2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25


“Оппа бол Гангнам стайл”. Өмнөд Солонгосын уран бүтээлч Сай (Psy)-н морь унаж буй мэт цоглог бүжиглэдэг 2012 оны тэрхүү цахим давалгааг хэн ч мартаагүй биз ээ. Энэхүү урьд хожид үзэгдээгүй асар том амжилт К-поп (K-pop) урсгалыг дэлхийн хөгжмийн газрын зурагт албан ёсоор тамгалж, дуучныг домогт алдартнуудын эгнээнд аваачсан юм. Тэгвэл үүнээс хойш түүний амьдралд юу тохиолдов?
“Gangnam Style” дуу Сайг хоёрхон хоногийн дотор дэлхий даяар алдаршуулж, тухайн үед өнөөгийнх шиг өргөн тархаж амжаагүй байсан К-поп урсгалыг олон улсын тавцанд гаргаж ирсэн билээ.
Сөүл хотын хамгийн чинээлэг, баян дүүргийн хэт чамирхсан, хээнцэр амьдралын хэв маягийг хошин хэлбэрээр элэглэсэн тус дуу нь өвөрмөц клип, сонирхолтой бүжгийн хөдөлгөөнийхөө ачаар дэлхий нийтийг хамарсан соёлын феномен болж чадсан юм.
Гэхдээ тэрбээр энэхүү оргилд хүрэхийн тулд цөөнгүй хүндрэл бэрхшээлийг туулсан байдаг. Тухайлбал, 2001 онд гаргасан түүний анхны дебют цомог болох “PSY from the Psycho World” нь дууны үгэндээ зүй бус агуулга оруулсан шалтгаанаар Өмнөд Солонгост торгууль хүлээж байв. Мөн 2002 онд гаргасан хоёр дахь цомгийг нь яг ижил шалтгаанаар 18-аас доош насныханд сонсохыг хориглож байжээ.

Тус дууны клип 2012 оны 7-р сард цацагдсаныхаа дараа тухайн жилийнхээ эцэс гэхэд YouTube платформ дээр нэг тэрбум хандалт авсан анхны видео болж түүхэнд үлдсэн юм. Түүнчлэн Америкийн нэр хүндтэй “Billboard Hot 100” чартын 2-р байр хүртэл дэвшиж байв. Сайгийн клипэн дээрээ хийдэг өвөрмөц морин бүжгийг тэр үед хүн бүр, тэр дундаа поп од Бритни Спирсээс эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэлх алдартай одод, улстөрчид хүртэл дуурайн бүжиглэж байлаа.
“Gangnam Style” видео клип 2014 онд хоёр тэрбум, улмаар 2023 оны 12-р сард таван тэрбум хандалтыг авсан бол энэ 2026 онд зургаан тэрбумын босгыг давахаар байна. Өдгөө тус клип нь тухайн платформ дээрх бүх цаг үеийн хамгийн их үзсэн арван видеоны нэгд албан ёсоор тооцогддог.
Цахим орчинд асар их хандалт авч, амжилт гаргасныхаа дараа Сай АНУ-ын Лос-Анжелес хот руу нүүсэн юм. Тэнд очоод алдартай дуучин Жастин Биберийн менежер Скутер Браунтай гэрээ байгуулж, түүний эзэмшдэг “Schoolboy Records” дуу бичлэгийн студитэй хамтран ажиллах болжээ.
2013 онд “Gangnam Style”-ынхаа нүсэр амжилтыг давтах зорилгоор “Gentleman” хэмээх шинэ дуугаа олон нийтийн сүлжээгээр цацсан юм. Тус бүтээл нь тодорхой хэмжээнд амжилт олсон хэдий ч удалгүй түүний бүжгийн хөдөлгөөнийг бусдаас хуулбарласан, оюуны өмч зөрчсөн гэх маргаан дэгдэж, ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Хоёр дахь оролдлогын дараа өмнөх шигээ дэлхийг шуугиулсан амжилт гаргах нь бараг л боломжгүй зүйл гэдэг нь тодорхой болсон тул хэдэн жилийг АНУ-д өнгөрүүлсний эцэст эх орондоо буюу Өмнөд Солонгост буцаж ирсэн байна.
“The Korea Times” сонины мэдээлснээр, Сай зөвхөн 2012 онд л гэхэд “Gangnam Style” хит дууныхаа ачаар хийсэн тоглолтууд, телевизийн сурталчилгаа болон олон нийтийн сүлжээнээс орсон орлогоосоо урьдчилсан байдлаар 40 гаруй сая ам.долларын ашиг олж чаджээ.
2012 оноос хойш Сай уран бүтээлээ тасралтгүй туурвиж, нийт гурван ч цомог гаргаад байна. Үүнд түүний 2017 оны “4X2=8” цомог болон хамгийн сүүлд 2022 онд гаргасан “Psy 9th” цомог нь багтаж байгаа юм.
Түүний “Psy 9th” цомогт багтсан “That That” хэмээх дуунд алдартай BTS хамтлагийн гишүүн Шуга (Suga) хамтран дуулсан бөгөөд дууны клипийг нь яг л “Gangnam Style”-ын хэв маягийг санагдуулам сонирхолтой, эрчимтэй хэмнэлтэйгээр бүтээжээ.
Үүнээс гадна 2012 онд “Summer Swag” хэмээх жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг өөрийн зуны хөгжмийн наадмыг эхлүүлсэн юм. Тус наадам нь Өмнөд Солонгосын томоохон хотуудыг дамжин аялан тоглолт хэлбэрээр зохиогддог бөгөөд саяхан “APT” хит дуугаараа дэлхийг байлдан дагуулсан BLACKPINK хамтлагийн Розе (Rosé) зэрэг олон шилдэг зочид уригдан оролцдог байна.
Сай зөвхөн өөрийн цомгийг гаргаж, наадам зохион байгуулаад зогсохгүй, 2019 онд “P Nation” хэмээх өөрийн бие даасан дуу бичлэгийн лейбл компаниа үүсгэн байгуулжээ. Тэрээр Apple-ийн “K-Pop Idols” цувралд тоглосон дуучин Жесси (Jessi)-гээс гадна “TNX”, “Baby Don't Cry” зэрэг залуу хамтлаг, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэн, гэрээ байгуулан ажиллаж байна.
Мөн барууны алдартай уран бүтээлчид К-поп хамтлагуудтай хамтран ажиллаж, тэдний алдартай дуунуудыг К-поп хэв маягт оруулан шинэчлэн дуулдаг “KPOPPED!” хэмээх бодит (reality) шоу нэвтрүүлгийг хамтран хөтөлдөг. Тус шоунд Патти ЛаБелль, Спайс Герлз (Spice Girls) хамтлагийн Мел Би болон Эмма Бантон, Ванилла Айс, Кеша, Жэй Балвин зэрэг дэлхийн олон алдартай одод оролцсон байна.
Сай өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ огтхон ч орхилгүй хөдөлмөрлөж ирсэн ч, 2022 онд “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа түүхэн вирал амжилтын түвшинд дахин хүрэхийг хичээхээ больсон хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Сай виолончель хөгжмийн ангийн оюутан Ю Хё Ёнтой гурван жилийн турш үерхсэний эцэст 2006 онд гэрлэсэн байна. Өдгөө гэргий болон ихэр охидынхоо хамт Сөүл хотод амар амгалан амьдарч байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25