2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12


Өнгөрсөн 4-р сарын улсын болон Улаанбаатар хотын инфляц 10.1%-д хүрч 3 нэгжээр огцом нэмэгдлээ. Өмнөх 3-р сард энэ үзүүлэлт 7.4% байсан юм. Ингэснээр сүүлийн гурван жилд нэг оронтой тоонд хадгалагдаж байсан инфляц хоёр оронтой тоо руу шилжлээ.
Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн Баасан гаригт мэдээлснээр инфляцын 53.1%-ийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа бүрдүүлжээ. Тэр дундаа монголчуудын өдөр тутмын хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ 40%-иар өссөн инфляц огцом цойлох гол шалтгаан боллоо. 2025 оны мал тооллогын дүнгээр Монгол улс 57 сая толгой малтай байгаа нэг хүнд 16-17 толгой мал ногдож буй. Махны үнэ өссөн нь махны экспорт нэмэгдсэн, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан хэмээн Үндэсний Статистикийн хороо тайлбарлаж байгаа боловч энэ жилийн махны үнийн өсөлт өөр шалтгаантай гэж үзэж байна.
57 сая толгой малтай улсын нийслэл хотын иргэд нь нэг кг махыг 20-30 мянган төгрөгөөр худалдан авч идэж байна. Хаврын улиралд махны үнэ нэмэгддэг нь Монголын мал аж ахуй эрхлэлтийн онцлог. Гэхдээ энэ жил махны үнэ огцом нэмэгдлээ. Махны холбооны мэдээгээр экспортод адуу, ямааны мах голдуу гарч, харин хонь, үхрийн мах бараг экспортлохгүй байгаа ажээ. Харин монголчууд өдөр тутамдаа хонь, үхрийн махыг хэрэглэдэг. Шатахууны үнийн өсөлтийг үгүйсгэж болохгүй ч тээвэр ложистикийн 20-30%-ийн нэмэгдэл үнэ Монголын зах зээлийн бүхий л бараа үйлчилгээнд угаасаа шингээстэй байгаа. Тэгэхээр махны экспорт, шатахууны нэмэгдэл гол шалтгаан биш болж таарч байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Засгийн газар махны үнийн бодлогод оролцохгүй” хэмээн хоёр өдрийн өмнө мэдэгдсэн нь махны өндөр үнэд туйлдаж байгаа иргэдэд ташуур мэт сонсогдсон. Зах зээлд төр оролцохгүй гэдэг нь талархмаар байгаа ч өмнө нь ХАА-ын сайд хийж байсан, хувьдаа үхрийн фермтэй сайдын амнаас ийм “эрс эргэлт”-ийн мэдэгдэл хийсэн нь манай дарга нар чөлөөт зах зээлийн мэдрэмжтэй болжээ гэсэн үнэмшлийг үнэндээ төрүүлээгүй.

Аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ ховордох үед нэмэгдэж, илүүдэх үед буурдаг зүй тогтолтой. Энэ хавар Улаанбаатарт яагаад мах ховордов?
Өнгөрсөн намар "Малчдын мах худаалах цэг" гэдэг зүйл нийслэл хотын хоёр захад байгуулагдаж, зуучлагчийн үнийн нэмэгдэлгүй, малчны хотын үнээр авах боломж бүрдлээ гэсэн зар явж, дэлгүүр, захын үнээс хямд мах авах гэсэн иргэд хошуурцгаасан. Хоёр иргэний бий болгосон энэ “эх оронч” санаачилга өнөөдрийн махны үнийн өсөлт, цаашлаад инфляцийн өсөлтийн шалтгаан болсон хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн бичжээ.
Махны үнэ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ-ээс хамаарч өсч, буурдаг. Харин эрэлт талаасаа та бидний идэх махны хэмжээ хүн амын өсөлтөөр маш аажуухан л өснө. Харин махны нийлүүлэлт олон хүчин зүйлээс болж өөрчлөгддөг:
1. Махны экспортын хэмжээ (2024 онтой харьцуулахад хонины махны экспорт 2025 онд бага зэрэг буурсан байх жишээний)
2. Өмнөх жилийн хорогдол (зуд г.м 2025 онд зуд болоогүй, 2024 онд зуд болсон)
3. Нөөцлөх хэмжээ (ганц улс нөөцөлдөггүй, харин ченжүүд мөн авч нөөцөлдөг. Ченжүүд 2025 онд нөөцлөөгүй. Нийслэл нэг 5000-6000 тонн нөөцөлсөн.)
