НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Асуулт: Дижитал мөнгө хүүлэгчидтэй Төв банк тэмцэж дийлэх үү?!
АНАЛИЗ

Асуулт: Дижитал мөнгө хүүлэгчидтэй Төв банк тэмцэж дийлэх үү?!

4 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Нэгэн цагт нийслэлийн гудамжны булан бүрд “Үнэт эдлэл, гар утас барьцаална” гэсэн хаягтай ломбардууд эгнэж, өндөр хүүтэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр тэрхүү ломбард бидний халаасанд, бүр тодруулбал ухаалаг утасны дэлгэц рүү шилжжээ. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө бүр шаардахгүй, ганцхан товчлуур дарахад дансанд мөнгө орно. Гэвч тэрхүү хялбархан зээлийн ард 40-60%-ийн хүүтэй цэвэр “мөнгө хүүлэлт” явагддагийг Төв банк сая л нэг хүлээн зөвшөөрлөө. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Банк бусын 40%-иас дээш хүүтэй, 50-60%-ийн хүүтэй аппликэйшний зээл мөнгө хүүлэлт мөн. Тиймээс үүнийг хуулиар зохицуулах ёстой” гэсэн мэдэгдсэн нь санхүүгийн зах зээл дэх хамгийн бодит үнэнтэй эвлэрсэн хэрэг байлаа.

ФИНТЕК ХЭМЭЭХ ГОЁМСОГ БАГНЫ ЦААДАХ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ

Финтек, санхүүгийн хүртээмж, дижитал шилжилт гэх шинэ мөнгө хүүлэлтийн системд олон иргэд хэдийнэ дөнгөлөгджээ. Арилжааны банкуудын өндөр босгыг давж чадахгүй иргэдийн эрэлт хэрэгцээг нэг талаас ББСБ болон зээлийн аппликэйшнүүд хангах болсон Гэвч нөгөө талаас харвал орлого багатай иргэдийг өрийн гинжин хэлхээнд оруулж, ирээдүйн орлогыг нь урьдчилан цөлмөх технологижсон арга болж хувирчээ.

Жилийн 60% хүүтэй зээл бол үнэндээ мөнгө хүүлэлт. Ийм хүүтэй зээл авсан хүн хэзээ ч хөл дээрээ босдоггүй, харин нэг апп-ын зээлийг нөгөө апп-аар хаасаар эцэст нь цалингаасаа цалингийн хооронд зөвхөн хүү төлөгч болон хувирдаг. Энэ бол орчин цагийн санхүүгийн боолчлол гэж хэлж болно.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2025 оны жилийн эцсийн тайлангаас харвал ББСБ-ын салбарын нийт хөрөнгө ₮9.1 их наяд, нийт зээлийн үлдэгдэл ₮7.2 их наяд  хүрч, банкны салбарын нийт зээлийн багцын 16.6%-тай тэнцэх болжээ. ББСБ-ын харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.1 саяд хүрсний 89.8% нь зөвхөн финтек буюу зээлийн аппликэйшний харилцагчид байна. Өөрөөр хэлбэл, Монголын насанд хүрсэн бараг бүх иргэн хэд хэдэн зээлийн апп-ын байнгын үйлчлүүлэгч болсон байна. Иргэдийн халаасыг сэгсэрсэн энэ өндөр хүүгийн эцсийн цэг нь төлбөрийн чадваргүйдэл. 2026 оны II улирлын байдлаар салбарын нийт чанаргүй зээл ₮764.4 тэрбум буюу,  дунджаар 9.3% -тай байгаа нь тайвшрах тоо бас биш. ББСБ-ын нийт зээлийн үлдэгдлийн ₮4 гаруй их наяд нь зөвхөн баялаг бүтээдэггүй, эргээд өр үүсгэдэг хэрэглээний зээл байна. Технологид суурилж зээл олгодог цөөн хэдэн финтек ББСБ-ууд л гэхэд салбарын нийт зээлийн багцын 16%-ийг дангаар атгаж сууна.

ДЭЛХИЙ НИЙТ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙГ ХЭРХЭН ХАЗААРЛАДАГ ВЭ?

Хамгийн чухал асуулт энэ. Монголын ББСБ-ууд зах зээлийн зарчим, эрсдэлээр халхавчилсан улиг болсон тайлбар хийсээр ирсэн.  Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хүртэл иргэдээ өрийн урхинд оруулахгүйн тулд зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар хатуу тогтоосон байдаг.

