

Хулхи үндэсний үзэл, хуурамч эх орончид, хоосон популизм, сошиал дахь тархи угаалтаар дамжуулан төрийн бодлогыг залуурдсан сүүлийн 15 жилийн үйл явц, Монголын эдийн засгийн өнөөгийн хямрал, төрийн институцийн уналт нь товчхондоо женконизмын төлөөс юм. Женконизм бол Монголын эсрэг гадны зорилтот төсөл гэхэд буруудахгүй..
Алдагдсан цаг хугацаа болгон асар өндөр зардалтай. Төлөөсийг нь зөвхөн ард түмэн төлдөг. Тэтгэврийн мөнгөөрөө, цалин хөлсөөрөө, ажлын байр, амьдрах орчин, эрүүл мэнд хийгээд мэдлэг боловсрол бүхнээрээ төлдөг. Монголчуудын өнөөдрийн амьдралын өртөг үндсэндээ өчигдрийн “Монгол ялна” манипуляцийн төлбөр.
Анхлан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Женко гэдэг байсан бол өдгөө женконизм гэх бүхэл бүтэн мафийн сүлжээ бий болсон.
2010 онд Монголын парламент Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогоо батлав. Гэхдээ энэхүү бодлого нь яг Монголын үндэсний бодлого байсан эсэх нь эргэлзээтэй. Энэхүү бодлогыг парламентаар хэлэлцэж батлах үеэр гишүүдийн гар утсанд заналхийлсэн “мессеж” ирсэн гэх дуулиан гарч байв. Гэсэн хэдий ч чухамдаа хэнээс, хаанаас Монголын парламентын гишүүдийг заналхийлснийг хэнч тодруулаагүй, тогтоогоогүй. Тэрхүү төмөр замын баримт бичгийг боловсруулсан гол хүн нь тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга. Түүний “баримталсан” бодлогод шинээр тавих төмөр замыг өргөн царигтай байна гэж тусгаж өгсөн бий. Тэрхүү өргөн царигийг шүүмжилсэн бүхнийг тэрбээр тангаргийн буг, тагнуулчин, оффшорчин, Оюутолгойчин, террорист гэж цоллоод харамсалтай нь, тэдэнд Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа хилс хэрэг тохож ял өгсөн билээ.
Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших монголчуудын эрдэс баялгаа экспортод хүргэх гол зам тээвэрлэлт бол төмөр зам. Дэлхийн ашигт малтмалын гол зах зээл буюу Хятадад хүрэхэд нарийн төмөр зам нь эдийн засгийн ач холбогдолтой. Гэвч, женконизмын гол эсэргүүцэл нь “Нарийн царигтай төмөр зам тавибал Хятадаас цэрэг танк орж ирнэ” гэх суртал ухуулга бүхий “100 чухал сэдэв” нэрт нэвтрүүлгээр монголчуудыг завсар зайгүй бөмбөгдсөн. Үр дагаварт Монгол Улс төмөр замын 2 ч төслөөс $1.5тэрбумын үнэмлэхүй хохирол амсаад сууж байна. Үүнийг засахын тулд мөн л асар их алдагдалтайгаар Гашуунсухайтын хил холболтын төмөр замын гэрээг байгуулсан.
Төмөр замын барилгын ажил 65 %-ийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25%-тай явааг Б.Дэлгэрсайхан сайд ярьжээ. Жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, гэхдээ дийлэнх нь Хятадын “Чайна энержи”-ийн ажлын хөлсөн өгсөн бартерын нүүрсийг зөөнө. Хил холболтын ажлын гүйцэтгэлд бартердаж байгаа 247 сая тонн нүүрсийг биржийн үнээс даруй 30%-ийн хямдралтай нийлүүлэх, ингэхдээ Бортолгой, Ончтолгойд зөвхөн хятадууд олборлолт явуулах, экспортын 55% нь сайн чанарын коксжих нүүрс байна гэж Харбины гэрээнд тусгаад өгсөн, Женко.Баттулгын царигийн алдааг засахын тулд Хятадын хавханд улсаа оруулсан нь гэрээ.
Яг энэ зуурт, өнгөрсөн долоо хоногт Оросын Төрийн дум Хятадтай хамтран Забайкальский-Маньжоули чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Төмөр замын барилгын ажил 2027 оноос эхлэн гурван жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөж. Жилдээ 39 сая тонн баялаг зөөх гэнэ.
Үүнээс өмнө, “Херо энтертаймент”-ын хийсэн хятад цэрэг, танкны суртал ухуулгаар нийгмийг ид “бөмбөгдөж” байх үед буюу 2014 онд Амар мөрөн дээгүүр Орос-Хятадыг холбосон нарийн царигтай төмөр замын шат тавих ёслол болж байв. Ингээд 2022 оны 11 дүгээр сард албан ёсоор тээвэрлэлтээ эхлүүлсэн байдаг.
Тэгвэл 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Х.Баттулга, А.Гансүх нар Чингис бондын мөнгөөр Гашуунсухайтын овоолсон шороог босгосон байдаг. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэхүү алдааг засч, М.Энхсайханы Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулан, хөрөнгө оруулагчид/Хятадын Шинхуа, Японы Сүмитома, Монголын Энержи ресурс/-тай гэрээ байгуулахаар болсон ч З.Энхболд УИХ-ын дарга байхдаа унагааж байсан юм.
Үүний дараа, Х.Баттулга Ерөнхийлөгч болоод Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг төрийн нууцад авч, өргөн царигтай төмөр зам барьж ашиглалтад оруулсан.
Забайкальский ба Тунцзян чиглэлийн экспортын гарц, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр Хятадын зах зээл дээрх Оросын нүүрсний орон зай тэлж, Монгол нүүрсний өрсөлдөх чадварт нөлөөлнө. Геополитик бол цэвэр цус биш аж. Харин эдийн засгийн тусгаар тогтнол болохыг монголчууд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ашиг орлого, эрүүл мэндээрээ төлж байж л ойлгож эхэлж байна.
"Эх оронч" нэрээр улсын гол дэд бүтцийн төслүүдийг гацааж, эдийн засгийн олон боломжуудыг бооомилсон женконизм бол чухамдаа Монголын 21 дүгээр зууны хамгийн гунигт түүх юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.