2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16


Монголын эдийн засгийн нэг тулгуур болсон уул уурхайн салбарын тулгамдсан зохицуулалтуудыг зохицуулсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх намрын чуулган руу шилжүүлсэн.
Арваад жилийн дараа өргөн баригдсан энэхүү хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дараах саналыг өгөөд байгаа юм. Иргэний нийгмийнхний үзэж байгаагаар хуулийн төсөлд баяжуулах үйл ажиллагааг хуулиар зохицуулах, уурхайн хаалт, санхүүжилтийн баталгаа бий болгох зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлж, салбарын хөгжлийг дэмжих зохицуулалт туссан нь сайшаалтай байгаа ч газрын хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, шударга ёсыг хангах, үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх, газрын баялаг ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүй явуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах Үндсэн хуулийн үзэл санаанд хуулийн төслийг нийцүүлэх шаардлагатай гэжээ.
НЭГ. Иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлд өгсөн санал, зөвлөмж:
• Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны чиг үүрэгт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг дэмжин хэрэгжүүлэх үүргийг тусгах,
• ОҮИТБС-ын мэдээллийн санг Эрдэс баялгийн мэдээллийн сангийн нэг бүрдэл хэсэг болгон хуульчлах,
• Мэдээллийн сангийн бүрдлийг тодорхойлж, мэдээлэл тус бүрийг нийлүүлэх талаарх АҮЭБЯ, АМГТГ, ҮГА болон СЯ, БОУАӨЯ, ГБХНХЯ, ТЕГ, орон нутгийн захиргаа зэрэг ОҮИТБС-ын хэрэгжилтэд оролцогч төрийн байгууллагуудын үүргийг нэг бүрчлэн нарийвчлан тодорхойлох,
• Төр болон ТӨК-иудын бусад этгээдтэй хийсэн газрын хэвлийн баялагтай холбоотой бүх төрлийн гэрээ ил тод байх, нууцлахыг хориглох заалт тусгах. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны эрлийн гэрээ, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ, ТӨК-ийн борлуулалтын гэрээ, нөхөн сэргээлтийн гэрээ гэх мэт.
• Мэдээллийн санг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тогтоосон нээлттэй мэдээллийн стандартад нийцүүлэх заалт тусгах,
• Тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэр дундаа ТӨК-иуд, бичил уурхай эрхлэгчдийн ОҮИТБС-ын стандартын дагуу тайлан гаргах үүрэг, хариуцлагыг хуульчлах,
• Салбарын засаглал, ил тод байдлын асуудлаар зөвшилцөлд тулгуурласан шийдвэр гаргах олон талт ажлын хэсгийн механизмыг ОҮИТБС-ын стандартад нийцүүлэн хуульчлах,
• ОҮИТБС-ын тайлан, дүгнэлт зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилтийг Засгийн газар, УИХ жил бүр дүгнэн хэлэлцэх заалт тусгах.
• Аль эсвэл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуультай хамт хэлэлцэн зэрэг батлах.
ХОЁР. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаарх санал, зөвлөмж:
Эрэл, хайгуулаас эхлээд, уурхайн хаалт, экспорт хүртэлх бүх шатны шийдвэрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаа дахь төр, хувийн хэвшлийн хоорондох тэгш бус байдлыг хязгаарлах зохицуулалт бий болгох нь зүйтэй.
• Төрийн өмчит компанид хуулиас гадуур давуу эрхээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглох,
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахгүй байх.
• Тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг ил тод болгож, шийдвэр гаргах үйл явцыг олон нийтийн хяналтад оруулах,
• Тойм судалгааны хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх процессыг тодорхой болгож, мэдээ тайлан гаргадаг болох,
• Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үйл явц, гэрээний агуулгыг хуулиар тодорхойлох,
• Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээт талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу орон нутгаас санал авах шаардлагыг хуульчлах,
-Хайгуулын талбайн солбицол тогтооход орон нутаг санал өгөх буюу зөвшөөрсөн, татгалзсан хариу өгөх үйл явц, хууль зүйн үндэслэлийг тодорхой болгох,
• Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлах хугацааг жил бүр тухайлсан сард эсхүл 3-аас доошгүй сарын өмнө гэх мэтээр тодорхой болгож, гарааны тэгш байдлыг хангах,
• Хайгуул, ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисс, уурхай хүлээн авах комисс, ЭБМЗ-ийн гишүүн, шинжээчид тавих шалгуур, томилгоо, тэдгээрийн ажиллах журам, ил тод байдлыг хуульчилж, хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй болгох,
• Сонгон шалгаруулалтын комисст иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах,
• Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх үйл явцыг нарийвчлан зохицуулах, тусгай зөвшөөрлийг сунгахад гэрээний мэдээллийг авдаг байх, гэрээ байгуулаагүй, ил тод болгоогүй нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг хуульчлах,
• Уулын ажлын төлөвлөгөө, тайлан гаргах үйл явцыг цахимжуулж, тайлан хүлээн авсан, хянасан, хариуцлага тооцсон мэдээллийг ил тод болгох,
• Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцыг нарийвчлан зохицуулж, ил тод байдлыг хангах,
• Уул уурхайн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын төлөвлөгөө, дүгнэлт, гарсан үр дүнг ил тод болгох,
• Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн бодлого, удирдамж, заавар боловсруулж, сургалт, бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах асуудлыг тусгах,
• Уул уурхайн салбарт хөрөнгө, хувь эзэмшлийн хязгаарлалт тогтоох албан тушаалын жагсаалт гаргах, албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тухайн хязгаарлалт үйлчлэх хугацаа тогтоох.
ГУРАВ. Эрүүгийн болон Зөрчлийн хуультай давхардсан зохицуулалтуудыг эргэж харах
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 16-д Ашигт малтмалын тухай хуульд “641 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хамгаалах” гэсэн зүйл нэмж, “Геологи, хайгуул, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарц хаах, цахилгаан, усан хангамжийг зориудаар таслахыг хориглоно” гэсэн заалт тусгажээ.
Энэ заалт нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуультай давхардсан, зохицуулалтын нэмэлт ач холбогдолгүй байна. Тодруулбал:
- Эрүүгийн хуулийн 17.8, 17.11, 20.16 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг санаатай болон болгоомжгүйгээр эвдсэн, устгасан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тогтоосон,
- Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 3-т газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан бол, 7.13 дугаар зүйлийн 11-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, 10.27 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан аливаа үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан болно.
- Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт нэмэхээр тусгасан нь Эрүүгийн хуулийн дээрх заалтуудтай мөн давхардсан байна. Бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүйгээр хохирол учруулж, эсхүл аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулснаас их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар зохицуулагдах харилцаа юм. Ийнхүү Эрүүгийн хуулиар зохицуулах асуудлыг Зөрчлийн тухай хуульд давхардуулан тусгах нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсгэж, зүйлчлэлийн алдаа, маргаанд хүргэж болзошгүй.
Түүнчлэн “уурхайн тээвэрлэлтийг тасалдуулах, гарц хаахыг хориглох” заалтыг хуульчлах нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийн нэг болох тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах эрсдэл үүсгэж болзошгүй. Иймд уг асуудалд маш болгоомжтой хандаж, нягтлан шалгах нь зүйтэй.
Энэ хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу:
- Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж,
- Хүний эрхийн үндэсний комиссоос санал авах нь зүйтэй.
Учир нь, үүнтэй холбоотой олон улсын туршлагыг харвал, иргэдийн жагсаал, эсэргүүцэл нь тодорхой хэмжээнд саад учруулж байсан ч хамгаалагдсан эрхэд тооцох бөгөөд уг эрхийг хязгаарлахад зохицуулалтын тодорхой байдал нэн чухал бөгөөд хүчирхийллийн хэлбэрт шилжих, гал түймрийн болон яаралтай тусламжийн автомашины нэвтрэх боломжийг хаах гэх мэт бодитой, тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд хязгаарлах нарийвчилсан шаардлага тогтоодог байна.
