг, тэр дундаа газрын тосны үйлдвэр, нөөцийн агуулахыг онилсон Украины дроны халдлага идэвхжсэн. Нисгэгчгүй онгоц Оросын шатахууны нөөцийн савыг устгаж, газрын тосны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан. Үүнээс болоод өнгөрсөн өвлөөс эхлэн манай хойд хөршийн хөдөөх тосгонууд шатахууны хямралд орсон билээ.

Хойд хөршийн дотоодын хямрал Монголд импортлогдох нь угаасаа цаг хугацааны асуудал. Хэдийгээр Монгол Улс өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 33 хоногийн, АИ-95 шатахуунб 44 хоногийн, дизель түлшний 27 хоногийн хэрэглээний нөөцтэй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлсэн ч үүнд тайвшрах хэрэггүй.

Баяр наадмын өдрүүдэд шатахууны эрэлт нэмэгдэхээс гадна манай улсын барилга, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн ид цаг үе. Иймээс Оросоос импортлогдох дайны эффект эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Үүнд, төр хувийн хэвшилгүй бэлэн байх ёстой. Магадгүй манай дотоодын дайснуудад улсын эдийн засаг хямрах нь улс төр хийхэд ашигтай байж мэднэ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас хамааралтайгаар авдаг. Омскийн үйлдвэрийн анхдагч боловсруулах гол байгууламж гэмтсэнээр тус үйлдвэрийн нийт үйлдвэрлэл тодорхой хувиар буурах нь гарцаагүй. Нөгөө талаар Путин шатахууны гадаад экспортоо бүхэлдээ зогсоосон гэдэг одоогоор явган яриа олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Хэдий манай холбогдох байгууллагууд энэ талаар албан мэдээлэл өгөөгүй ч үүнд одооноос бэлтгэлээ базааж байх ёстой юм.

Хэрэв Омскоос ирэх нийлүүлэлт тасарвал Монголын импортлогчид Ангарск эсвэл Ачинскийн үйлдвэрүүд рүү захиалгаа шилжүүлэх шаардлагатай болно. Энэ нь тус үйлдвэрүүдийн ачааллыг нэмэгдүүлж, Монгол руу ирэх вагон цистернүүдийн ложистикийн гацааг үүсгэж магадгүй. Ингэвэл хугацаа алдана гэсэн үг. Оросын дотоодын зах зээлд шатахууны хомсдол үүсэх хандлагатай болбол ОХУ-ын Засгийн газар экспортын татвараа нэмэх эсвэл хилийн үнээ өсгөх тактик хэрэглэдэг.

Монголд орж ирэх хилийн үнэ өсвөл дотоодын жижиглэнгийн үнэ дагаад өсдөг. Шатахууны үнэ нэмэгдэх нь тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн зардлыг шууд өсгөж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцийг хөөсрүүлэх аюултай. Нэг ёсондоо, мах, гурилын үнэ өснө гэсэн үг. Иргэдийн амьдрал энэ нь шууд муугаар нөлөөлнө.

Монголын эдийн засгийг бүрдүүлэгч гол тулгуур болох уул уурхай болон газар тариалангийн салбарынхны үйл ажиллагаа дизель түлшнээс бүрэн хамааралтай. Тиймээс өнгөрсөн хавар байнгын хорооны хуралдаан дээр “Гацуурт”-ын Чинбатын охин сайд Номин түлшний хангамж ямар байгааг Аж үйлдвэрийн сайд Г.Дамдиннямаас ууртай асууж, улс төр хийгээд байсан нь ийм л хувийн шалтгаантай байв.

Түлшний үнэ өсөх эсвэл хомсдол үүсэх нь нүүрсний тээвэрлэлтийн өртгийг нэмэгдүүлж, экспортын ашигт ажиллагааг бууруулна. Ургац хураалтад зардлыг нэмж улмаар гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэдэг.

Оросоос ирэх нийлүүлэлт эрсдэлд орвол Монгол Улс БНХАУ-аас, жишээ нь, Петрочайна-гийн Хөххотын үйлдвэрээс шатахуун импортлох хэмжээгээ яаралтай нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэвч Хятадаас түлш авахад төмөр замын царигийн зөрүүгээс шалтгаалж Замын-Үүд дээр шингэн ачааг юүлж шилжүүлэх ложистикийн хүндрэл, өндөр зардал гардаг сул талтай.

Омскийн үйлдвэр Киевийн дронд өртсөн нь Монголд шууд бензингүй болох хэмжээний сүйрэл биш гэлээ ч шатахууны үнэ нэмэгдэх, нийлүүлэлтийн хугацаа хойшлох зэрэг эдийн засгийн шууд дарамтуудыг үүсгэнэ. Энэхүү үйл явдал нь Дорноговьд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр яаралтай ашиглалтад оруулж, түлшний хараат бус байдлаа хангах шаардлага ямар чухал байгааг дахин сануулж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна