

Иргэний нийгмийн “Эмнести интернэшнл”, “Нээлттэй нийгэм форум”, “Хүний эрх хөгжил төв”, “OT Watch” хамтран Улаанбаатар хотноо хуралдаж буй СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд бодлогын үзэл баримтлалаа хүргүүлжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь харилцан уялдаатай дэлхийн хэмжээний хямрал болоод байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөгжилтэй уялдан литий, зэс, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Хэрэв эдгээр нь хүний эрх, байгаль орчны хамгаалалттай уялдахгүй бол цөлжилт, усны хомсдол, газрын доройтол, хүний эрхийн зөрчлийг улам даамжруулах эрсдэлийг дагуулж байна.
Иймээс UNCCD COP17 нь цөлжилтийн асуудлыг зөвхөн газрын доройтлын менежментийн асуудал гэж бус, шударга шилжилт, олборлох үйлдвэрлэл, хүний эрх, санхүүжилтийн бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатай байна.
Говь, цөлийн бүсэд олборлох үйлдвэрлэлийн дарамт нэмэгдэж байна.
Усны нөөц тэр дундаа гадаргын усны нөөц хомс тул хүн ам, мал аж ахуй болон үйлдвэрлэлийн хэрэгцээ гүний уснаас ихээхэн хамаардаг энэ эмзэг экосистемд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын олборлолт төвлөрч байна.
UNCCD, IPBES болон IUCN-ийн үнэлгээнүүд олборлох үйлдвэрлэл нь газрын доройтол, усны хэрэглээний өсөлт, биологийн олон янз байдлын хорогдолыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэйг анхааруулсаар байна.
Санхүүжилтийн тогтолцоо шударга бус хэвээр байна.
Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулсан орнууд хамгийн их хохирол амсахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, дасан зохицох санхүүжилтийг зээл хэлбэрээр авсаар байгаа нь өрийн дарамтыг бий болгож байна.
Олон улсын иргэний нийгмийн байгууллагууд уур амьсгалын болон байгаль орчны хямралын санхүүжилт нь шинэ өр бий болгох бус, хүний эрхэд суурилсан, шударга, буцалтгүй шинжтэй байхыг шаарддаг бол UNDP, UNCTAD болон Independent High-Level Expert Group on Climate Finance байгууллагууд ч хөгжиж буй орнуудад буцалтгүй болон хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Шударга шилжилт нь шинэ зөрчил үүсгэх ёсгүй.
Уур амьсгалын хямрал болон олборлох үйлдвэрлэлийн дарамт говь, цөлийн бүсэд давхардаж, орон нутгийн иргэдийн амьжиргаа, биологийн олон янз байдал, экосистем, соёл, нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийн оршин тогтнох үндэст заналхийлж байна. Тиймээс нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих явцдаа говь, цөлийн эко системийг хамгаалж, орон нутгийн хүн амын эрх, амьжиргааг хохироохгүй байх ёстой.
Бодлогын зөвлөмж
1. Төсвийн хөрөнгийг говь цөлийн бүсийн газрын доройтлыг нэмэгдүүлэх олборлох үйл ажиллагаанд зарцуулахгүй байх
-Говь, цөлийн бүсэд газрын доройтол, усны хомсдол, биологийн олон янз байдлыг хорогдуулах эрсдэлтэй олборлох төслүүдэд төсвийн хөрөнгө, хөгжлийн санхүүжилт олгохгүй байх бодлого хэрэгжүүлэх.
-Төрийн дэмжлэгийг газар, ус зэрэг эко системийг сэргээн хамгаалахад чиглүүлж тогтвортой амьжиргааг дэмжих, ингэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг ашиглаж, орон нутгийн иргэдээр хэрэгжүүлэх.
2. Цөлжилттэй тэмцэх санхүүжилт нь өрийн дарамт үүсгэхгүй
-Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын хохирлыг бууруулах санхүүжилтийг зээлээр бус буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй эх үүсвэр зэрэг шударга санхүүжилтийн хэлбэрээр нэмэгдүүлэх.
-Гарз, хохирлын сан болон бусад олон улсын санхүүгийн механизмуудыг орон нутгийн иргэд, эмзэг бүлгүүдэд хүртээмжтэй болгох.
3. Цөлжилтөд нөлөөлж буй аливаа бизнесийн үйл ажиллагаа, санхүүжилтэд хүний эрхийн магадлан шинжилгээ заавал хийхийг баталгаажуулах
-Уул уурхайн компани, банк, экспортын зээлийн агентлаг, хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн санхүүгийн байгууллагууд олгож буй санхүүжилтийнхээ хүний эрхийн эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, бууруулах, засварлах үүрэгтэй байх бөгөөд энэхүү шаардлагыг хууль тогтоомж болон бодлогын зохицуулалтаар баталгаажуулах.
4. Чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалтын төлөө үндэсний хууль тогтоомж, засаглалын стандартыг сулруулахгүй байх
-Байгаль орчны үнэлгээ, усны нөөцийн хамгаалалт, орон нутгийн иргэдийн оролцоо, хүний эрхийн стандартыг хөрөнгө оруулалт татах нэрийн дор сулруулахгүй байх.
-Шилжилтийн ашигт малтмалын бодлого нь хүний эрх, байгаль орчны хамгаалалт болон шударга шилжилтийн зарчимд суурилсан байх ёстой.
5. UNCCD, IUCN-ийн говь цөлийн бүс дэх олборлох үйл ажиллагааны удирдамжийг газрын доройтлыг тэглэх PRAIS системээр тайлагнаж, хянадаг болгох
-IUCN-ийн “Extractive Industries in Arid and Semi-Arid Zones” удирдамжийг UNCCD-ийн PRAIS тайлагналын системийн Газрын доройтлыг тэглэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тайлагнадаг болгох.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.