Тухайлбал, Японд өндөр хүүтэй бичил зээлийн дарамтаас болж олон нийтийн дунд амиа хорлох нэмэгдсэн тулд 2006 онд зээлийн хүүгийн хуулиа чангатгасан. Өнөөдөр тус улсад зээлийн хэмжээнээс хамаарч жилийн хүүгийн дээд хязгаарыг 15-20%-иар хатуу тогтоосон бөгөөд үүнээс давсан хүү тооцвол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Өмнөд Солонгос хэрэглээний болон бичил зээлийн хүүгийн дээд таазыг шат дараалан бууруулсаар жилийн 20% болгон хуульчилсан. Хууль зөрчсөн зээлдүүлэгчийг торгох, хорих ял шийтгэхээс гадна илүү төлсөн хүүг зээлдэгчид буцаан олгох үүрэг хүлээлгэдэг. Богино хугацаатай цалингийн болон апп-ын зээлийн ("payday loans") замбараагүй өсөлтийг зогсоохын тулд Их Британийн Санхүүгийн зохицуулах газар өдрийн хүүг 0.8%хэтрүүлэхийг хориглосон. Түүнчлэн зээлдэгчийн төлөх нийт хүү, шимтгэл нь анх авсан үндсэн зээлийн 100 хувиас хэзээ ч давж болохгүй гэх хатуу хязгаар үйлчилдэг.

Хятадын Дээд шүүхийн тогтоолоор хувийн болон финтек зээлийн хүү нь тухайн үеийн зээлийн жишиг хүүг  жилийн 14-15%-аас хэтэрвэл шүүхээс хамгаалалт авах эрхгүй буюу илүү хүүг хууль бус гэж үздэг.

ББСБ болон финтек зээлийн аппликэйшнүүдийг тусгай зөвшөөрөл олгож, хянан зохицуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь Монголбанк бус, харин Санхүүгийн зохицуулах хороо. Гэтэл өнгөрсөн хугацаанд СЗХ иргэдийг сөхрүүлсэн энэ 50-60%-ийн мөнгө хүүлэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах нь бүү хэл харин ч мөнгө хүүлэгчдийг эс үйлдэхүйгээр дэмжиж ирсэн. СЗХ зөвхөн тайлан нэгтгэж, статистик тоолдог “бүртгэлийн газар” төдий ажиллаж байх зуур хяналтгүй үржсэн эдгээр мөнгө хүүлэгчид зах зээлийг бүрэн эзэлжээ.

Хууль эрх зүйн зохицуулалтгүй орчинд хяналтгүй үржсэн эдгээр мөнгө хүүлэгчдийн ард хэн байдаг вэ? Хариулт нь тодорхой. Арилжааны банкууд, үндэсний томчууд, улс төрийн хүрээллийнхэн, банк санхүүгийн салбарын нөлөө бүхий этгээдүүд бий. Тэд “зах зээлийн зарчим”, “эрсдэл өндөр тул хүү өндөр байх ёстой” гэсэн улиг болсон тайлбараар өөрсдийгөө хаацайлдаг. Хэрэв зээлдэгч эрсдэлтэй байгаа бол зээл олгохоо болих нь зах зээлийн зарчим болохоос биш, эрсдэл нэрийдлээр хүүг нь тэнгэрт хадаах нь шударга ёс биш.

Дэлхийн аль ч улс оронд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож, түүнээс давсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг жишиг бий. Харин манайд “мөнгө хүүлэлт” гэдэг ойлголт хуулийн гадна үлдэж, иргэдийн халаасыг тэмтрэх хууль ёсны бизнес болтлоо цэцэглэжээ.

Хамгийн чухал нь төв банк оношоо зөв тодорхойлсон. Гэхдээ зөвхөн улс төрийн оноо авах гэсэн ээлжит нэгэн поп шоу байх уу, эсвэл үнэхээр мөнгө хүүлэгчдийн саврыг тайрах бодит алхам болох уу гэдгийг цаг хугацаа, УИХ-ын шийдвэр харуулна. Үнэндээ өнгөрсөн хугацаанд иргэдийн тэвчээр, халаас хоёр аль хэдийн хоосорч гүйцсэнийг тоо нотлож байна. Тоо худлаа хэлдэггүй.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

2004 он:

Nov 24, 2026

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?