

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.
Энэхүү дээд түвшний парламентын форум нь гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.
Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр бид "Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал" сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.
Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.
Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.
Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн "Үр дүнгийн платформ"-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.
Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.
Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.
Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Эрхэм хүндэт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад аа,
Эрхэм хууль тогтоогчид, олон улсын хүндэт зочид оо,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэн манай Монгол орны тал нутагт нисэн ирэхдээ хаяа хязгааргүй үргэлжлэх уудам орон зайг олж харсан байх. Тэр уудам тал бол хүн төрөлхтний ирээдүйн хүнс, ус, уур амьсгалын тэнцвэрийн салшгүй нэг хэсэг юм.
Бид нэгэн тэнгэрийн дор амьдарч, нэг агаараар амьсгалж, нэг дэлхий дээр аж төрж байна.
Байгаль дэлхий, уур амьсгалд хил хязгаар үгүй.
Бидний өвөг дээдэс байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах гүн ухааныг мянга мянган жил тээж ирсэн.
Түүх сөхвөл, Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын Их засаг хуулинд ус гол, булгийн эхийг бохирдуулахыг чанд хатуу цаазлан хориглож, дархлан хамгаалж байсан түүхтэй.
Өвөг дээдсийнхээ энэхүү байгаль хамгаалах өв уламжлалыг үргэлжлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Монгол орон даяар амжилттай өрнөж, одоогоор 150 гаруй сая мод тариад байна.
Энэ бол ганц Монголынхоо байгаль орчныг бус, эх дэлхийгээ цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахад оруулж буй бидний бодит хувь нэмэр юм.
Тиймээс энэхүү индэр бол зөвхөн монголчуудын дуу хоолой бус, эх дэлхийгээ хойч үедээ бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх хариуцлагаа ухамсарласан дэлхийн бүх ард түмний нэгдмэл хүсэл зоригийн индэр байх болно.
Юуны түрүүнд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй дээд түвшний парламентын форумд оролцохоор дэлхийн олон орноос нарлаг Монгол оронд маань хүрэлцэн ирсэн эрхэм парламентын гишүүд Та бүхэнд Монголын ард түмэн, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр юм.
Өнөөдөр бид "Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал" сэдвийн дор чуулж байна. Энэ бол ердийн нэг уулзалт бус, харин цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм.
Дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж байгаа нь нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын гүн хямралын дохио болж байна. Монгол Улсын хувьд ч нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртөж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэн, цэвдгийн тархалт 33 хувиар багаслаа. Уур амьсгалын энэхүү өөрчлөлт, газрын доройтол нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш. Энэ бол хүн төрөлхтөний хоол хүнс, амьдрах орчны аюулгүй байдалтай хамаатай асуудал. Эх болсон байгаль дэлхийн ирээдүйн дүр төрх, хүн төрөлхтөний орших уу, эс орших уу гэдэгтэй хүйн холбоотой хамгийн эмзэг сэдэв.
Эрхэм хууль тогтоогчид оо,
Шинжлэх ухаан бидэнд хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлсэнийг сануулж, цаг үе биднээс дорвитой шийдэл, бодит үйлдэл хүлээж байна.
Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл 1 тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилт тавьж, үүнд жилд 355 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ч өнөөдөр ердөө 77 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй үзүүлэлт.
Газрыг хамгаалах хөрөнгө оруулалт бол үрэлгэн зардал бус, ирээдүйн эрсдэлийг бууруулах стратегийн хамгаалалт гэдгийг бид гүнээ ухамсарлах цаг иржээ.
Тиймээс Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогоо Үндэсний баялгийн сангаар дамжуулан ногоон хөгжлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг экологийн тэнцвэртэй хослуулах хамгийн оновчтой, зөв шийдэл, зөв үйлдэл гэж үзэж байна.
Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн ба байгалийг хамгаалж, парламентын хяналт бүр зүгээр нэг тайлан сонсоод өнгөрөх бус харин бодит үр дүн нэхдэг байхад чиглэх ёстой.
Энэ ч утгаараа бидний батлах шийдвэр цаасан дээрх хоосон тунхаг бус, амьдралд хэрэгжих амьд хүч байх учиртайг дэлхийн хууль тогтоогч Та бүхэндээ онцлон уриалж байна!
Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ ой, ус, хөдөө аж ахуйн талаарх хуулиудыг цогцоор нь шинэчилж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, харин бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байна.
Бид хэлсэн үгэндээ эзэн, амласан амлалтаа хэрэгжүүлэгч байхыг чин сэтгэлээсээ эрмэлзэж байна.
Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 30 хувьд хүргэх үндэсний томоохон зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол айл өрх бүр нарны илч гэрлээр эрчим хүчний хэрэглээгээ хангаж, ногоон эрчим хүч үйлдвэрлэгч, эх дэлхийдээ ээлтэй айл байх зорилт тавин ажиллаж байна.
утаагүй эрчим хүч, утааргүй цэнгэг агаар бол бидний ногоон шилжилт хийх манлайллын бодит үр дүн байх болно.
Сум болгонд талын цэнхэр нүд болсон нуур, хөв цөөрөм байгуулж, цөлжиж буй газар нутгаа баянбүрд болгохын төлөө хамтдаа бодит ажил өрнүүлэхийг энэхүү хүндтэй индэр дээрээс уриалж байна.
Амлалтаас үйл хэрэгт чиглэсэн эдгээр зорилтыг эдийн засаг, нийгмийн хөрсөнд буулгах эрх зүйн цогц шинэчлэлийг Монгол Улсын парламент бүс нутагтаа манлайлан хэрэгжүүлэх болно!
Мөн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байна.
Ингэснээр бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, “Амлалтаас үйл хэрэгт” шилжих манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байгаа юм.
НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан энэ үед Монгол Улс санаачлан “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэвшүүлж байна.
Бэлчээрийн тогтвортой менежментийг санхүүжилттэй уялдуулах энэхүү хөтөлбөр нь зөвхөн Монголын бус, хуурай бүс нутгийн улс орнуудын парламентын хамтын бодлогын чиг баримжаа болох ёстой.
Энэ удаагийн форумаар бид “Парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал”-ыг батлан гаргах бөгөөд энэ нь улс орнуудын хууль тогтоогчдын бодит ажилдаа хэрэгжүүлэх хамтын замын зураг болох учиртай.
Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент.
Парламент жинхэнэ утгаараа олон нийтийн индэр байж, тэдний дуу хоолойг шийдвэртээ тусгах нь хамгийн зөв шийдэлд хүрэхэд чухал тустай.
Тиймээс хууль тогтоогчид бид иргэний нийгэм, орон нутгийн иргэд, малчдын дуу хоолойг хамгийн түрүүнд сонсож байж энэхүү замын зураг амьдралд бодитоор хэрэгжих болно.
Хүмүүсийн амьдралын туршлага, үг санал, түүнд тулгуурласан оновчтой шийдэл л тогтвортой хөгжлийн жинхэнэ үндэс болдог.
Тиймээс Монгол Улсын Их Хурал иргэдийнхээ хяналт, оролцоог бүрэн хангасан “Нээлттэй парламент” шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг Та бүхэндээ уриалж байна. Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие энэхүү санаачилга, уриалгыг ирэх 10 дугаар сард болох Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн чуулганы индэр дээрээс дэлхийн хууль тогтоогчдод дахин тунхаглах болно.
Эрхэм нөхөд өө,
Ирээдүйд үр хойч маань “Газар дэлхий маань ингэтлээ доройтож байгааг мэдсээр байж та нар чухам яг юу хийсэн юм бэ?” гэж биднээс асуух болно. Цөлжилт бол зөвхөн байгалийн гамшиг биш, бидний хариуцлагагүйн төлөөс юм.
Гэхдээ улс төрийн хүчтэй манлайлал байхад бид алдаагаа засаж, доройтсон газрыг сэргээн ногоон ирээдүйг цогцлоож чадна гэдгийг энэхүү уудам тал нутгаас дэлхий нийтэд батлан харуулцгаая!
Улаанбаатараас цуурайтах парламентын нэгдмэл дуу хоолой, амлалтыг бодит үйл хэрэг болгож чадна гэдэгт итгэл төгс байна.
Хүн төрөлхтөний зүрх, тархинд эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах нинжин сэтгэлийн үрийг тарьж, эх байгалиа сэргээж итгэл найдвараа бадраая.
“Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний чуулга уулзалт нээснийг мэдэгдье.
Та бүхэнд, форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.