2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадамд оролцсон оюутнуудын нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад ХИС-ийн Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан С.Эгшиглэнгийн нийтлэлийг хүргэж байна.

“Хэрхэн баяжих вэ?” номыг бичсэн хүн нь л баяждаг гэдэг. Энэ наргианы наян хувь нь үнэн шүү дээ. Гэхдээ хүн бүр яаж их мөнгө хийж, яаж баяжих талаар л боддог биш гэж үү? Нууцхан дөрөв дэх өдөр хумсаа авч, саранд түрүүвчээ даллаад, алтан могойны зураг шэйрлэж үзээгүй гэж мэлзэх хүн байхгүй биз!
Фейсбүүк залилан
Амралтын өдөр телевизийн суваг хэд эргүүлбэл азын сугалааны тохирлууд явна. Зурагтаар үзэх юм олдохгүй утсаа шүүрээд фейсбүүк орвол карт хусаж шууд дамжуулалт хийдэг сугалааны хаягууд түм бумаараа байна. Хуурамч хаягаас АНУ-ын Мичиган хотоос, БНХАУ-аас шууд дамжуулж байна гэх мэтчилэн үнэмшилтэй, мэргэжлийн түвшинд орчноо бүрдүүлэх нь элбэг. Сугалааны карт нь 100 мянгаас 500 мянгын хооронд. Гэхдээ үндсэн үнэ гэж өөр юм бас бий. Жишээ нь хамгийн хямдхан нь 30 ширхэг улаан картын багц. Тэр багцын одоогийн үнэ нь 100 мянган төгрөг бол үндсэн үнэ нь 2 сая төгрөг. Маш өндөр дүнг дарж харьцангуй хямд үнэ санал болгож буй нь хуурамч хямдралын маркетингийн аргаар хүмүүсийг татахаа ч бас тэд мартсангүй. Нэг хүний сугалааг хусаж гарлаа.
“Мишээл Баатархүү хаягаас 3 сая 816 мянган төгрөг хожлоо. Та манай борлуулалтын алба руу холбогдоод дансандаа шууд аваарай. 50 саяас дээш мөнгө хожвол худалдан авсан сугалаат картынхаа үндсэн үнийн 10 хувийг төлөөд дансандаа аваарай. Харин 50 саяас доош мөнгө хожвол дансандаа шууд авна шүү” гэнэ. Ийм бичлэг, хаягууд тасралтгүй хөврөн урсах тусам үнэхээр үнэн бол хамгийн бага үнэтэй 100 мянгын тэр картыг нь аваад азаа үзчих юмсан гэж бодол төрөх нь аргагүй.
Сайн ухаад харвал өнөөх 3 саяын эзэн Мишээл Баатархүү гэх хаяг нь ганцхан найзтай, уул усны зурагтай, цоожтой хаягтай хүн байна. Хаа очиж Монгол нэртэй юм. Зарим нь бүр Вьетнам бот хаягуудаараа сурталчлуулна. Вьетнам засварчин Монголд сугалаанд хожоод хага баяжаагүй нь лавтай. Ингэж л маш олон хуурамч азтан цуглуулж өөрсдийн хаяг доороо “Үнэн байна”, “Аз аз аз” гэх сэтгэгдлүүдийг бичиж хөндлөнгийн хүмүүст итгэл үнэмшил төрүүлж ажилладаг.
Телевизээр шууд дамжуулдаг сугалааны тохирол
Энэ цахим залилан газар авахаас өмнө телевизийн шууд тохирлууд Ковидын үеэс эхлэн “од” байлаа. АСА аренад “ХҮЧ БА АЗ 2025” үндэсний хэмжээний шилдэг 64 бөхийн барилдааныг “Монгол сугалаа ХХК” 5 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж үзэгчдээс танхимд хүрэлцэн ирсэн үзэгчдээс 64 азтан шалгаруулахаар зарласан аж. Уг тохирлыг TV9 телевиз, Zarig.mn шууд дамжуулсан. Нэг ширхэг сугалаа 50 мянган төгрөг, гурван ширхэг нь 100 мянган төгрөг, таван ширхэг нь 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Шагналын санд авто машин, гар утас, мотоцикл, гадаад аяллын эрх, бэлэн мөнгө зэрэг үнэ бүхий зүйлс байж ээ. Арга хэмжээнд 2000 гаруй хүмүүс 100-200 мянган төгрөгт тасалбар авсан. Цахим лайв тохирлоор азтан шалгаруулахаар давхар 5000 гаруй сугалааг онлайнаар зарсан байна. Гэвч анхнаасаа зөвхөн танхимд ирсэн үзэгчдээс азтан тодруулна гэсэн сурталчилгаа явуулсан байсан тул 7000 хүнээс 64 азтан шалгаруулбал зориод ирсэн хүмүүс дундаас сонгогдох магадлал бага тул иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Монгол сугалаа ХХК-ий зүгээс үзэгчдээс 64 азтаныг шалгаруулахын хажуугаар цахимаар сугалаа авсан хүмүүсээсээ дараа нь ахин 64 азтан шалгаруулна гэсэн мэдэгдлийг гаргасан юм.
Эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд Сангийн яамнаас олгодог аж. Нэг ёсондоо дуртай нэгэнд нь зөвшөөрөл олгох бус заавал компани байхыг шаарддаг. Тусгай зөвшөөрөл авахад төлөх хураамжийн хэмжээ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар 240 мянгаас 600 мянган төгрөг байдаг байна. Сангийн яаманд 2023 оны байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй нэр бүхий 12 аж ахуйн нэгж байдаг бөгөөд тодорхой компаний доор үйл ажиллагаагаа явуулдаг, зохих ёсны татвараа (орлогын дүнгийн 40 хувь) улсад төлдөг тул хуульд харшихгүй болж буй хэрэг юм. Харин фейсбүүк залилангийн хувьд энэ оны эхний хагаст үүнтэй төстэй 9696 цахим залилангийн хэрэг цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй тохиолдолд шалгана. Бусдаар цахим орчинд зохион байгуулж буй сугалаа бүхэнд хяналт тавих боломжгүй аж.
Гадаадын сугалаа
Гадны улсууд бүгд л сугалаатай. БНСУ-ын сугалааг DongHang Lottery компани явуулдаг бөгөөд нэг ширхэг сугалаа 1000-2000 вон. Өнгөрсөн 1194 дахь удаагийн тохирлын зургаан орон таарсан сугалааны шагнал нь 985 сая гаран вон байсан юм. 2022 оны байдлаар Солонгос улсын хэмжээнд сугалаа худалдан авагчдын дийлэнх нь оффисын ажил эрхэлдэг хүмүүс байна. Үүний дараагаар гэрийн эзэгтэй нар, хар ажил хийдэг хүмүүс орох бол ажилгүй ба тэтгэврийн насны иргэд хамгийн бага хувийг эзэлсэн. Шалтгаан нь ажлын байрны өрсөлдөөн ихтэй нийгэмд хүмүүс ажлын стрессээ сугалаа мэтийн зүйл худалдан авч тайлдаг. Нэг ёсондоо сугалааг бидэн шиг баяжих “түлхүүр” мэтээр ухаан жолоогүй авах бус стресс тайлах хэрэгсэл л гэж хардаг.
Монголд хэн сугалааг авдаг вэ?
Монгол Улсын ядуурлын түвшин сүүлийн 10 жилийн дотор 5.5 хувиар өссөн. Хэдий халаасны ядуурлыг статистик харуулж чадах ч оюуны ядуурлыг чадахгүй. Гэхдээ үүнийг харж чадах зүйл нь сугалаа. Хэдхэн төгрөг дусаачихвал хэчнээн төгрөгтэй болохыг таашгүй гэх ухуулга хаана үйлчилдэг вэ? Мэдээж мөрийтэй тоглоомд шүү дээ. Мөрийтэй тоглоом залуучуудын амьдралыг нураасан бол хонжвор, сугалааны тохирлууд ч ялгаа байхгүй. Мөнгөтэй нь мөнгөөрөө, малтай нь малаараа сугалаа авч байна. Ихэвчлэн ахмад настан болон хөдөө орон нутгийн малчид ихээхэн хамрагддаг. Үүний нэг жишээг дурдваас ангийн найз Гийгүүлэнгийн эмээ Монгол сугалааг тохирол бүрээр нь авдаг гэнэ. Олон багц сугалаа аваад бүх цифрүүдийг өөрөө тулгаж хардаг. Тэгэх бүрд дор хаяж 2-3 сугалааны тоонууд шагнал авахуйц таардаг ч тохирлын шууд дамжуулалтаар хэлдэггүй. Өөрөө шүүж үзсэн тул Монгол сугалаа ХХК руу холбогдон хонжвороо авъя гэвэл өгнө гээд алга болдог гэж хэлсэн.
Төр “азтай” иргэндээ ээлтэй
Иргэн бүрд үндсэн хуулиар оноогдсон таатай амьдрах эрхийн нөхцөлийг бүрдүүлж өгөхөөс төр халшран сугалаа явуулж эхэлсэн үе нь 2015 оны дунд үеэс эхтэй. Иргэн Бат хүүхдээ цэцэрлэгт оруулахаас авхуулаад газар өмчилж чадах эсэхийг түүний тэр өдрийн тэнгэр л мэднэ. Хангалттай хэмжээний хүүхдийн цэцэрлэг барихын оронд хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт элсүүлж эхлэв. Хоёр дахь жилдээ цэцэрлэгт орж чадаагүй балчир ахиад л гэртээ тоглоомуудтайгаа ярьж өдрийг өнгөрүүлэх нь дээ. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй учраас ээж дахиад нэг жил хүүхдээ харж гэртээ өнжинө. Тэр өрх айлын мөнгө санхүүгийн бүхий л асуудал ганцаараа ажил хийж буй ааваас шалтгаалж, санхүүгийн бэрхшээл тулгарах үе гарлаа. Одоо яах вэ…Сугалаа авч нэг үзэх үү?
Нэгэнт луйвардуулсан бол хэндээ ч буруугаа чихэх вэ дээ. Хүргэн хүү кинон дээр авдарны ангархайгаар нь хулгана ороод хайрцагтай мөнгөө юу ч үгүй идүүлчихдэг Жамц гуай шиг л юм болох биз. Буух эзэнгүй, буцах хаяггүй энэ олон азын сугалаанууд зохион байгуулагчдадаа л “аз” бусад хүмүүст “гарз”. Эцэст нь хэлэхэд азын сугалаанд хожно гэдэг гэрлийн хурдаар цахиад өнгөрөх цахилгаанд өртөхөөс ч ховор тохиолдол. Гэхдээ цахилгаанд цохиулах бол физикийн хууль, харин сугалаанд хожно гэдэг маркетингийн хууль. Хүний хоосон мөрөөдөл дээр тоглож, аз амласан маркетинг. Сохор азанд бус хөдөлмөрт итгэж амьдарваас нэг л өдөр амьдрал өөрөө танд үр шимээ өгөх болно.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16