

Оросын хойд хэсгийн Ямалын байгалийн хийн ордоос Монголын нутгийг дайруулан Хятад руу хий дамжуулах хоолой барих мега төсөл яригдаад бараг 10 гаруй жил болж байна.
Жилдээ 50 тэрбум куб.м хий нийлүүлэх хүчинтай энэхүү хийн хоолойн төслийг ОХУ хэрэгжүүлэх нэн сонирхолтой байгаа ч гол худалдан авагч Хятад “за” гэсэн хариу өгөлгүй Путиныг зовоосоор байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногт Владивосток хотноо болж өндөрлөсөн Дорнын Эдийн засгийн форумын үеэр “Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгалийн хүч” болгон солих саналыг ерөнхийлөгч Путин тавьж, Оросын хэвлэлүүд “Байгалийн хүч” нэрийг ашиглаад эхэллээ.
Оросын төсвийн орлогын ихээхэн хэсгийг бүрдүүлж байсан Европын зах зээл рүү экспортолж байсан хий дамжуулалт Украины дайны улмаас зогссон. Тиймээс экспортын тасалдсан орлогыг Азийн орнуудаас нөхөх зайлшгүй шаардлага оросуудад тулгараад байгаа.

“Байгалийн хүч” хийн хоолойн төслийн бэлтгэл ерөнхийдөө хангагдаж, барьж байгуулах эцсийн шатандаа орсон хэмээн Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын Эдийн засгийн форумын үеэр зохиогдсон ОХУ-Хятадын эрчим хүчний асуудлаарх уулзалтад мэдэгджээ.
Төслийн Оросын талын хэрэгжүүлэгч “Газпром” , Хятадын талын хэрэгжүүлэгч CNPC компаниуд өнгөрсөн 2025 оны 9-р сард Бээжин хотноо хамтын ажиллагааны санамж бичиг зурсан. Тухайн үед “хийн хоолойн төсөл хөдөллөө” хэмээн оросууд баярлаж байсан ч өнөөг болтол Бээжингийн зүгээс нааштай хариу өгөөгүй байгаа.
Хятадын тал 1000 куб.м хийг Оросын дотоодын зах зээлийн үнээр худалдан авахаар тулгаж байгаа хэмээн өнгөрсөн хавар Bloomberg мэдээлсэн. Харин Оросын Ерөнхий сайдын орлогч Александр Новак үнийн асуудал дээр санал зөрөлдөөгүй харин хийн хоолойн чиглэл, бүтээн байгуулалтын зардал, хоолойн аюулгүй ажиллагааны найдвартай байдал зэрэг асуудлаар санал нэгдээгүй хэмээн сая Владивостокод мэдэгджээ.
“Байгалийн хүч” хоолой нь зөвхөн экспортын зориулалттай биш. Оросын Алс Дорнодын хот суурингуудыг хийн хэрэглээ рүү шилжүүлэх давхар зорилтыг мөн агуулж байгаа учраас Кремлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх нэн сонирхолтой байгаа билээ.
Хятадын зүгээс шинэ төслөөс илүүтэй 2019 онд ашиглалтад орсон “Сибирийн хүч-1” хоолойгоор авах хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Жилдээ 38 тэрбум куб.м хий нийлүүлэх хүчин чадалтай энэ хоолойн хоёр жилийн өмнөөс төслийн дээд хүчин чадалдаа хүрсэн. Энэ хүчин чадлыг нэмэгдүүлж 44 тэрбум куб.м-т хүргэх тохироо Владивостокод мөн хийгджээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.