Тэгвэл яагаад энэ үнийн өсөлт "Малчдын мах худалдаалах цэг"-ээс болов?
⏳Яагаад гэвэл:
Нэгт, тэд 13,000 төгрөгөөс 15,000 төгрөгөөр ирэх хавар махны үнийг барьж, тогтворжуулна гэж бүлт үсэрсэн. Хэн итгэсэн? Зөвшөөрөл өгдөг байгууллага итгэсэн. Одоо хаана байна? Ийм амлалт өгсөн учраас ченжүүд хэрвээ үнэхээр үнэ өсөхгүй бол шатаж гай болно гээд огт нөөцлаагүй.
Хоёрт, тэд малчдаас "түрээс" авч махаа заруулсан учир малчдын гар дээрх мах үнэтэй туссан. Тиймээс ч нөөц бэлддэг үеэрх үнэ тэгж их буугаагүй. Хэн хожсон бэ? Малчид хожоогүй. Та бид хожоогүй, түрээс авсан тэд хожсон. Өнөөдөр бүх улсаараа хохирч сууна! 😡
Дашрамд хэлэхэд үнийн хэлбэлзлийг бууруулна гэдэг үнэ тогтооно гэсэн үг биш. Үнэ унах үеэр авч нөөцлөх нь тухайн үед үнийг өсгөдөг ч үнэ өсөх үед нөөцөөсөө нийлүүлдэг учир үнийн өсөлтийг буулгадаг. Ингэж "тогтворжуулдаг" гэх үү дээ. Монголбанк доллар зах зээл дээр их нийлүүлэгдэх үед худалдаж авч, эрэлт өндөр огцом өсөх үед нийлүүлэх замаар энэ үнийн хэлбэлзлийг бууруулдаг. Манайх махан дээр яг эсэргээрээ хуслаа.
Яагаад махны үнэ жил бүр савладаг вэ гэж үү? Манайх бэлчээрийн мал аж ахуйгаас салаагүй байгаа учраас тэр л дээ. Намартаа махаа зардаг, зун дөхүүлж шинэ мах гардаг. Фермерийн аж ахуй нийт нийлүүлэлтийн ядаж 30% дөхөж байж энэ савалгаа мэдэгдэхүйц түвшинд бууж эхлэх биз. Тэр хүртэл бид үнийн хэлбэлзэлийг бууруулах л бодлого бариж иргэдийнхээ худалдан авах чадварыг хамгаална.
Тиймээс 2026 онд энэ "Малчдын гараас" гэдэг зүйлээс татгалзах хэрэгтэй.
-Бүтээмж нэмсэн "нэмүү өртөг" үүсгэсэн нөхцөл бүрдсэн үед бол болж байна. Яг одоо тийм зүйл өчүүхэн ч харагдахгүй байгааг энд тэмдэглэсүгэй!”
Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хүчээр зохицуулах гэсэн оролдлого өнөөдрийн 30 мянган төгрөг хүрсэн махны үнэ болоод байна. Малчны хотын үнээр нийслэлчүүдэд мах нийлүүлэх эх оронч санаачилгын эзэн энэ жил дараагийн эх оронч санаачилга сэдэж, нефть нэрж шатахуун үйлдвэрлэх гээд явж байгааг заавал дурдах хэрэгтэй юм байна.
Махны үнэ 2026 он гараад л нэмэгдэж эхэлсэн учраас энэ жил нөөцийн махыг арай эрт 1-р сарын сүүлээр худалдаалж эхэлсэн. 2026 оны хаварт бэлдэж 5000 тонн мах нөөцөлсөний 40% нь үхэр, 6% нь хонины мах бөгөөд нэг кг-ыг дэлгүүрийн үнээс 2 дахин хямдаар борлуулж байна. 2024 онд 6337 тонн, 2025 онд 8713 тонн мах нөөцөлсөнтэй харьцуулахад энэ оны 5000 тонн яах аргагүй бага тоо.
Он гараад л өссөн махны үнэ ийнхүү инфляцийг хоёр оронтой тоонд аваачлаа. Махны үнэ буугаагүй, улам өссөөр байгаа учраас 4-р сарын 10.1%-ийн инфляц тавдугаар сарын үзүүлэлт гарахад улам өсөх нь тодорхой.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12