2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


2026 оны геополитикийн гол эрсдэлүүд дундаас Японд хамгийн хүчтэй нөлөөлөх нь эдийн засгийн асуудлууд юм. Инфляцын дарамт, иений ханшийн уналт болон өсөн нэмэгдэж буй өрийн ачаалал (хүүгийн төвшин сүүлийн 30 жилийн дээд цэгт хүрсэн) зэрэг хүндхэн сорилтуудтайгаар Япон шинэ оныг угтсан авсан.
Хатагтай Такаичи Санаэгийн нэр хүнд одоогоор япончуудын дунд өндөр байгаа ч эдийн засгийн эдгээр сорилтыг давж чадахгүй бол рейтинг нь хурдтай унаж болзошгүй.
Такаичи ард, иргэдийнхээ амьжиргааны өртгийн өсөлтийг зохицуулах, тэнхэрч эхэлсэн дотоодын эдийн засгаа уналт рүү түлхчихгүй байх амаргүй даалгавартай нүүр тулж байна. Хятадын эдийн засгийн дефляци, АНУ-Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, мөн АНУ-Мексик-Канадын худалдааны хэлэлцээр Японы компаниудад хэрхэн нөлөөлөх вэ гэх мэт гадаад асуудлууд ч түүнд төвөг удаж мэднэ.
Энэ талаар “Eurasia Group”-ийн "Top Risks 2026" тайланд онцолсон, 2026 онд Японд учирч болох гол эрсдэлүүдийг тоймлон хүргэж байна.
1. Хятадын дефляцийн хавх
Хятад улс нь Японы худалдааны гол түнш. Энэ утгаараа Хятадын эдийн засгийн хямрал 2026 онд Японы хамгийн эмзэг цэг байх болно. Японы “алдагдсан 10 жил”-ийн хямрал Бээжинд нүүрлэх төлөвтэй байгаа нь Токиод таагүй мэдээ юм.
Хятадын дефляци Японы эдийн засагт хоёр замаар цохилт өгнө. Нэгдүгээрт, Хятадын дотоодын хатуу, ширүүн өрсөлдөөн нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг, эсвэл экспорт хийдэг Японы компаниудад хатуу цохилт болно. Хоёрдугаарт, Бээжин өнгөрсөн жилийнхээсээ их хэмжээний цахилгаан бараа, цахилгаан автомашиныг (EV) гадаад зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Энэ нь гадаад зах зээлд, нэн ялангуяа Зүүн өмнөд Азийн бүс нутагт Японы бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж, япончуудын ашиг орлогод дарамт учруулна.
Нөгөөтэйгүүр Хятадын эдийн засаг хямарснаар Бээжин-Токиогийн харилцаа зөөлөрч магадгүй. 2025 оны төгсгөлд Такаичигийн хийсэн Хятад Тайвань руу довтлох тухай мэдэгдлээс болж хоёр орны харилцаанд “сэв суусан”.
Үүний хариуд Хятад Японы аялал жуулчлалыг хязгаарлаж, далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг дахин хориглож, Окинавагийн орчимд цэргийн сургуулилалт хийсэн билээ. Гэвч дефляцид орсон Хятадын эдийн засаг Бээжинг Токиод хандах хандлагаа зөөлрүүлж, цэргийн ажиллагаагаа багасгахад хүргэж, улмаар дипломат харилцаагаа эргүүлэн сайжруулахад эерэг нөлөөтэй.
2. Америк маягийн төрийн капитализм
Такаичи 2026 онд АНУ-д оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Дональд Трампыг шинэ тарифийн хязгаарлалт тогтоохоос сэргийлж чадах эсэхээс Вашингтон-Токиогийн харилцаа хамаарах юм.
Трампын шаардлагыг хангахын тулд хатагтай Такаичи түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө АНУ-д $550 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр амласан билээ. Өнгөрсөн оны 10-р сард Трамптай анх удаа уулзахдаа тэрбээр эрчим хүч, хиймэл оюун ухаан (AI) болон ховор ашигт малтмалын чиглэлээр АНУ болон Японы компаниудын оролцоотой $400 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо зарласан. Энэ нь маргаангүй зөв нүүдэл ч Трамп Японы алхам бүрийг анхааралтай ажигласаар байх нь гарцаагүй.
Гэсэн хэдий ч өнгөрсөн оны 4-р сарын "чөлөөлөх өдрийн" тарифын цохилт дахин давтагдахгүй. Трамп давуу тал олж авахын тулд тарифын заналхийллийг ашигласаар байх ч "шок" үүсгэх үе шат нь нэгэнт ард үлдсэн. Түүнчлэн, 2026 онд протекционист /үндэсний эдийн засгаа гадаад өрсөлдөөнөөс хамгаалах бодлого/ арга хэмжээ давамгайлсан хэвээр байх ч дэлхийн даяаршлыг бүрэн нураах жил болохгүй. Тиймээс дэлхийн худалдааны системээс том ашиг хүртдэг Японы эдийн засгийн хувьд сайн мэдээ юм.
3. Японы толгойны өвчин
Японд үзүүлэх шууд эдийн засгийн заналхийлэл нь бага боловч АНУ-ын улс төрийн хувьсгал нь Японы компаниудын хувьд толгойны өвчин хэвээр байгаа. Япон улс нь АНУ-ын хамгийн том гадаад шууд хөрөнгө оруулагч. Японы компаниуд АНУ-ын бүх хэсэгт, улс төрийн системийнх нь дотор ч үйл ажиллагаа явуулдаг. Тэд Трампын уламжлалт бус арга барил, хууль дээдлэх ёсыг үл тоомсорлох хандлага, тогтсон дүрмийг зөрчдөгт нь санаа зовж байна. Тиймээс Японы компаниуд 2026 оны бизнесийн гол шийдвэрүүддээ АНУ-ын Засгийн газартай холбоотой эрсдэлийг тооцож оруулах шаардлагатай.
Энэ жилийн хоёр эрсдэл Японы тэргүүлэх салбар болох автомашины салбарт сорилт үүсгэнэ. Японы автомашин үйлдвэрлэгчид Мексикт үйл ажиллагаа явуулж, АНУ-ын зах зээлд экспорт хийдэг. Харамсалтай нь, Хойд Америкийн чөлөөт, таамаглаж болохуйц худалдааны өдрүүд дуусгавар болжээ. Японы авто машин үйлдвэрчлэгчдэд АНУ-Мексик-Канадын шинэ хэлэлцээ (USMCA) анхаарлынх нь төв цэг болж байна.
Вашингтон Хятадыг Мексикээр дамжуулан АНУ-д бараа бүтээгдэхүүнээ гаргах "арын хаалга" болгон ашиглахаас сэргийлэхэд гол анхаарлаа хандуулна. Мексикээс АНУ руу гаргаж буй автомашин болон сэлбэг хэрэгслийн экспортод Трампын засаг захиргаа хатуу хязгаарлалт тогтоох нь Японы үйлдвэрлэгчдийн бизнест дарамт авчирч болзошгүй. Мөн USMCA-ийн тодорхойгүй байдал нь Японы компаниудын зах зээлийн төлөвлөлтөд саад учруулна. Гэхдээ Мексик, Канад улсууд дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй бага тарифтай хэвээр байх нь Японы компаниудын хувьд сайн мэдээ юм.
4. Хятадын авто машины өрсөлдөөн
Японы автомашин үйлдвэрлэгчдийн санааг зовоож буй өөр нэг асуудал нь хятад машин. Хятадын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины борлуулалтаараа Японы үйлдвэрлэгчдийг гүйцэх төлөвтэй байна. Япончууд автомашины борлуулалтаараа дэлхийн номер нэг гэх байр суурийг 20 гаруй жил хадгалсан билээ. Японы компаниуд цахилгаан автомашины (EV) салбарт хоцорч байгаа бол Хятадын компаниуд эрчимтэй урагшилж буй. Японы үйлдвэрлэгчид АНУ-ын зах зээлд зориулж хайбрид болон бензин хөдөлгүүртэй автомашинд анхаарлаа хандуулсаар байвал зах зээлээс улам бүр шахагдаж болзошгүй. Жишээлбэл, Индонезид Хятадын EV брэндүүд эрчимтэй түрэн орж ирж, Японы давамгайлж байсан зах зээлийг хурдтай эзэлж байна.
5. Баруун хагас бөмбөрцөг
Эдийн засгийн үр дагавраас гадна гадаад бодлогын эрсдэлүүд япончуудыг “угтаж” байна. Трамп улс төр-эдийн засгийн гол анхаарлаа “Баруун хагас бөмбөрцөг”-т хандуулж байгаа нь Японыг түгшээж буй. Токиогийн зүгээс Вашингтоныг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт (Хятадын эсрэг) анхаарал тавихыг хүсдэг. Харин Вашингтоны хараа, хяналт Баруун хагас бөмбөрцөг рүү шилжих нь Токиогийн хувьд таатай зүйл биш.
Гэхдээ Америкийн ашиг сонирхол дэлхий даяар хэвээр байна. АНУ-ын батлан хамгаалахын зардал дээд амжилт тогтоосоор байгаа билээ. Хятадтай хийж буй Вашингтоны худалдааны зөрчил зөөлөрсөн ч Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн байр суурь сулраагүй. Жишээ нь, Вашингтон Тайваньд түүхэн дэх хамгийн том зэвсгийн тусламжаа илгээсэн. Эдгээр нь Токиод том баталгаа болж, тайвшрал өгсөн.
Орос-Украины дайн Токиогийн хувьд алс хол мэт боловч Оросын хоёр дахь фронтын асуудал Японд нөлөөтэй. Нэгдүгээрт, АНУ нь Оросын түрэмгийллийн эсрэг зогсож чадах уу гэдгийг Япон анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв Энэтхэг-Номхон далайн бүсэд ижил төстэй нөхцөл байдал үүсвэл АНУ хэрхэн хандахыг тооцоолж байна. Хоёрдугаарт, Япон өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг тооцох ёстой. Япон улс байгалийн шингэрүүлсэн хийн хэрэглээнийхээ (LNG) 9% орчмыг Оросын "Сахалин-2" байгууламжаас импортолдог. Цэргийн түрэмгийллээс болж Орос улс барууны хоригт орсон ч Япон тус төслөөс гарахгүй гэдгээ тууштай мэдэгдсээр ирсэн. 2026 онд ч энэ байдал өөрчлөгдөхгүй бөгөөд Токио гал зогсоох хэлэлцээ амжилттай болно гэсэн найдвараа алдахгүй байна.
6. AI-ийн хөөс
Японы хөрөнгийн зах зээлээс харвал 2025 онд хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн компаниуд маш ашигтай ажилласан. Япон улс АНУ-ын AI салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байна. Энэ нь АНУ-Японы хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тэргүүлэх чиглэл юм. Гэхдээ 2026 онд AI салбарын "хөөс" хагарвал Японы компаниудад хүндээр тусна.
7. Баруун жигүүрийн популизм
Эцэст нь, бүслэлтэд орсон Европ нь Японы дотоод улс төрд популист үзэл санааг сэргээх нөлөө үзүүлж болзошгүй. Европт амьжиргааны түвшин буурч байгаад дургүйцсэн иргэдийн уур амьсгал Японд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн агаад энэ нь баруун жигүүрийн популизмыг өдөөж байна. Одоогоор Такаичигийн консерватив бодлого нь баруун жигүүрийн популист Сансейто намын дэмжлэгийг өөртөө татах болсон. Гэхдээ Сансейто намын Такаичиг дэмжих дэмжлэг өнгөрсөн зун дээд цэгтээ хүрсэн бол аажмаар буурах болсон. Ямартай ч баруун жигүүрийн популизм Японд төдийлөн эрчээ авч чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ Токиогийн улстөрчид үүнийг анхааралтай ажиглах нь гарцаагүй.
Редакторласан Н.Доржпүрэв

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16