2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Өрөө дарж, дансаа нээлгээгүй ч оны сүүлийн өдөр оргилуун дарсаа буудуулж, ирж буй оноо бид өөдрөгөөр төсөөлдөг.
2025 оны сүүлийн 12-р сард хамгийн завгүй ажилласан хүмүүс нь татварын албаныхан байлаа. Татварынхны 12-р сарын ажил хоёр чиглэлд төвлөрлөө. Нэгд, тасраад байгаа төсвийн орлогыг нөхөхийн тулд татварын ямар нэг өртэй ААН-үүдийн дансыг хаан, орсон орлогыг өрөндөө шууд суутгах авах чиглэлд нэг хэсэг нь төвлөрсөн бол нөгөө нь татварын өргүй компаниудад татварын шалгалт оруулж, чадах хэмжээгээр зөрчил илрүүлэн өндөр торгууль ногдуулах чиглэл байлаа. Аль аль нь хоосонгүй үлдэх хувилбар бөгөөд эцсийн дүндээ улсын төсвийн татварын орлого биелэх учиртай.
Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарангийн 12-р сарын 11-нд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ тус албаны 2025 оны орлогын төлөвлөгөө 700 орчим тэрбум төгрөгөөр тасалдахаар байна гэсэн. Үүний өмнөх өдөр нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их наяд 968.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.5% буюу 2 их наяд 277.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөөр байна гэсэн.
Нэг үгээр хэлбэл, 2025 онд бага олж, олсоноосоо илүүг зарсан гэсэн үг. Сангийн сайд ч, Татварын ерөнхий газрын дарга ч орлогын төлөвлөгөөний тасалдлын гол шалтгаан нь манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасантай холбоотой хэмээжээ. Жил болгоны төсөв батлах үед экспортын гол бүтээгдэхүүний үнийг таамгаас өндрөөр тавьж, тэр дүндээ зарлагаа шингээдэг өөрсдийгөө хуурсан арга хэрэглэдэг нь зуршил болсон. Эрдсийн бүтээгдэхүүний үнэ савлагаатай байдаг, дээрээс Монголын эрдсийн бүтээгдэхүүний худалдан авагч нь ганцхан урд хөрш учраас төсөв батлах үеийн сайхан тоо бодит биш гэдгийг бүгд мэддэг, яг л дүлийдээ найдаж унгаран гэдэг шиг.
Төсвийн орлогын тасалдлын шалтгаан нөгөө л муу нэртэй нүүрс бол орлогын бүрдүүлэлтээ ярихаар бас л нөгөө муу нүүрс байдаг парадокс энэ жил хэвээр хадгалагдлаа. Нүүрс, зэс байгаагүй бол яаж амьдрах улс юм бол гэж халагламаар. Бидний аз түшиж зэсийн үнэ цойлоогүй бол энэ байтугай алдагдалтай төсөвтэйгөөр оныг үдэх байлаа.
Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн хамаарлыг бууруулах, эрдсийн бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэгч улс болох, гадаадын хөрөнгө оруулалт татах гээд 30 жил ярьсан зүйлээ 2025 онд ч ярьсаар дуусгаж байна.
“Нүүрсний экспортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын мөнгөн дүн 2 дахин буурч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өмнөх оны мөн үеэс 1 их наяд 683.3 тэрбум төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 614.9 тэрбум төгрөгөөр тус тус буурч, 9 их наяд 395.2 тэрбум төгрөгт хүрэх хүлээлттэй байна. Нийт импортын дүн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тодотголд тусгагдсан дүнгээс 10.4 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар буурлаа. Импорт ийнхүү багаснаас гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлого батлагдсан дүнгээс 1.2 их наяд төгрөгөөр буурч, 6.6 их наяд төгрөгт хүрэхээр байна".
Сангийн сайд Б.Жавхлан 2025.12.10
“Өнөөдрийн байдлаар 265 мянга орчим татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэйгээс ААН-ийн 26% буюу 72 мянга орчим нь татвар төлөгч төрийн албанд их бага хэмжээгээр өртэй байна. Эдгээр татвар төлөгчийн татварын өр нийт өрийн хэмжээ 6.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мянга орчим аж ахуйн нэгжийн өр 2 их наяд төгрөг бөгөөд бүх өрийн 30 орчим хувийг эзэлж байна”.
Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран 2025.12.11
11-р сарын байдлаар таны цалин 8.2%-иар үнэгүйдсэн
2025 оны 11-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар тус тус өссөн.
2025 оны 11-р сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11-р сард 7.4 хувь байсан бол 2025 оны 11-р сард 8.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар нэмэгдсэн.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар (26.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар (51.6%) тус тус өссөн нь нөлөөлсөн.
Инфляцын түвшин 2025 оны 11-р сард улсын хэмжээнд 8.2 хувь гарсны 3.1 (38.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.0 (12.5%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан.
2026?
Бараан тоонууд ирэх онд өөрчлөгдөж чадах болов уу, он гараад энэ тухай уншицгаая. Өрөө дарж амжаагүй ч, дансаа нээлгээгүй ч, орлогынхоо зарим хэсгийг инфляцид идүүлсэн ч улирч буй оны сүүлийн өдөр оргилуун дарсаа буудуулж ирж буй оноо бид өөдрөгөөр төсөөлдөг. Танд шинэ оны мэнд хүргэе.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16