2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 30


41 жилийн өмнө 1985 оны 7-р сарын 10-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын иргэний нисэхийн түүхэнд хэзээ ч мартагдашгүй, хамгийн олон хүний амь насыг авч одсон аймшигт осол гарсан юм. Узбекистаны Карши хотоос Ленинград (одоогийн Санкт-Петербург) чиглэлд нисэж байсан Ту-154Б-2 агаарын хөлөг Учкудукийн цөлд сүйрч, онгоцонд явсан нийт 200 хүн бүгд амь үрэгджээ. Нислэг эхэлснээс ердөө 46 минутын дараа, хүнд ачаатай, хэт халсан агаарын нөхцөлд онгоц удирдлагаа алдаж, "штопор" буюу хавтгай эргүүлэгт орсон байна. Тэрхүү аймшигт шөнө юу болсон, туршлагатай нисгэгчид яагаад ийм үхлийн алдаа гаргасан бэ гэдэг нь өнөөг хүртэл нууц хэвээр үлджээ.
Карши хотын амьдрал ба гай зовлонгийн өмнөх анир
Сүйрэл болохоос арав орчим жилийн өмнө, 1976 онд Узбекистаны Газли хотод хүчтэй газар хөдлөлт болж, түүний цуурай Карши хотод хүчтэй мэдрэгдэж байв. Карши хотын хуучин оршин суугч Лариса Лента.ру-д өгсөн ярилцлагадаа "Тэр үед биднийг унтаж байхад ор хөдөлж, шүүгээн дэх аяга таваг хангинан дуугарч байсан. Хүмүүс сандарч гэрээсээ гүйн гарцгаасан" хэмээн дурсчээ. Тэр цагаас хойш нутгийн иргэд үргэлж бэлэн байдалд амьдардаг болсон ч 1985 оны зун тохиолдох аюул газар доороос биш, тэнгэрээс ирнэ гэж хэн ч санасангүй.

Карши хот. 1969 он
1980-аад оны дунд үе гэхэд Карши хот 100 гаруй мянган хүн амтай, олон үндэстэн ястан холилдон амьдардаг, хөвөнгийн тариалалт болон байгалийн хийн олборлолтоор алдартай, ногоон байгууламж, сарнай цэцгийн анхилуун үнэрээр дүүрсэн үзэсгэлэнтэй хот байлаа. Гэвч алслагдсан энэ хотоос шууд нислэг ховор байсан тул 5143 дугаар рейс иргэдийн хувьд маш чухал байв.

Ту-154 онгоцыг ачааллаж байна. 1985 он
Сүүлчийн нислэг: Саатал, халуун ба ядаргаа
1985 оны 7-р сарын 10-ны үдэш. Карши хотын нисэх онгоцны буудал дээр хүмүүс Ленинград руу амрахаар, эсвэл ажил хэргээр явахаар догдлон хүлээж байв. Онгоц хуваарийн дагуу 18.45-д хөөрөх ёстой байсан ч Ташкентаас ирэх борт дөрвөн цаг гаруй саатжээ. Шалтгаан нь тодорхойгүй ч зарим эх сурвалж шуурганаас болсон гэж тайлбарладаг.
Энэхүү нислэг маш онцлог байлаа. Онгоцонд нийт 191 зорчигч байсны 52 нь хүүхэд (5-12 насны 25 хүүхэд, 5 хүртэлх насны 27 хүүхэд) байв. Тухайн үед бага насны хүүхдүүдийг нэг суудалд 2-3-аар нь суулгадаг байсан тул онгоц техникийн хувьд маш хүнд ачаатай байсан юм. Дээр нь гадаа +33 хэмийн аагим халуун байсан нь агаарын нягтыг багасгаж, хөөрөлтөд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тэнгэрт юу болов? Нисгэгчид унтсан уу?
Хөлгийн дарга Олег Белисов болон хоёрдугаар нисгэгч Анатолий Позюмский нар хоёул 48 настай, 12 мянга гаруй цаг ниссэн асар их туршлагатай нисгэгчид байв. Гэвч тэднийг нислэгийн явцад зүйрмэглэсэн байж магадгүй гэх хувилбар хамгийн их яригддаг.
Нислэгийн түүхч, нэрт нисгэгч Василий Ершов өөрийн номондоо "Автопилот залгасны дараа нисгэгчид ядаргаанаас болоод унтсан байх магадлалтай" гэж бичсэн байдаг. Учир нь, онгоц өндөр авч байх үед хурд нь тасралтгүй унаж байхад хэн ч онгоцны "хамрыг" доош нь дарж хурдаа нөхөөгүй байна. 11,6 км-ийн өндөрт гарахад гаднах агаар стандарт түвшнээс даруй 16.5 хэмээр илүү халуун байсан нь хөдөлгүүрийн хүчин чадлыг эрс бууруулжээ.
Нислэгийн үйлчлэгч Иринагийн хэлснээр "Нисгэгчид хүн учраас зүйрмэглэх тохиолдол байж болох ч хоёулаа зэрэг унтах нь маш бага магадлалтай. Тэд нислэгээс өмнө эмчийн үзлэгт орж, амрах ёстой цагаа заавал авсан байх ёстой" гэж тайлбарласан ч Учкудукийн ослын үед цагийн зөрүү, саатал нь нисгэгчдийн бие махбодод асар их ачаалал өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Учкудукийн ойролцоох Ту-154 онгоцны үлдэгдэл
Сүйрлийн 77 секунд: "Штопор"
Онгоц 11,600 метрийн өндөрт гарахад хурд нь 290 км/цаг хүртэл унажээ (Ту-154-ийн хувьд энэ өндөрт хамгийн багадаа 400-500 км/цаг хурдтай байх ёстой). Онгоц чичирч эхлэхэд нисгэгчид үүнийг хөдөлгүүрийн саатал (помпаж) гэж андуураад, хөдөлгүүрийн хүчийг бүрмөсөн багасгасан байна. Энэ нь хамгийн том алдаа байлаа.
Онгоц "хавтгай эргүүлэгт" орж, хяналтгүйгээр эргэлдэн унаж эхлэв. Хөлгийн дарга Белисовын хамгийн сүүлчийн үг нь "Онгоц замбараагүй эргэлдэж байна. Арга хэмжээ авч байна..." гэсэн өгүүлбэр байлаа.
Ту-154 онгоц 2 минут 33 секундын турш тэнгэрээс навч мэт эргэлдсээр Учкудукаас 68 км зайд цөлд унаж, асар хүчтэй дэлбэрэлт болжээ. Газар дээр үлдсэн мөр нь онгоц урагшаа чиглэлтэй биш, харин дээрээсээ шууд хавтгайгаараа унасныг гэрчилж байв.
Эрэн сурвалжлах ажиллагаа ба нууцлал
Шөнийн 01.00 цагт Ферганаас хайгуулын АН-12 онгоц хөөрч, 03.12 цагт сүйрлийн газрыг олжээ. Нукусаас ирсэн МИ-6 нисдэг тэрэгний аврагчид газар дээр очиход амьд үлдсэн хүн нэг ч байсангүй. Зөвхөн шатсан цогцос, онгоцны хэлтэрхийнүүд л үлдсэн байв.
Тухайн үеийн Зөвлөлтийн засаглал иймэрхүү томоохон гарз хохиролтой ослыг олон нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг байлаа. Сонин хэвлэлд энэ тухай бичээгүй ч, Карши хотын иргэдийн амнаас ам дамжин аймшигт мэдээ түгжээ. Хүмүүс таньдаг хүн бүрээсээ "Чиний танил тэр онгоцонд байсан уу?" гэж асууж, хот даяараа гашуудалд автсан байна.
Шинжээчдийн дүгнэлт ба хүний хүчин зүйл
Хожим нь нисгэгч-туршигч Владимир Мезох Ту-154 онгоц дээр энэхүү нөхцөл байдлыг дуурайлган туршилт хийж үзжээ. Туршилтаар хэрэв нисгэгчид онгоц штопор буюу эргүүлэгт орохоос өмнө жолоог урагш түлхэж, хурдаа авсан бол сүйрлээс зайлсхийж болох байсныг нотолсон юм.
Албан ёсны дүгнэлтэд "Сүйрлийн шалтгаан нь агаарын өндөр температур, онгоцны хэт их жин, хурд бага байснаас үүдэлтэй эргүүлэгт орсон явдал юм. Нисгэгчид нислэгийн зааварчилгааг зөрчиж, хурдаа алдсан бөгөөд үүссэн хүнд нөхцөлд онгоцоо удирдаж чадаагүй" гэж дурджээ.

Түүхийн сургамж
Учкудукийн сүйрэл нь Зөвлөлтийн эмгэнэлт явдлын түүхэн дэх хамгийн олон хохирогчтой иргэний агаарын тээврийн осол болон үлдсэн юм.
Домогт Ту-154 онгоцны ашиглалтыг Оросын агаарын тээврийн компаниуд 2020 онд албан ёсоор зогсоосон. Сүүлчийн арилжааны нислэг 2020 оны 10-р сарын 28-нд Мирный-гээс Новосибирск хүртэл хийгдэж дуусгавар болсон юм. Гэвч Учкудукийн цөлд амиа алдсан 200 хүний дурсгал, тэдний ар гэрийнхний харуусал 40 жилийн дараа ч мартагдаагүй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 30