НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!
АНАЛИЗ

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

7 цагийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч буйгаа зарласан. Сөрөг хүчин үүнийгээ тайлбарлахдаа “Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төсөл нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь, төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудал бий. Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно” гэжээ.

Ардчилсан намын энэ удаад зодох гэж зодов уу, зодох шалтгаантай байв уу?! Гэдэг нь угтаа хоёр тусдаа ойлголт, хоёр өөр асуулт.

Үндсэндээ, төрийн эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн суурь зарчим ч мөн эхлэх цэг, төгсөх заагтай. Гэтэл өнөөдөр манай улс төрийн тавцанд хуулийн зааг ялгааг ашиг сонирхлынхоо өнгөөр мушгин тайлбарлаж, парламентын засаглалын амин чанарыг нэг суудлаас үгүйсгэх үйлдэл хэвийн үзэгдэл болжээ.

Үндсэн хуулийн зарчмаар бол улсын төсвийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь Засгийн газрын онцгой бөгөөд үндсэн бүрэн эрх. Энэ төслийг хэлэлцэж, шүүн тунгааж, батлах нь парламентын онцгой бүрэн эрх. Ийм л энгийн, тусдаа хоёр зааг. Бүр энгийнээр хэлбэл, Засгийн газар төсвөө хуулийн хугацаанд хуулийн хүрээнд өргөн барьсан. Үүнийг нь УИХ-ын дарга хуульд заасны дагуу хүлээж авсан. Харин Н.Учралын өргөн барьсан төсвийг танах, багасгах эрх нь парламентын гишүүн нэг бүрт бий.

Хууль санаачлах эрх гэдэг нь санал гарахаас эхлээд судалгаа хийх, олон нийтээс санал авах, төслийг боловсруулан парламентад албан ёсоор өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг эхлүүлэх цогц процесс юм. 2015 онд манайх ХБНГУ-ын эрх зүйн системээс рецепцлэн Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар Засгийн газар төсвөө өргөн барихаас өмнө УИХ-ын Тамгын газраар дамжин, дагалдах 10 орчим баримт бичгийн бүрдүүлбэрийг хянуулдаг зохицуулалттай.

Гэвч энд нэг зарчмын ялгаа бий. УИХ-ын Тамгын газар бол баримт бичгийн иж бүрдлийг шалгадаг техникийн байгууллага болохоос биш, бодлогын зөв бурууг шүүх шүүгч биш. Товчхондоо, тэдэнд форматалгааг хянахаас агуулгыг шүүх эрх хэмжээ байхгүй.

Гэтэл УИХ-ын дарга Засгийн газрын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, "агуулгын хяналт хийж, төслийг буцаах ёстой байсан" мэтээр улстөржүүлж байгаа нь Үндсэн хуульт ёсны суурь зарчмыг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл юм. Хууль санаачлагч төслөө өргөн мэдүүлэх шатанд “Таны бодлого зөв үү, буруу юу” гэж ганц хүн шүүн тунгаадаг дарангуйллын тогтолцоо Монголд байхгүй. Бодлогын зөв бурууг зөвхөн парламент танхимдаа хэлэлцэж, олонхын саналаар шийддэг нь ардчилсан засаглалын амин чанар билээ.

Цөөнхийн бүлгийн сэвээд байгаа “Төсвийг хүлээн авлаа, авсангүй” гэх яриа бол үнэндээ хууль зүйн хувьд төсвийн төсөл болон тодотголын 2 дахь хэлэлцүүлгийн шатанд л яригддаг дэгтэй.

УИХ-ын хяналт шалгалтын болон Дэгийн хуулиар бол нэг дэх хэлэлцүүлгээр парламент төсвийн төсөлтэй ерөнхийд нь танилцана. Хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг хэлэлцэж санал хураана.

Жинхэнэ шүүлтүүр энд ажилладаг. Хэрэв санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тухайн төслийг дэмжихгүй бол төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн засаж, дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаадаг. Өөрөөр хэлбэл, төсвийг буцаах эрх нь аль нэг албан тушаалтанд биш, гагцхүү нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон парламентын гишүүдийн олонход л байдаг.

Хуулийн ийм тодорхой, нэг мөр зохицуулалтыг мушгин тоглолт хийхийн цаана хэн хохирч байна вэ? Хариулт нь тун тодорхой. АН биш МАН биш. Инфляцид халаасаа тэмтрүүлж яваа иргэд, аж ахуйн нэгжүүд л цагаа, байгаа олоогүй улстөржилтийн гол хохирогч болж үлддэг.  Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийн эсрэг авахаар төлөвлөсөн бодит алхмуудыг хуулийн заалтаар бамбай хийн саатуулах нь гишүүдийн улс төрийн рейтингэд хэрэгтэй байж болох ч, цалин, тэтгэврийн нэмэгдлээ хүлээж суугаа иргэд АН-ын энэ акцыг яг хүсээ гэж үү?

Улс төр хийхэд учир бий, төрийн ажлыг гацаахад хязгаар бас бий. Парламент дээр шийдэх ёстой бодлогын асуудлыг гудамжнаас хашгирах утгагүй. Тэр тусмаа Ардчилсан нам 42 кноптой том сөрөг хүчин шүү дээ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв