НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАО НИН: Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн зорилгодоо хэзээ ч хүрэхгүй
АНАЛИЗ

МАО НИН: Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн зорилгодоо хэзээ ч хүрэхгүй

7 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

www.fmprc.gov.cn (2026-10-14)

Хятад улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Ниний хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан асуулт хариултаас товчлон хүргэе. Японы тал Умард нутаг дэвсгэр, Оросын тал Өмнөд Курилын арлууд гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаанд Хятад улс олон жилийн турш "төвийг сахих" байр суурь баримталж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд, ялангуяа Орос-Украины дайнаас үүдэн Япон улс Барууны орнуудтай нэгдэж Москвад хатуу хориг тавьснаас хойш Бээжингийн байр суурь Оросын тал руу эрс хазайх болсон.

Хэвлэлийн төлөөлөгч Мао Ниний хэлсэн "Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүнг хүндэтгэх ёстой" гэх дипломат хэллэг нь шууд утгаараа Орос улс Дэлхийн II дайны үр дүнд эдгээр арлуудыг хууль ёсны дагуу өөрийн мэдэлд авсан гэх Москвагийн албан ёсны байр суурийг Хятад улс дэмжиж байгааг илэрхийлж буй хэрэг юм.

"Киодо Ньюс" агентлаг: Хятадын Хэйлунжиан мужийн төлөөлөгчид өчигдөр Японы Умард нутаг дэвсгэрт (Курилийн арлууд) зочилсон гэж Оросын талаас мэдээлсэн байна. Хятад улс үүнд ямар тайлбар өгөх вэ?

Мао Нин: Хэйлунжиан мужийн төлөөлөгчид саяхан тус мужтай ах дүүгийн харилцаатай Оросын Сахалин мужийн нийслэл Южно-Сахалинск хотод найрамдалт харилцааны хүрээнд зочилсон. Энэхүү айлчлалын үеэр хувийн хэвшлийн компаниудын явуулсан бизнесийн үйл ажиллагаанд би ямар нэгэн тайлбар өгөхгүй.

CGTN суваг: Хятадын импорт, экспортны 140 дүгээр үзэсгэлэн (Кантоны үзэсгэлэн) нээгдэх гэж байна. Мөн Хятадын олон улсын импортын 9 дүгээр экспо (CIIE) 11 дүгээр сарын 5-нд эхэлнэ. Саяхан Хятад улс “Хятад-АСЕАН-ы экспо” олон улсын худалдааны үзэсгэлэн, Дэлхийн дижитал худалдааны экспо зэргийг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнүүд нь дэлхийн бизнесүүдийн идэвхтэй оролцоог татаж, дэлхийн эдийн засаг, худалдаанд чухал түлхэц үзүүлж байна гэж хэвлэлүүд дүгнэжээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Мао Нин: Таны дурдсан эдгээр экспо, үзэсгэлэнгүүд нь Хятад улсын дэлхийн хамтын ажиллагаанд нээлттэй байх, дэлхий дахинд хөгжлийг дэмжих, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж буйг харуулах чухал цонх юм. Хятадын импорт, экспортны үзэсгэлэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд 32,000 орчим аж ахуйн нэгж оролцохоор байна. Үүнээс 11,000 гаруй нь шинэлэг, өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэх нарийн мэргэшсэн, дэвшилтэт технологи эзэмшсэн эсвэл тодорхой салбартаа тэргүүлэгч компаниуд байна. Энэ жилийн импортын экспо (CIIE) нь нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн талбайг үргэлжлүүлэн олгоно. Мөн Ази-Африкийн бүтээгдэхүүний тусгай бүсийг шинэчлэн өргөтгөх бөгөөд Хятад улстай дипломат харилцаатай Африкийн орнууд тэг тарифийн хөнгөлөлтөөр ашиглах боломжтой болно.  

Эдгээр экспогийн суурь хүчин зүйл нь өндөр түвшний нээлттэй бодлогыг тууштай урагшлуулж, хөгжлийн боломжуудыг дэлхий дахинтай хуваалцах гэсэн Хятад улсын шийдвэр зориг, хичээл зүтгэл юм.

"Ройтерс" агентлаг: Хятад, Хойд Солонгосыг холбосон Ялу голын шинэ гүүр маргаашнаас эхлэн нээгдэнэ гэж Синьхуа агентлаг өнөөдөр мэдээллээ. Хятад улс энэхүү хуурай замын холболтоос худалдааны эргэлт хэр хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож байна вэ? Мөн аялал жуулчлалын салбарт ямар хүлээлттэй байна вэ? Хойд Солонгосын зарим эх сурвалжуудад уг гүүрийг зөвхөн ачаа тээвэрт зориулж нээж байгаа гэж мэдээлсэн байна. Энэ үнэн үү?

Мао Нин: Хятад болон БНАСАУ-ын хооронд тохиролцсоны дагуу хоёр улсыг холбосон Ялу голын шинэ гүүр 10 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж байгаа бөгөөд маргааш нээлтийн хамтарсан ёслол болно. Хятад, БНАСАУ нь уул усаараа холбогдсон найрамдалт хөршүүд юм. Ялу голын шинэ гүүр нь хоёр улсын дэд бүтцийн холболтын чухал хэрэгсэл болж, хоёр орны эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын солилцоог улам хөнгөвчилж, хоёр орны ард түмний сайн сайхан аж амьдралд хувь нэмэр оруулах болно.

"АФП"  агентлаг: Хятадын төлөөлөгчид Оросын мэдэлд байгаа, Японы зүгээс өөрийн газар нутаг гэж үздэг тус арал дээр зочилсонтой холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд өнөөдөр хэлэхдээ гуравдагч орнууд эдгээр арлууд руу нэвтэрч, үйл ажиллагаа явуулахыг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Япон улс өчигдөр дипломат шугамаар дамжуулан Хятадын талд байр сууриа илэрхийлсэн гэв. Японы энэхүү мэдэгдэлд та ямар хариу өгөх вэ?

Мао Нин: Би Хэйлунжиан мужийн төлөөлөгчдийн айлчлалын талаарх мэдээллийг аль хэдийн хуваалцсан. Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүнг Хятад улс үргэлж хүндэтгэж, тууштай хамгаалах ёстой гэж үздэг.

"Ройтерс" агентлаг: Ялу голын шинэ гүүрний асуудлыг үргэлжлүүлэн тодруулъя. Маргааш болох нээлтийн ёслолын нарийн ширийн мэдээллийг өгч болох уу? Ёслол хэдэн цагт болох вэ, хэн оролцох хүлээлттэй байна вэ?

Мао Нин: Нээлтийн ёслолын талаарх мэдээллийг цаг тухайд нь шинэчлэн мэдээлэх болно. Мэдээллийг анхааралтай ажиглаж байхыг хүсье.

"АФП" агентлаг: Тайванийн эрх баригчид өнөөдөр АНУ-ын Аляска дахь хий дамжуулах хоолойн төсөлд $4.4 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдлээ. Энэхүү асар их хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээний талаар Гадаад хэргийн яамнаас ямар нэгэн байр суурь, тайлбар байна уу?

Мао Нин: Хятадын Тайвань бүс нутгийн гадаад харилцаа, солилцооны асуудлыг заавал Нэг Хятадын зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид худалдаа, хөрөнгө оруулалт нэрээр Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн зорилгодоо хэзээ ч хүрэхгүй.

Барууны хоригт орсон Орос улс эдийн засгийн хувьд Хятадаас улам хамааралтай болж байгаа. Хятадын Хэйлунжиан мужийн бизнес төлөөлөгчид Оросын хяналтад байгаа хамгийн том Этороф (Итуруп) аралд зочлон, хамтарсан төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн нь Хятад улс Японы эсэргүүцлийг үл тоон, тус бүс нутагт Оростой эдийн засгийн де-факто харилцаа тогтоож эхэлснийг баталж байна.

Барилгын ажил нь аль 2011 онд эхэлж, Хятадын тал өөрийн хэсгийг 2014 онд 350 сая ам.долларын өртөгтэйгөөр барьж дуусгасан ч Хойд Солонгосын талын дэд бүтэц бэлэн болоогүй шалтгаанаар даруй 12 жил гацаад байсан. 3 км урттай, 4 эгнээ бүхий тус аварга гүүр 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж байна.

Хятадын хилийн Дандун хотыг Хойд Солонгосын Синуйжу хоттой холбосноор хоёр улсын хуурай замын худалдааны гол гарц болно. Өмнөх 1940-өөд онд баригдсан хуучин "Хятад-Солонгосын найрамдлын гүүр" нь маш хуучирч муудсан тул шинэ гүүр ачаа тээвэр, логистикийг эрс хурдасгана.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэхүү гүүр нээгдсэнээр Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн үр нөлөөг сулруулах боломжтой. Учир нь тус улс Хятад руу гаргах түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортоо (2025 онд хоёр улсын худалдаа 2.74 тэрбум ам.долларт хүрсэн) болон Хятадаас авах хүнс, түлшний импортоо хяналтгүйгээр өргөжүүлэх боломжтой болж байна.

Саяхан Хойд Солонгос нь мөн Оростой шинэ гүүрээр холбогдсон. Ийнхүү Хятадтай шинэ аварга гүүрээр холбогдож байгаа нь Пхеньян олон улсаас тусгаарлагдсан байдлаа Орос, Хятад гэсэн хоёр аварга хөршийнхөө дэд бүтэц, эдийн засгийн тусламж дэмжлэгээр бүрэн нөхөж, эдийн засгаа сэргээх том боломж юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна