2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Ираны нийслэл Тегераны ерөнхий дүр төрх
Баруун Тегераны 29 настай оршин суугч Мохаммед энэ долоо хоногийн эхээр орон сууц түрээсийн гэрээгээ сунгах үед үнийн өсөлт түүний хувьд гэнэтийн зүйл байсангүй. Түүний байрны эзэн 20 жил болсон хуучин орон сууцны сарын түрээсийг 130 сая риал ($73) байсныг 230 сая риал ($130) болгон нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ ханш нь хурдацтай унаж, үнэ цэнэ нь буурч буй түрээсийн барьцаа төлбөрийг (депозит) 5 тэрбум риал (одоогийн ханшаар $2800) хэвээр үлдээсэн байна.
Иранд одоогийн байдлаар сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ойролцоогоор $90 байгаа бөгөөд Засгийн газраас олгодог татаас, цахим купон, гэрлэлт болон орон сууцны тэтгэмжийг тооцвол $120 хүрэх боломжтой юм. Гэвч Ираны ихэнх түрээслэгчид амьжиргааны баталгаажих түвшнээс хамаагүй доогуур амьдарч байгаа бөгөөд тус улсад дундаж гэр бүлийн сарын орлого 700 сая риал ($400) байж гэмээнэ ядуурлын шугамаас давдаг байна.
Такси дуудлагын аппликейшнд жолоочоор ажилладаг Мохаммед "Аль Жазира" (Al Jazeera) агентлагт өгсөн ярилцлагадаа "Зах зээлийн өнөөгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалаад байрны эзэн гэрээгээ дахин нэг жилээр сунгасандаа баяртай байсан байх. Миний хувьд ч гэсэн эндээ үлдэхийг хүссэн, учир нь, өөр байр хайвал үнийн өсөлт үүнээс ч дор байж болох байлаа" хэмээн ярив.
Түүнчлэн, түүний амьдардаг хороолол өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон Израилийн зүгээс хийсэн агаарын цохилтод шууд өртөөгүй бөгөөд үүнээс хойш сар гаруйн өмнө байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийн дагуу дайралт зогсоод байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, өөрийнх нь амьдарч буй 60 м2 (645 фүүт) талбайтай орон сууцнаас нь хямд, жижиг, хуучин байрууд байдаг хэдий ч Тегераны өмнөд дүүрэгт байрлах тул ажилдаа явахын тулд өдөр бүр илүү нэг цагийг замд өнгөрөөх шаардлага гарна гэдгийг тодотгов.
ОРЛОГО, ЗАРЛАГЫН ЗӨРҮҮ БА ИНФЛЯЦЫН ДАРАМТ
Орон сууц өмчлөөгүй олон сая иран иргэдийн хувьд орлого, зарлага нь огт нийцэхгүй байгаа бөгөөд энэ нь тэднийг толгой хоргодох даруухан орон байртай үлдэхийн тулд асар их мөнгө төлөх эсвэл амьдралынхаа бусад хэрэгцээг танахад хүргэж байна.
Ираны Статистикийн төвөөс мэдээлснээр, Персийн хуанлийн эхний сар болох Фарвардин (4-р сарын 20-нд дууссан)-д орон сууцны түрээсийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31%-иар өсчээ. Тегеран хотын албан ёсны тоо баримт хараахан гараагүй байгаа ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоодын мэдээлж буйгаар, нийслэл хотод үнэ өмнөх жилийнхээс дунджаар 30-40%-иар өссөн байна. Харин дайны хөлд харьцангуй бага өртсөн бүс нутгуудад үнэ улам хурдацтай нэмэгдэж байгаа ажээ.
Эдгээр үзүүлэлт нь онолын хувьд тухайн сард 73%-д хүрсэн жилийн инфляцын түвшнээс доогуур байгаа мэт боловч дайны нөлөөгөөр олон улсын хоригт нэрвэгдсэн Ираны эдийн засаг улам суларч, сүүлийн долоо хоногуудад инфляц үүнээс ч илүү хурдтайгаар өссөн гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч дайн эхлэхээс өмнө ч олон жилийн турш хяналтгүй өссөн инфляцын улмаас түрээсийн суурь үнэ маш өндөр түвшинд хүрээд байсан юм. Цалин хөлс үнийн өсөлтийг огт гүйцэхгүй байгаа тул жил бүр гэрээгээ шинэчлэх нь олон хүний хувьд байнгын айдас, түгшүүрийн эх үүсвэр болжээ.
Тегераны үл хөдлөх хөрөнгийн зуучлагч "Аль Жазира"-д өгсөн ярилцлагадаа, эдийн засгийн нөхцөл байдал дордож, байлдааны ажиллагаа дахин сэргэж магадгүй гэсэн тодорхойгүй байдалаас шалтгаалан орон сууц түрээслэх гэрээ байгуулах нь эрс цөөрсөн гэдгийг хэлэв.
45 настай үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хэлэхдээ "Өндөр үнэ түрээсийн зах зээл дэх хүмүүсийн амьдралын хэв маягийг бүрэн өөрчилж байна. Зардлаа таллаж хуваахын тулд хамтран амьдрагч (өрөөний хамтрагч) хайж буй хүмүүс, зардлаа дийлэхгүйн тулд жижиг хотууд эсвэл хотын захын дүүрэг рүү нүүж буй иргэд, тэр байтугай эцэг эхийнхээ гэр рүү буцаж нүүж орж байгаа хүмүүс над дээр маш их ирж байна" гэв.
Тэрбээр мөн орон сууц худалдан авах үнэ ч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд зарим бүс нутагт тэнгэрт хадсан инфляцын түвшнээс ч давж гарсан гэдгийг дурдлаа. Барилгын материалын үнэ хурдацтай өсөж байгаа нь барилга угсралтын компаниудад хүнд цохилт болж, зарим барилгачид дайн дуусах эсэхийг харахаар ажлаа бүрэн зогсоосон байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГ БА ХЯЗГААРЛАГДМАЛ ТУСЛАМЖ
АНУ болон НҮБ-ын хатуу хориг арга хэмжээнүүдийн улмаас төсвийн хямралд орсон Ираны эрх баригчдын зүгээс ард иргэддээ үзүүлж буй дэмжлэг, тусламжийн хэмжээ маш хязгаарлагдмал байна.
Энэ сарын эхээр Тегераны Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын холбооноос Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн шийдвэрийг эш татан, дайны үеэр хугацаа нь дуусгавар болж буй түрээсийн гэрээнүүдийг автоматаар хоёр сар хүртэл хугацаагаар сунгаж болохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн. Хэдийгээр эрх баригчид жил бүрийн түрээсийн үнийн өсөлтийн дээд хязгаарыг 25% хэмээн тогтоосон боловч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, энэхүү үзүүлэлт нь үнийг барих дээд тааз биш, харин түрээсийн гэрээ байгуулахад байрны эздийн шууд тавьдаг "доод жишиг" үнэ болон хувирчээ.

Тегеран хотын нэгэн хорооллын орон сууцны барилгууд.
Засгийн газрын зүгээс иргэдэд түрээсийн барьцаа төлбөр (депозит) төлөхөд нь зориулж зээл олгож байгаа бөгөөд зээлийн хэмжээг бүс нутгаар нь ангилбал, Тегеранд 3.65 тэрбум риал ($2050) хүртэл, мужийн төвүүдэд 2.8 тэрбум риал ($1582), бусад хотод 1.85 тэрбум риал ($1050), тосгон, хөдөө орон нутагт 750 сая риал ($420) байхаар тогтоожээ.
Эдгээр мөнгөн дүн нь зарим түрээслэгчдэд тус нэмэр болж болох ч, ялангуяа Тегеран хотын олон дүүрэгт дундаж гэр бүл амьдрах хэмжээний байрны барьцаа төлбөр нь засгийн газраас олгож буй зээлийн хэмжээнээс хэд дахин өндөр байгаа тул ихэнх тохиолдолд хаанаа ч хүрэлцдэггүй байна.
Дайны үеэр орон гэргүй болсон эсвэл байшин барилга нь сүйдсэн иргэдэд чиглэсэн яаралтай тусламжийг үзүүлж байгаа бөгөөд Тегеран хотын захиргаа болон холбогдох байгууллагуудаас тэдгээр хүмүүсийг зочид буудлуудад түр байршуулж байна. Мөн хохирсон өрхүүдэд түрээсийн барьцаа төлбөрийн нэмэлт дэмжлэг авах эрх олгосон байна. Гэсэн хэдий ч бөмбөгдөлтөд өртөж гэмтсэн байранд амьдарч байсан түрээслэгчдийн хувьд хууль эрх зүйн маргаантай асуудлууд үүсэж байна. Учир нь байшин гэмтсэн даруйд түрээсийн төлбөр автоматаар цуцлагдах хууль байдаггүй аж.
Орон нутгийн ILNA мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тухайн орон сууц нь хүн амьдрах боломжгүй болох хэмжээний ноцтой эвдрэл, согоггүй бол түрээсийн төлбөр төлөх үүрэг хэвээр үлддэг байна. Тиймээс түрээслэгчдийг шаардлагатай бол иргэний хэргийг хянан шийдвэрлэхээр байгуулагдсан Маргаан шийдвэрлэх зөвлөлд хандахыг зөвлөж байгаа юм.
Тус улсын ирээдүйг харвал, "дайн ч үгүй, энх ч үгүй" урт удаан хугацааны тодорхойгүй байдалд гацсан Ираны эдийн засгийн бусад салбарын адил орон сууцны салбарын үнэ цаашид ч тасралтгүй өсөх төлөвтэй байна.
Даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, Персийн булангийн холбоотнуудынхаа хүсэлтээр Мягмар гаригт хийхээр төлөвлөж байсан Иран руу хийх дайралтаа түр хойшлуулсан гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэрэв тодорхой хэлэлцээрт хүрч чадахгүй бол түүний зэвсэгт хүчин цохилт өгсөн хэвээр байх болно гэдгийг тэрбээр хатуу анхааруулсан байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Даваа гаригт хийсэн илтгэлдээ "Бид тэмцэж байна, гэхдээ бидэнд асуудлууд бий. Бид гарцаагүй илүү их инфляцтай тулгарах болно. Тэмцэж буй хүмүүс хүнд хэцүүг даван туулах ёстой" хэмээн мэдэгджээ.
Тегеран хотын төв хэсэгт амьдардаг, өөрийгөө Резаи гэж танилцуулсан нэгэн эмэгтэй "Аль Жазира" агентлагт өнөөгийн үнэ ханшийг өнгөрсөн сартай харьцуулах аргагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд улам бүр нэмэгдсэн гэдгийг хэлэв. Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногт олон зүйл худалдаж авсан, гэтэл одоо тэдгээрийн үнэ хоёр дахин өсчихсөн байна. Миний худалдан авах чадвар хамгийн багадаа 70%-иар буурсан. Ерөөсөө ард иргэдийн худалдан авах чадвар асар ихээр унасан” гэж халаглан ярьжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27