НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гологдсон Панчийн нэг жилийн амьдрал
АНАЛИЗ

Гологдсон Панчийн нэг жилийн амьдрал

2026 оны 7-р сарын 15
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Японы Чиба мужийн Ичикава хотын амьтны хүрээлэнд 2025 оны 7-р сарын 26-ны өдөр төрсөн Панч (Punch) нэртэй бяцхан макака (цасны сармагчин) өдгөө дэлхий дахины хайрыг татсан цахим од болоод байна. Төрөхөд нь эх нь голж орхисон тул амьтны хүрээлэнгийн ажилчид түүнд эхийг нь орлуулах IKEA-гийн орангутанг сармагчны чихмэл тоглоомыг өгч, гар дээрээ өсгөсөн юм. Түүний амьдралын хамгийн эгзэгтэй бөгөөд сонирхолтой үе болох 6 сартайгаас 1 нас хүртэлх хөгжил, дасан зохицох үйл явцыг тоймлон хүргэж байна.

2026 оны 1-р сард Панчийг 6 сар хүрэх үед нь амьтны хүрээлэнгийн хамт олон түүнийг "Сармагчны уул" нэртэй үндсэн сүрэгт нь буцааж нийлүүлэхээр шийджээ. Эхийн хайрыг амсаагүй Панч сүргийнхээ хатуу дэг, дүрэмд дасах гэж маш их зүдэрсэн юм. Тэрбээр бусад том сармагчинд хөөгдөж, гадуурхагдах болгондоо өнөөх хайртай улаан орангутангаа тас тэврэн, булан тохойд суудаг байв. 2-р сард амьтны хүрээлэнгээс энэхүү дүрсийг цахим сүлжээнд тавьснаар Панч дэлхий даяар сая хүний сэтгэлийг хөдөлгөж, вирус шиг тархсан од болсон юм.

Хаврын урин дулаан цаг ирэхэд буюу 2026 оны 4, 5-р сард Панчийн биеэ авч явах байдалд том ахиц гарч эхлэв. "Майничи" сонинд мэдээлснээр тэрбээр өнөөх чихмэл тоглоомоо барих нь улам цөөрч, сүргийнхээ бусад залуу сармагчинтай хөөцөлдөн тоглож, бие биенийхээ үсийг зулгааж сурчээ.

Хамгийн гайхалтай нь сүргийн Онсинг хэмээх настай сармагчин Панчийг өөрийн хамгаалалтад авч, түүнийг асарч эхэлсэн байна. Мөн энэ үеэр сүрэгт шинээр өөр нэгэн монш төрснөөр Панч "ах" болж, сэтгэл зүйн хувьд илүү бие даасан байдалтай болжээ.

Панчийн нэр хүнд өсөхийн хэрээр амьтны хүрээлэнг зорих жуулчдын цуваа 2 дахин нэмэгдсэн байна. Гэвч энэ нь түүнд шинэ сорилтуудыг авчирсан юм. 2026 оны 5-р сард сошиал медиад бичлэг хийх гэсэн жуулчид хашаа руу нь нэвтэрсэн хэрэг гарсан бөгөөд 6-р сард хэн нэгэн түүн рүү лазер гэрэл тусгаж дарамт учруулжээ. Үүнээс үүдэн амьтны хүрээлэнгийн зүгээс Панчид тайван амрах, хооллох хувийн backyard буюу тусгаарлах бүсийг гаргаж өгсөн байна.

Тус хотоос 3-р сард Панчид туслах хандив цуглуулах удирдамжийг гаргасан бөгөөд 5-р сарын 24-ний байдлаар 43 сая иений (бараг 1 тэрбум төгрөг) хандив цуглаад байв. Хот анх хандив цуглуулах аяныг 5-р сард дуусгахаар төлөвлөж байсан ч уг санаачилгыг үргэлжлүүлэх хүсэлт их ирсэн тул хандивын аяныг 12-р сарын 31-нийг хүртэл сунгажээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтан 2026 оны 7-р сарын 3-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү хандивын мөнгөөр хийх амьтны хүрээлэнг тохижуулж сайжруулна хэмээн мэдээллээ. Панч болон бусад сармагчны амьдардаг "Сармагчны уул" (Monkey Mountain) хэсэгт нарны хаалт болон хөрсөн талбайг шинээр суурилуулах аж. Мөн сармагчингуудын амардаг арын байрыг өргөтгөж, агааржуулагч суурилуулахаар болжээ. Хотын захиргаанаас энэ зундаа багтаан агааржуулагчийг тавихаар төлөвлөж байна.

Энэ 7-р сарын 26-нд Панч 1 нас хүрнэ. Одоо тэр бүрэн бие дааж, хоолоо өөрөө идэж, чихмэл тоглоомоосоо бараг салсан байна. Ичикава хотын амьтны хүрээлэн түүний 1 насны төрсөн өдөрт зориулж 7-р сарын 22-ноос 8-р сарын 9-ний хооронд фенүүдийнх нь ирүүлсэн захидал, гар зургуудыг дэлгэх тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Эхдээ хаягдсан бяцхан моншоос сүргийнхээ дунд байр сууриа олж чадсан хүчирхэг сармагчин болох хүртэлх Панчийн энэ 1 жилийн аялал бол амьд амьтны тэсвэр тэвчээр, дасан зохицох чадварын гайхалтай жишээ юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Al Jazeera (2026-08-25)

Aug 25, 2026

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл

Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл