

NPR (2026-10-15)
Пүрэв гаригийн өглөө Украины дронууд Оросын Рязань мужийн нефть боловсруулах үйлдвэрт халдсан байна. Энэ нь Вашингтон болон Москвагийн Украиныг үл тоосон “түр зуурын” гал зогсоох хэлэлцээр дуусгавар болсныг зарласан Ерөнхийлөгч Володимир Зеленскийн үйлдэл юм.
Уг дроны цохилтын улмаас Москва хотоос зүүн өмнөд зүгт 300 орчим километр зайд орших тус үйлдвэрт гал гарсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Рязань мужийн амбан захирагч Павел Малков нар мэдэгдэв. Оросын "Astra" цахим хэвлэл түймэр гарч буй үеийн гэрэл зураг хэмээн нэгэн зургийг нийтэлжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн Украины нэгэн албан тушаалтан нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн болохыг баталсан байна.
Энэхүү цохилт нь Киевийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тогтоосон харилцааг улам хүндрүүлж болзошгүй бөгөөд тэдний харилцаа сүүлийн өдрүүдэд дахин муудаад байгаа юм.
Өнгөрөгч Ням гаригт Трампын зүгээс хоёр талд хандан агаарын дайралтаа зогсоохыг шаардсаныг Оросын тал илт үл тоомсорлож, Украины эрчим хүчний дэд бүтцийг тасралтгүй бөмбөгдсөөр байгаад Зеленский маш их бухимджээ. Украины засгийн газар уг гал зогсоох шаардлагыг дагаж мөрдөж байсан гэдгээ мэдэгдсэн байна.
Трампын гал зогсоох шаардлагыг биелүүлж байсан ч сүүлийн өдрүүдэд Украинд Оросын баллистик пуужингийн цохилтын талаарх Барууны тагнуулын эх сурвалжийн мэдээллийг өгөхөө больж, АНУ-д үйлдвэрлэсэн "Starlink" холбооны терминалын ашиглалтад хязгаарлалт тогтоосонд Зеленский гомдоллосон байна.
Украины удирдагч түүний тэвчээр барагдсан гэдгийг мэдэгдэв. Тэрбээр Пүрэв гаригт Financial Times сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийх Украины цохилтууд сэргэнэ гэдгийг дурдаад, "Бид дахиж хүлээхгүй" хэмээн хэлснийг иш татжээ.
Оросыг түрэмгийллийнх нь төлөө олон улсын зүгээс хориг арга хэмжээ авч, Путиныг дипломат аргаар тусгаарлахыг хичээж байгааг үл харгалзан Трамп Оросоос дизель түлш импортлох хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй байгуулсан юм.
Зеленский уг хэлэлцээрийг эрс шүүмжилж, энэ нь 4 жил хагас үргэлжилж буй Орос-Украины дайн түрэмгийллийг үргэлжлүүлэх боломжийг олгоно гэж мэдэгдэв. Трампын үед АНУ-аас дайныг зогсоох чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт ямар ч ахиц дэвшилд хүрээгүй байна.
Лхагва гаригийн орой Британы сэтгүүлч Пирс Морганы YouTube-ийн нэвтрүүлэгт оролцохдоо Зеленский нь Трампын Путинтэй хийсэн хэлэлцээр нь эрчим хүчний гал зогсоох мэдэгдэл болон "Starlink"-ийн үйл ажиллагааны асуудлуудаас болоод араараа тавиулсан мэт санагдсан гэдгээ хэлжээ.
Морганы зүгээс Америкийн Ерөнхийлөгчид хууртагдсан мэт байгаа эсэхийг асуухад Зеленский "Бидний хооронд ярихад, үнэхээр тийм. Манай улс амьд үлдэх ёстой бөгөөд бид өөрсдийн жинхэнэ, стратегийн түншүүд болох АНУ болон Ерөнхийлөгч Трампад найдаж байна" гэж хариулжээ.
Тэрбээр АНУ-ын гаргаж буй авирыг "үнэхээр хачирхалтай, түншүүдийн хооронд байж боломгүй зүйл" гээд "тэд 'Starlink'-ийг унтраасан нь бидний харилцаанд үнэхээр утгагүй алхам боллоо" гэв.
Тэрбээр уг ярилцлагадаа АНУ-ын хувьд "бид хүчирхэг түншээ алдаж байна" гэж хэлсэн байна. Мөн үргэлжлүүлэн "Ерөнхийлөгч Трамп манай талыг биш, нөгөө талыг сонгох нь зүрх зүсэм байна. Гэхдээ тэр дундыг баримталж байвал бид зөвшөөрөх байсан" гэлээ.
Хэн нэгэн Трампыг "түүхийн буруу талд" зогсох байр суурь руу түлхэж байна гэж Зеленский үзэж байна.
"Starlink"-ийн хурдны хязгаарлалт нь Украины өөрийгөө хамгаалах болон Оросын эсрэг хариу цохилт өгөх хүчин чармайлтыг боомилж байна гэж Киевийн албаныхан тэмдэглэв. Илон Маск өөрийн X хуудсандаа "Starlink"-ийн цэргийн зориулалттай хувилбарыг АНУ-ын арми болон Трамп хянадаг болохыг тэмдэглэсэн байна.
Барууны тагнуулын мэдээлэл дутагдсанаар Украин улс Оросын баллистик пуужинд илүү өртөмтгий (хамгаалалтгүй) болж байна. Харин Трамп АНУ Украины талтай тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсоогоогүй гэж мэдэгджээ.
Украины төв хэсгийн Кировоград муж 10 гаруй цаг үргэлжилсэн Оросын дроны дайралтад өртсөний улмаас 3 хүн амь үрэгдэж, 6 хүн шархадсан тухай Украины Онцгой байдлын албанаас Пүрэв гаригт мэдээллээ.
Зеленский "Орос улс хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөж, Украинд шахалт үзүүлэх гэсэн оролдлогуудыг зориуд даамжруулахаар сонгосон нь илт байна. Америк дахь хүн бүр түрэмгийлэгчийн талд биш, харин хүний амь насиг хамгаалах, энэ дайныг зогсоох, аюулгүй байдлыг баталгаажуулж, бидний хүчин чармайлтыг дэмжих нь чухал юм" гэлээ.
Украины Агаарын цэргийн хүчин шөнийн цагаар хийсэн өргөн хүрээний халдлагын үеэр Оросын 536 дроныг устгасан боловч 31 нь тодорхой цэгт цохилт өгсөн нь бүртгэгдсэн байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.