2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа “Шинэ хоршоо” төсөл санаачилж, олон тэрбумын зээл малчдад олгосон. Гэвчиг, энэ төсөл хөдөө аж ахуйн салбарт эерэг үр дүн авчирсангүй. Эсрэгээрээ эдийн засагт инфляцын өсөлт, банкуудын чанаргүй зээл болж хувирсан. Малчдын саналыг авах ганц л зорилготой уг “авлигын төсөл”-ийн хүрээнд Монголбанк 860 тэрбум төгрөг үйлдвэрлэж, тарааснаас ердөө 4.6 хувь буюу 39.7 тэрбум төгрөг л эргүүлэн төлөгдсөн байна. Бусад нь мотоцикл, приус, гэр, морь, найр хуримын зардалд явав.
Монголын эдийн засагт хөдөө аж ахуйгаас үзүүлэх жин бага. ДНБ-ийн 12 орчим хувийг эзэлдэг. Үндсэндээ, Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа, монголчуудыг тэжээдэг ганц салбар бол уул уурхай. Топ таван татвар төлөгчдийн дөрөв нь уул уурхайн компани байдаг.
ДНБ-ий 30%, аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна.
Хоржоонтой нь, монголчууд гадна, дотны улстөрчдийн хорлолд өртөх нь ч амархан, үг-үйлдэлд нь итгэх нь ч амархан. Иймдээ л монголчууд алт сандайлсан гуйлгачид яваа.
Л.Оюун-Эрдэнийн засгийн үед уул уурхайнхныг харлуулах, тэр тусмаа Ж.Оджаргалаас Ухаа худагийг нь булаах зорилготой бодож олсон херопаганда нь: Баялаг ашиглагч гэх үг. Баялгийн хараалд нэрвэгдсэн монголчуудыг “баялаг ашиглагч” гэх үгээр хуурах амархан гэж тооцсон ч байх. Тэр утгаар Ж.Батзанданг улаан хувьсгалч Доржийн хойд дүрээр тодруулсан ч биз. Өнөөх нь дүрдээ ч сайн орсон, феодал Ж.Оджаргал, П.Цагаан, Б.Нямтайшир нарын хөрөнгийг хураахаар шийдчихсэн ч байсан. Аз болж Л.Оюун-Эрдэнэ огцорсноор үндэсний хөрөнгө оруулагчид өнөөдөр нуруу нь жаахан тэнийж байх шиг. Өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ үндэсний хөрөнгө оруулагчдын нурууг авах шахсан нь гашуун сургамж.
Юутай ч, Н.Учрал МАН-ын тамга, парламентын алх авахдаа амалсан гол амлалт нь:
Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэх, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон, эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг батална.
Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.
Бид хариуцлагатай хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.
Түүний үндэсний хөрөнгө оруулагчдыг өмгөөлсөн үг нь “Хөрөнгө оруулалт бол зөвхөн хөрөнгө мөнгө биш. Хөрөнгө оруулагчид харийн дайсан биш. Хөрөнгө оруулалт бол дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар юм. Том компаниуд экспортын суурийг бүрдүүлж, татварын орлогыг нэмэгдүүлж, олон мянган ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийж ирсэн нь Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр”.
Энэ нь, Г.Занданшатар, Н.Учрал хоёр Л.Оюун-Эрдэнийн бодлогын эсрэг явна гэсэн үг.
Уул уурхайд харшилтай гишүүд УИХ-д цөөнгүй бий. Ховдын Э.Болормаагаас эхлээд Хөвсгөлийн Ц.Даваасүрэн, “Баянгол”-ын хаан Женко.Баттулга, Бэрхийн Л.Оюун-Эрдэнэ, олноо хиншүү гэгдсэн С.Ганбаатар, Өвөрхангайн өмгөөлөгч О.Алтангэрэл гээд урт жагсаалт гарна. Тэд уул уурхайнханд дургүй, гэхдээ уул уурхайгаас “хооллодог”. Женко.Баттулга камерын өмнө уул уурхайг үзнэ. Атал хятадуудтай хамтраад Төгрөг нуурыг зарчихсан. Төрийн ордныг түйвээсэн иргэн Сак Сараагаас Э.Болормаа ялгарах юм үнэндээ алга. Ямар эрүүл хүн газрын ховор элементээ ашиглаж хэрэггүй гэж чуулганы танхимд яриад суух билээ.
Ц.Даваасүрэн, С.Ганбаатар хоёрын хувьд Монгол төрийн гай гамшиг, эдийн засгийн дайсан гэхэд буруудахгүй. Тэднийг төрд байхад Монгол дайснаар яах вэ. Тэд уул уурхай, эрчим хүчний бүх төслийг эсэргүүцдэг. Атал унасан машин, барьсан утас нь уул уурхайн ашиг тус гэдгийг мэддэггүй.
Уул уурхайнхны төлсөн татвараар Ц.Даваасүрэнгийн охин АНУ-д суралцсан. Юу үнэн гэвэл энэ үнэн. Босоо хэвтээ хөхдөг, хөхөө, хэрээнүүд, улс төрийн тролл намын дарга нар бол уул уурхайгаас төрсөн шантаажны тэрбумнууд болсон. Бас л юу үнэн гэвэл энэ үнээн. Ийм л хүмүүсийг Л.Оюун-Эрдэнэ турхирдаг байсан нь илчлэгдсэн. Ураныг эсэргүүцэгчид Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж талбай дээр жагссан нь саяхны л үйл явдал.
Газрын дор баялаг байдаггүй, шороо л байдаг. Шороог баялаг болгодог хүмүүсийг баялаг бүтээгч гэдэг! Харин баялаг ашиглагч гэдэг нь Женко.Баттулга шиг орд газрыг нь зарчихдаг, Тавантолгойгоос нүүрс хулгайлдаг мафийг л хэлдэг юм.

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4