Мөн ижил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн олон улсын туршлага, тэр дундаа Европын хүний эрхийн шүүх, АНУ-ын Дээд шүүх, Канад Улсын Дээд шүүх, Германы Холбооны Үндсэн Хуулийн Шүүхийн шийдвэрийг харвал, зам, гарц хаах үйлдэл нь өөрөө шууд хориглогдох үндэслэл болохгүй бөгөөд хүчирхийллийн хэлбэр шилжсэн эсэх, саад, хүндрэл хэр ноцтой байсан болон дэвшүүлж буй асуудал, үзэл санааны ач холбогдлыг харьцуулан үнэлж шийдвэрлэдэг ажээ.
Тайван замаар жагсаал, цуглаан хийх нь Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх мөн. Иймд түүнийг хязгаарлах эрсдэлтэй аливаа зохицуулалтыг хуульчлахын өмнө эрх зүйт ёсны дараах шаардлагын дагуу заавал нягтлан шалгах ёстой.
- Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журам гэсэн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгод нийцэх эсэх,
- Хязгаарлалт нь зайлшгүй бөгөөд зорилгодоо тохирсон байх, пропорциональ буюу үндсэн эрхийг аль болох эдлүүлэхийн тулд хамгийн бага түвшинд байх.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан нь хүний үндсэн эрхийг хэрэгжүүлэх баталгааг тусгайлсан хуулиар тогтоох үзэл санааг илэрхийлж буй хэрэг юм. Иймд Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах үр дагавар бүхий зохицуулалт нь тусгах нь зохистой эсэхийг анхаарах нь зүйтэй.
Тиймээс бусад хууль тогтоомжтой давхардсан, хүний эрхийг хязгаарлаж болзошгүй дараах зохицуулалтыг эргэж нягтлах:
• Ашигт малтмалын тухай хуульд 641 дугаар зүйл нэмэх заалт
• Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэргийг сайтар нягтлан хэлэлцэх
• Хуулийн төсөлд Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авах.
ДӨРӨВ. Орон нутгийн иргэдийн мэдэх эрх, оролцооны талаарх санал, зөвлөмж
Ашигт малтмалын тухай хуульд 421 дүгээр зүйл.Орон нутгийн оролцоо гэсэн зүйл нэмэхээр заасан ч түүнд агуулагдах зохицуулалт нь мөн л хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай давхардсан зохицуулалтын ач холбогдолгүй байна.
Энэ нь уг хуулийн төсөл нь түүний Үзэл баримтлалд тусгагдсан хууль зүйн үндэслэл буюу Үндсэн хуулийн 6.2-т заасан мэдэх эрх, УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн 1.1-д заасан “...онцгой ач холбогдол бүхий зарим асуудлаар иргэдтэй зөвлөлдөх, тэдгээрийн саналыг авч тусгах механизмыг тодорхой болгох” чиглэлд нийцээгүйг илтгэж байна.
Хуулийн төсөлд хавсаргасан Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан болон Хуулийн төсөлд хийсэн үр нөлөөний үнэлгээний тайлангаар тус тус өгсөн “Ашигт малтмалын хуульд орон нутгийн иргэдийн оролцооны үе шат, хэлбэрийг нарийвчлан тусгах” зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна.
Тиймээс,
- Ашигт малтмалын тухай хуульд 421 дүгээр зүйл нэмэх заалтын зохицуулалтын ач холбогдлыг эргэн нягтлах,
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тогтоох, ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлэх заалт хуулийн төсөлд нэмж тусгах.
ТАВ. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны үүрэг хариуцлагын тухайд өгөх санал, зөвлөмж
Хайгуулын үйл ажиллагаанд тавих байгаль орчны шаардлагыг сулруулсан дараах заалтуудыг хуулийн төслөөс хасах:
- Ашигт малтмалын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэснийг “байгаль орчныг хамгаалах” гэж өөрчлөх заалтыг хуулийн төслөөс хасах,
- Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3 дахь заалт буюу “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт хавсаргах” шаардлагыг хүчингүй болгох заалтыг хуулийн төслөөс хасах,
- Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6 дахь заалт буюу “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн эсэхийг харгалзах” шаардлагыг хүчингүй болгох заалтыг хуулийн төслөөс хасах.
- Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13 дэх заалтаас “20”, “болон орон нутгийн” гэснийг хасах заалтыг хуулийн төслөөс хасах.
ЗУРГАА. Цацрагийн хяналт, аюулгүй байдлын шаардлагын талаарх санал, зөвлөмж
Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 онд хийсэн Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаанд “Газрын ховор элементэд химийн элементүүдийн үелэх системийн 57 дугаартай лантанаас эхлээд 71 дугаартай лютеци хүртэлх лантаноидын бүлгийн 15 элементүүд (La, Ce, Pr, Nd, Pm, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu) тэдгээрээс гадна 39 дугаартай иттри (Y) болон 21 дугаартай cканди (Sc) зэрэг нийлээд 17 элементийг хамааруулдаг.” гээд дараах эдгээрээс дараах элементүүд цацраг идэвхт чанартай хэмээн дурджээ. Үүнд:
- “Лантан (La57) нь цацраг идэвхт чанартай,
- Неодим (Nd60) нь цацраг идэвхт чанар ихтэй,
- Промети (Pm61) нь маш өргөн цацраг идэвхт чанартай,
- Лютеци (Lu71) нь цацраг идэвхт чанартай” гэжээ.11
Тэрчлэн дээрх хяналтын сонсголд танилцуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллийг харвал Монгол Улсын газрын ховор элементийн нөөц бүхий ордуудын 5 нь лантан, неодим агуулсан, 1 орд буюу Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр суманд орших Цагаанчулуутын ордод уран, тори агуулсан талаар дурдсан байна.
Ийм ч учраас Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 -3.1.5 дахь заалтад “цацраг идэвхт ашигт малтмал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг, “цөмийн бодис” гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг тус тус ойлгоно гэж заасан байдаг.
Тэрчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагыг арилгах заалт туссаныг онцгой анхаарах нь зүйтэй.
Ердийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн байхыг шаарддаг байтал цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд энэ шаардлагыг тавихгүй гэж үзсэн нь оновчгүй юм. Мөн энэ зохицуулалтыг хийх болсон үндэслэлийг нотлох тооцоо, судалгаа хуулийн төсөлд хавсаргаагүй байна.
Тиймээс цацрагийн хяналт, аюулгүй байдлын шаардлагыг сулруулах эрсдэлтэй дараах өөрчлөлтийг батлахгүй байх.
- Хуулийн төслийн 2 дугаар зүйлд заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т “газрын ховор элементүүдээс бусад” гэж нэмэх заалтыг хасах.
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байх.
ДОЛОО. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулаагүй зөрчлийг арилгах санал, зөвлөмж
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай. Үүнд:
- Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөний үнэлгээг Засгийн газрын аргачлалын дагуу дахин, зохих ёсоор хийх,
- Дээрх үнэлгээний үр дүнд тулгуурлан хуулийн төслийг дахин боловсруулах,
- Хуулийн төслийг уул уурхай бүхий сумдын иргэдэд урьдчилан танилцуулж санал авах, саналын товьёг бэлтгэж эргэн мэдээлэх. Ялангуяа аймгуудад зохион байгуулсан хэлэлцүүлгийн зар, хөтөлбөр, тэмдэглэл, оролцогчдын жагсаалт, саналын товьёгийг нээлттэй болгох,
- Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.14 дэх заалтыг хасах
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум
Жич: Санал, зөвлөмжийг товчлов.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16