2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Улсын Дээд шүүх өчигдөр /2026.01.08/ хуралдаж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ард түмний олонхын засаглал нам, Бүгд найрамдах намын шинэчилсэн дүрмийг хэлэлцээд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд зааснаар буцаажээ. Тэгвэл өнөөдөр /2026.01.09/ хуралдаанаар Монгол ардын нам, Ардчилсан нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Их эв нам, Их нам Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх аж.
Монгол Улсын Дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй. Парламент нь таван намаас бүрдсэн. Засгийн эрхийг гурван нам хамтран барьж байгаа. Ингэж харвал Монгол олон намын тогтолцоотой улс мөн. Гэвч сүүлийн 12 жил засгийн эрхийг нэг нам барьж ирсэн, гуравдагчид нь улс төрийн нам гэхээсээ хувь хүний ТББ болж хувирсан гэвэл Монгол олон намын тогтолцоотой улсад тооцогдохгүй.
Манай улс төрийн намууд хэдий улаан, цэнхэр, ягаан, ногоон, улбар шар гэх мэт өнгөөрөө өөр хоорондоо ялгардаг ч үнэн хэрэгтээ үнэт зүйл, үзэл баримтлалын ямар ч ялгарал тэдэнд алга. Засгийн эрх, төрийн албан тушаалын хуваарилалтыг нам дамжсан бүлэглэлүүд шийддэг болтлоо Монголын улс төрийн намууд үнэт зүйлийн уналтад орсон.
Аль ч улс орны улс төрийн намуудын гол зорилго нь засгийн эрхийг барих байдаг. Засгийн эрх барихын тулд парламентад олонх болох ёстой. Парламентад олонх болох гэж уг нь улс төрийн намууд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд өрсөлддөг.
Харамсалтай нь, парламентын сонгуульд хэнийг нэр дэвшүүлж, хэнийг “жийх”-ийг хэдхэн дарга арын өрөөндөө шийддэг болтлоо Монголын улс төрийн намууд ялзарсан.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “УИХ-ын 2024 оны сонгуулиар жагсаалтад хэн, хэнийг оруулахгүй вэ гэдгээ Д.Амарбаясгалан, Л.Гантөмөр, Т.Доржханд бид ярьж тохирсон” гэж ам алдсан бий. Эндээс дүгнэвэл Монголын улс төрийн намууд хэдхэн хүний эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болсон, институцийн хэмжээнд төлөвшсөн нам манайд одоогоор алга байна.
Нэн ялангуяа “гуравдагч” нэртэй жижгүүд эрх мэдэлтнүүдийн “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч ирдэг” алиалагчид болсон. Юу үнэн, энэ үнэн.
Бүгд найрамдах нам, Ард түмний нам, Үнэн ба зөв нам, ШИНЭ нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Эх орон нам, Миний Монгол нам зэрэг “арилжааны” намууд улс төрийн бүлэглэлүүдэд ил цагаан үйлчилдэг болсон. Б.Жаргалсайхан БНН-ын тамгыг нэг насаараа зарж амьдарч байгаа. Үнэн ба зөв намын цаад эзэн нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болохыг А.Отгонбаатарын үйл хөдлөл нотолдог. Монголын либерал нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын жинхэнэ дарга нь Женко.Баттулга гэлцдэг.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын 2024 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулснаар Монголын парламент МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн таван намаас бүрдсэн. Хэдий тийм ч парламентад суудалтай жижгүүд нь “гудамжны" намуудаасаа дээрдэх юмгүй.
Жишээ нь, парламентын сонгуулийн өмнө “Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай тэмцэнэ” гэж итгэлтэйгээр ярьж явсан Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болмогцоо байр сууриа эрс өөрчилсөн.
Түүнийг МАН болон Х.Баттулгын улс төрийн эсрэг зоригтой тэмцэж чадна гэж итгэл хүлээлгэсэн иргэд, сонгогчдын урмыг хэдийнэ хугалсан. Үндэсний эвсэл үндсэндсээ “МАК”-ийн охин компани болж хувирсан.
УИХ-ын 2024 оны сонгуулиар Үндэсний эвсэл 75196 санал авч, парламентад дөрвөн суудал авсан нь эхний агаад сүүлчийн боломж болсныг нуухгүй. Дараагийн сонгуулиар нүүрний багаа хуулж, тараа хэдийнэ таниулсан тус эвсэл ахиад ийм хэмжээний суудал авч чадахгүй. Үнэндээ, Х.Баттулгаас зугатсан Ардчилсан намын дэмжигчид Үндэсний эвслийг зурахдаа Н.Номтойбаяр молигодуулна гэж огтхон төсөөлөөгүй байх.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах үеэр ХҮН намын дарга Т.Доржханд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нараас илүү иргэд Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярт урам хугарсан нь үнэн. “Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхгүй гээд зууралдсан юм байхгүй” гэх үгнээсээ тэр хэр улстөрч вэ гэдгээ таниулсан. Ердөө сарын өмнө Г.Занданшатарыг огцруулж, засаг сайд болно гэж ярьсан хэрнээ Ардчилсан намын шаардлагыг буруутгаж, “дэд сайдтай байх нь зөв” гэж хэдэнтээ урваж, шарвасан нь том бизнесээ авч үлдэх гэсэн арга, заль болох нь тодорхой
Тус эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн бол А.Ундраа чуулганы хуралдаанд оролцох нь цөөн. Дийлэнхдээ л гадаад томилолттой байдаг. Парламентын гишүүд дундаа гадаад томилолтоороо А.Ундраа гишүүн “толгой цохиж" байгаа. Д.Пүрэвдаваа гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан намтартай. Харин М.Сарнай Дарханы “Дашууд”-ын охин. Түүний аав Б.Мягмардаш нь З.Энхболдын ойрын хүн. Гэх мэтээр Үндсэний эвслийн үнэн төрх одоо л ичлэгдэж байна.
Улс төрийн намын тухай хуульд заасан таван хувийн босгоо давснаар ИЗЗН парламентад суудалтай нам болж чадсан юм. Гэхдээ тус нам Б.Батбаатарын гэр бүлийн компани болж хувирсан нь цуу яриа төдийхөн биш нь ойлгомжтой.
Ардчилсан нам засгаас гарсны дараа Г.Занданшатарын Засгийн газар ИЗНН-д урилга хүргүүлж, Б.Батбаатарын аз шовойв. Түүнд Г.Занданшатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг өгсөн. "Хүн тэжээвэл толгой цусаддаг" гэгчээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар орох үед тэрбээр чуулганы хуралдаанаа таслан, эс үйлдэхүйгээрээ танхимынхаа эсрэг талд үйлчилсэн байдаг.
ИЗНН-ын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон М.Нара Монголын парламентын түүхэнд гашуун үзэгдэл болж үлдэх биз.
УИХ-ын 2024 оны сонгуулиар нийт саналын 10.4%-ийг авсан ХҮН нам анх удаа парламентад 8 суудалтай болсон юм. ХҮН нам нийслэлийн хоёр тойрогт буюу БГД-д Ж.Золжаргал, БЗД-т П.Наранбаяр ялалт байгуулсны үр дүнд жагсаалтаар зургаан хүн УИХ-д орж ирсэн. Угтаа Т.Доржханд бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэж тооцож суусан байх. Хэдий УИХ-д бүлэгтээ болж чадаагүй ч ХҮН засагт хоёр сайдын суудалтай үлдэв.
УИХ-ын сонгуулиас хойш жижиг намын том дарангуйлагч болж хувирсан Т.Доржхандын намаас олон хүн гарч байгаагаа зарласан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргал. Баруун төвийн үзэл баримтлалтай гэх ч зүүн төвийн коммунист арга барилтай, хүнээ тогтоохоо байсан ХҮН нам парламентад ахин найман суудал авч чадахгүй гэдэг нь бодитой таамаглал.
Эцэст нь жижиг намууд жинхэнэ "биеэ үнэлэгчид" юм байна. Үнэт зүйл, үзэл баримтлалгүй бол парламентад суудал авсан ч томчуудын тоглоом, могойд барьдаг мод төдий болж дуусдаг аж!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16