НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрд хэрэггүй “зайран”: Хэсгийн ахлагч хэний “зарц” вэ?!
АНАЛИЗ

Төрд хэрэггүй “зайран”: Хэсгийн ахлагч хэний “зарц” вэ?!

2026 оны 2-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Татвар төлөгчдийн мөнгөөр сар бүр “урамшуулал” авч, намын ажлыг гардан хийдэг “хэсгийн ахлагч” гэх бүтцийг нийслэлд төрийн анхан шатанд бэхлээд арав гаруй жил болжээ. Сонгуулийн мөчлөгөөр “уядаг” энэ тогтолцоо бол төрийн үйлчилгээ биш, харин намын зохион байгуулалттай сүлжээг төсвөөр санхүүжүүлж ирсний бодит жишээ.

Олон улсын Сонгуулийн шударга байдлын стандартад “Төрийн санхүүжилт сонгуулийн сүлжээ бий болгоход зарцуулагдах ёсгүй” гэж байдаг. Харин манайд төрийн мөнгөөр сонгуулийн сүлжээг тэтгэх байдал бодитоор оршин тогтносоор байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын “Монголын сонгуулийн тайлан”-гуудад ч төрийн нөөцийг намын ашиг сонирхолд ашигласан, төрийн доод шатны ажилтнууд сонгуулийн кампанит ажилд татагдсан гэсэн дүгнэлтүүд байдаг.

2002 онд батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд бий болсон гэх боловч энэ орон тоо хуульд биш, журмаар амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан төрийн албан хаагч биш, сайн дурын ажилтан бүр биш, хариуцлага хүлээх субъект бас биш. Харин намд үнэнч байх шалгуураар сонгогддог завсар зайны хүмүүс юм.

Тэднийг дүүргийн ЗДТГ болон хорооны Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулсан “гэрээт ажилтан” гэдэг. Гэтэл дэлхийн олон оронд төрийн анхан шатны ажилтан зөвхөн хуулиар тогтоосон статустай байдаг. Үүнийг гадаад, дотоодоор явж “туршлага судалдаг” манай дарга нар мэдэхгүй байна гэж мэдээж үгүй.

НИТХ-аас 2025 онд хэсгийн ахлагчдын урамшууллыг 1.2 сая төгрөгөөр баталсан. Харин УИХ-ын гишүүдийн хэлснээр хэсгийн ахлагч нарын урамшуулал, бусад зардалд 30 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Их наядаар хулгай яригддаг болсон энэ цагт “бага мөнгө” мэт харагдаж болох ч асуудлын гогцоо нь хөрөнгө, мөнгөндөө биш. Энэ мөнгийг ямар зорилгоор, ямар тогтолцоонд зарцуулж байгаа нь асуудал юм.

Нийслэлийн удирдлагууд “хэсгийн ахлагч бол хорооны хамгийн өндөр ачаалалтай хүн. 70% нь залуус болсон” хэмээн тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр тэдний “ажиллах шалтгаан” нь иргэн биш, Засаг даргын даалгавар.

Тэр даалгавар нь, айл өрхийг намаар нь ангилах, регистр, утасны дугаар цуглуулах, сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараах ажлыг гардан гүйцэтгэх, намын суртал ухуулгыг төрийн нэрээр хүргэх явдал байсаар ирсэн.

Тиймээс “хэсгийн ахлагч” гэж хэн бэ, тэднийг юунд ашигладаг вэ гэдгийг захын чавганц ч гадарлахтайгаа болсон.

НҮБ-ын Орон нутгийн засаглалын зарчимд “Анхан шатны нэгж нь иргэнд тэгш, ялгаваргүй үйлчлэх ёстой” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатанд иргэдийг намаар ангилж, мэдээллийг шүүн дамжуулдаг бүтцийг улам томруулж буй нь энэ зарчмын эсрэгцэл болж байна.

НИТХ-аас баталсан “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам”-даа “Нийслэл, дүүрэг, хорооны удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанартай гүйцэтгэж, биелэлтийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө. Цаг үеийн шинжтэй нэмэлт ажил гүйцэтгэх тохиолдолд илүү цагаар ажиллана“ гээд зааж оруулсан нь тэднийг эрх баригчдын “нохойд барьдаг мод” болохыг гэрчилнэ.

Хэсгийн ахлагчийг сонгуулийн дөрвөн жилээр томилдог. Энэ нь санамсаргүй давхцал биш. Сонгуулийн мөчлөгт тааруулсан бүтэц болохыг харуулж буй.

Хамгийн ноцтой нь, эдгээр хүмүүс төрөөс урамшуулал нэрээр “цалин” авдаг атлаа эрх мэдэлтэй дарга нарт үйлчлэх нь энгийн үзэгдэл болсон. Иргэдийн санал хүсэлтийг “дамжуулах” нэртэй Үндсэн хуулийн бус энэ бүтэц иргэдийн сонгох эрхэнд ч бүдүүлгээр халддаг нь худлаа биш.

УИХ дахь АН-ын зарим гишүүн “Хэсгийн ахлагч гэх Үндсэн хуульд байхгүй нэгжийг олон жил санхүүжүүлсэн нь боловсон хулгай” гэж дүгнэж, хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна гэсэн нь ч учиртай. Тодруулбал, АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Иргэдийн сонгох, сонгогдох Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг боомилж, айл өрхүүдийг “багцалж”, далд хэлбэрийн дарамт учруулдаг ийм Үндсэн хуульд нийцээгүй бүтэц нь татвар төлөгчдийн мөнгөөр нэг өдөр ч цаашид оршин тогтнох ёсгүй. Зөвхөн зогсоох төдий бус, хууль бус гэж үзвэл өмнөх хугацаанд зарцуулсан төсвийг ч нэхэн төлүүлж, төрийн хохирлыг барагдуулах шаардлагатай” гэдэг нь үнэний ортой.

Үнэндээ, хэсгийн ахлагч нарын хийдэг ажлыг үгүйсгэж буйд бус, харин намын гар хөл болсон хүмүүсийг төрийн анхан шатны байгууллагад шингээж, аль муу бүхнийг гардан гүйцэтгэгч, халхавч болгож ашиглаж ирсэн тогтолцоог л эсэргүүцээд байгаа юм.

Хэсгийн ахлагч гэх хэрэггүй албан тушаалыг халахаас цэгцрэх, чөлөөлөх ажил эхлэх ёстой.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна