

Украин Орос харилцан дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж буй энэ үед Пүрэв гаригт Оросын "Яндекс" компани халдлагад өртсөний улмаас гол дата төвүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
CNBC (2026-10-08)
Дроны халдлагын улмаас Оросын баруун хэсгийн Рязань мужийн Сасово дахь дата төвд гал гарч, компанийн зарим хэсэг өртжээ. Тиймээс тус дата төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон бөгөөд хэрэглэгчдэд "Яндекс"-ийн зарим үйлчилгээ ажиллахгүй эсвэл сааталтай байж болзошгүйг CNBC сувагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
"Хүний амь эрсдээгүй, аврах болон онцгой байдлын багаас хохирлыг арилгахаар ажиллаж байна" гэж "Яндекс" мэдэгджээ.
Москвад төвтэй "Яндекс" нь "Оросын Гугл" хэв маягтай бөгөөд тус улсын хамгийн өргөн хэрэглэгддэг хайлтын систем юм. Мөн бүс нутагтаа тэргүүлэгч "YandexGPT" хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлжээ.
Украины тал уг халдлагын хариуцлагыг албан ёсоор хүлээгээгүй ч сүүлийн саруудад Оросын нефть боловсруулах үйлдвэр зэрэг эрчим хүчний болон бусад дэд бүтцэд чиглэсэн агаарын цохилтоо эрс нэмэгдүүлээд байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский эдгээр нефтийн үйлдвэрүүдийг "дайн болон Украинчуудыг хөнөөх ажиллагааг санхүүжүүлэх хэрэгсэл" гэж нэрлэжээ.
Түүнчлэн Украин улс Оросын иргэдийн өдөр тутмын хэрэглээний дэд бүтцийн чухал хэсэг болох онлайн худалдааны "Wildberries" рүү хийх халдлагаа ч идэвхжүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт В.Зеленский Оросын тал Киев болон бусад хотуудын оршин суугчдыг эсрэг хийж буй шинэ агаарын дайралтын эсрэг Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү хийх хариу цохилтоо хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Оросын тал Украины эрчим хүчний сүлжээнд үргэлжлүүлэн цохилт өгч байгаагийн улмаас пүрэв гаригт нийслэл Киев хотод цахилгааны хязгаарлалт хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос улс Киев болон бусад томоохон хотуудын гол байгууламжуудад цохилт өгсөн бөгөөд энэ нь өвлийн улирал эхлэхийн өмнө Украины эрчим хүчний бүтцийг сулруулж, иргэдийн дулаан болон амин судал болсон бусад үйлчилгээг тасалдуулах зорилготой юм.
Үүний хариуд Украин улс Оросын түлш, эрчим хүчний байгууламжуудад цохилт өгч эхэлсэн бөгөөд Зеленский 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд анхааруулж, хэрэв талууд эрчим хүчний байгууламжуудыг харвахгүй байх тал дээр хэлэлцээрт хүрэхгүй бол Киев ч мөн Оросийн өвлийг хүнд байдалд хүргэнэ гэдгийг мэдэгдсэн.
"Энэ өвөл бидний хувьд маш хүнд байх болно гэдгийг Украинчууд ойлгож байна. Гэвч хариуд нь бидэнд Орост ч бас өвлийг хүнд болгохоос өөр сонголт үлдэхгүй" гэж Зеленский 9-р сарын 23-нд хэлсэн байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.