НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Занданшатарын ШАГ МАД!
АНАЛИЗ|Улс төр

Г.Занданшатарын ШАГ МАД!

2025 оны 11-р сарын 13
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Шатарт сул, зорилгогүй нүүдэл хожигдол, хоёр нүүдэл харсан шийдэмгий тоглолт хожил авчирдаг. Улс төрд мөн адил стратегийн нүүдэл түрүүлж хийсэн нь, хоёр нүүдлийн цаадахыг харсан нь ялалт байгуулдаг.

Шатрын онолд тоглолтыг эхэн /дебют/, дунд /миттельшпиль/, төгсгөл /эндшпиль/ гэж гурван үед хуваадаг.

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын зодооныг шатраар тайлбарлах юм бол эндшпиль үе рүүгээ шилжжээ. Дебют үедээ Д.Амарбаясгалан тоглолтыг гартаа атгасан мэт байв. Намын даргад өрсөлдөхөө зарлахдаа тэр өөртөө итгэлтэй мэт харагдахуйц, нөгөө талдаа өрсөлдөгчөө парламентаар барьцаалах маягтай мэдэгдэл хийж байв. Үндсэндээ, тэрбээр “Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Энэний төлөө улс төрийн нам бүр, үе үеийн парламент зорьж, ажиллаж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан парламентынхаа тогтолцоог улам бүр баталгаажуулж дархлаажуулж явах учиртай. Хуулийн доор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид цогцлоон хөгжүүлэх ёстой. Тиймээс би 100 жилийн түүхтэй МАН-ын даргад нэр дэвшинэ” гэдгээ Төрийн ордон дотроос зарласан.

Харин Г.Занданшатарын хувьд намын Бага хурлаасаа хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргын сунгаанд нэр дэвшихээ зарласан нь шатраар бол хожил багатай харагдаж байлаа.

Д.Амарбаясгалангийн хувьд найман жил МАН-ын Ерөнхий нарын бичгийн даргаар ажилласан, намдаа тамга атгасан даргаас ч илүү эрх мэдэлтэй явж ирсэн. Ямар сайндаа л анд нөхөр Л.Оюун-Эрдэнэ нь Д.Амарбаясгалангаа дарж авахын тулд “Админерал”-ын хэргийг нь АТГ-т боолгуулчихаад анаад сууж байсан. Үүний цаад шалтгаан нь МАН-ын дараагийн даргад өрсөлдөх хамгийн том дайсан гэж тооцсонтой нь холбоотой юм.

Есдүгээр сард хуралдсан МАН-ын Бага хурлаас Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нь ч гишүүдийнхээ гуравны хоёрын саналыг авч чадаагүй. Тиймээс МАН-ын дүрэм ёсоор Их хурлаараа энэ асуудлаа хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байтал Д.Амарбаясгалан булхайцсанаар МАН-ын хэрүүл Монголын том зовлон болж хувирсан юм. Эрх барьж буй намын дарга хэн болохоос улс орны хөгжлийн бодлого, иргэдийн амьдралын ашиг орлого шууд хамаардаг.

Цагаан талын тоглогч Г.Занданшатарын хувьд хулгай луйвар багатай, хар талын тоглогч Д.Амарбаясгалангийн хамгийн том тээг нь Бор тээг болсон. Бор тээгийн орд дээр үйл ажиллагаа эрхлэх тендерт хууль бусаар ялсан “Админерал”-ийн цаад эзэн нь Д.Амарбаясгалан гэх баримтуудыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэж, улмаар түүнийг Хууль зүйн сайдаар томилох Г.Занданшатарын мэдэгдэл парламент, Засгмйн газар хоорондын дайныг улам хурцатгаж, МАН-ын 65-ын бүлэгт 30 ба 35 гэх хуваагдал үүссэн юм.

МАН-ын 30 бүлгээс Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, үүнийг нь бусад намын 27 гишүүн дэмжсэнээр Засгийн газрын хувь заяа Х.Булгантуяагийн гарт очив. Нөгөө талдаа МАН-ын 35-ын бүлгээс нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах санаачилгыг АН-ын 30 хүн, бусад намын хоёр хүн дэмжсэнээр тэрбээр дефакто огцорсон.

Гэвчиг шатраар бол Д.Амарбаясгалан хоёронтаа булхайцаж, өөрийн хүсэлтээр УИХ-аас чөлөөлөгдөх явцдаа Г.Занданшатарт мад тавих мэхэндээ Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг ашигласан нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж гэж Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлт гарсан. Үндсэн хууль зөрчин, төрийн эргэлт хийсэн гэх асуудлаараа Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар эгүүлэн татагдах нөхцөл ч үүссэн. Энэ бол шатраар бол миттельшпиль үе юм. Товчхондоо, энэ үеэс Г.Занданшатарын нүүдэл оновчтой, хар тал хожигдох нь тодорхой болж эхэлсэн.

Г.Занданшатар хар талын тоглогч руу сөрөг, хүчтэй довтолгоо хийхэд Хууль зүйн сайд Б.Энхбаярын баримтууд ч багагүй нөлөөлсөн. Г.Занданшатарын багийн гол тоглогч бол Б.Энхбаяр, бусдад барьцаалагдах хулгай, луйврын намтаргүй нь түүний давуу тал ч болсон биз.

“Эндшпиль” буюу төгсгөл үе. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тоглоомын эцсийн шат нь Их хурал байлаа.

Шатар, улс төр хоёр адилхан дүрэмтэй. Хоёр нүүдэл давж харсан нь хождог. Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ зарласан нь Д.Амарбаясгаланг шагласан. Улмаар Б.Энхбаяраар шинэ баримтуудыг дэлгүүлсэн нүүрсний мөнгөөр хөлжсөн Монголын хамгийн баян, бяртай мафид мад тавьсан нүүдэл байлаа.

Өргийн төгсгөлд хүү, ноёны үүрэг эрс нэмэгддэг. Төгсгөлийн тоглоомын гол зорилго бол хүүгээ бэрс гаргах явдал. Шинэ бэрс хэн бэ?! Гэдэг нь МАН-ын цагаан байранд удахгүй тодрох биз.

Хамгийн гол нь шатар тоглоод дуусахад ноён хүү хоёр нэг хайрцагт орж болох ч улстөрчид нэг хайрцагт орвол улс оронд хохиролтой. Хувь улстөрчийн хожил эргээд хожигдол авчрах нигуртай.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Vatican News

Aug 30, 2026

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