2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12


Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр хэлэлцээ бодит тохиролцоонд хүрч чадах эсэхийг сорино
The Wall Street Journal
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалтынхаа сүүлийн өдөрт тэс өөр хүлээлт, зорилготойгоор орж байна.
Гаднаа харагдах сүр жавхлан, нөхөрсөг дотно байдлын цаагуур хоёр талын энэхүү уулзалтаас хүртэхийг хүсэж буй үр дүн болон АНУ-Хятадын харилцааг ерөнхийд нь хэрхэн харж буй өнцөгт зарчмын томоохон ялгаанууд оршсоор байна.
Уулзалтын хоёр дахь бөгөөд сүүлчийн өдөр нь талуудын хэлэлцээ бодит үр дүнд хүрч чадах эсэхийг шалгах сорилт болох юм. Баасан гаригт хоёр улсын удирдагчид хамтдаа цай ууж, дараа нь ажлын үдийн хоолонд оролцохоор төлөвлөжээ. Ерөнхийлөгч Трамп үд дунд Бээжингээс мордох товтой байна.
Уулзалтын хоёр дахь өдөр эхлэхийн өмнө Трамп олон нийтийн сүлжээнд нийтлэл оруулахдаа Ши Жиньпинтэй санал зөрөлдөж буй асуудлуудаа зөөлрүүлэн харуулахыг хичээв. Тэрбээр Хятадын удирдагчийн "Өрнөд ертөнц уналтад орж байна" гэх утгатай өмнөх мэдэгдлүүдийг төдийлөн чухалчлахгүй байхыг эрмэлзэж байлаа.
Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр эрхэм хоорондын эхний өдрийн уулзалтын албан ёсны мэдээллүүд маш хянуур найруулагдсан бөгөөд шууд зөрчилдөөнөөс зайлсхийсэн байв. Гэсэн хэдий ч Цагаан ордноос гаргасан тайланд энэ өдрийг "худалдааны харилцааг шинэчлэх ажил хэрэгч алхам" гэж тодорхойлжээ. Харин Бээжингийн зүгээс гаргасан мэдэгдэлд үүнийг олон жилийн турш үргэлжлэх "стратегийн тогтвортой байдлын" тогтолцоог бүрдүүлэх эхний нүүдэл гэж үзсэн байна. Энэ нь Ши Жиньпиний хувьд Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд болон түүнээс цааш ч түүнийг илүү таамаглаж болохуйц байлгах гэсэн оролдлого юм.
Цагаан ордон Америкийн бизнесүүдэд Хятадын зах зээлд нэвтрэх боломж олгох болон АНУ-д хийх Хятадын хөрөнгө оруулалтын асуудлыг онцолсон байна. Мөн Хормузын хоолой "нээлттэй байх ёстой", Иран улс "хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүй" гэсэн хамтын амлалтуудыг тусгажээ. Трамп төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ хэлэлцээг "туйлын эерэг" болсныг тэмдэглээд, Ши Жиньпинийг есдүгээр сарын 24-нд Вашингтонд төрийн айлчлал хийхийг урьсан юм.
Харин Хятад улсын зүгээс гаргасан мэдээлэлд талуудын санал зөрөлдөөнийг зохицуулах, өрсөлдөөний хязгаар тогтоох замаар харилцааг ерөнхийд нь тогтворжуулахад анхаарлаа хандуулжээ. Энэ нь Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлахыг уриалж буй хүчнүүдийн нөлөөг саармагжуулахад чиглэсэн стратегийн хүрээ байв.
Эдгээр мэдэгдлүүдийг нэгтгэн дүгнэвэл, Ши Жиньпин Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацааг хэрхэн удирдах санаархал нь тодорхой харагдаж байна. Тэрбээр Трампыг АНУ-ын зүгээс хязгаарлалт хийх буюу гэнэтийн татвар ногдуулахгүй байх, гэнэтийн хориг арга хэмжээ авахгүй байх, Бээжингийн "улаан шугам" гэж үздэг асуудлуудад өдөөн хатгалга хийхгүй байх гэсэн олон нийтийн амлалтад хүлэгдүүлэхийг зорьж байна.
Энэ нь Бээжингийн хувьд дотоод улс төрийн ашигтай нүүдэл юм. Хятадын дотоод эдийн засаг хэрэглээний сул дорой байдал, аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадал зэрэг асуудлаас болж хүндрэлтэй байгаа энэ үед Ши Жиньпин АНУ-тай харилцаа тогтвортой байгааг харуулах нь үл хөдлөх хөрөнгө, ажил эрхлэлт болон орон нутгийн санхүүгийн салбарт хуримтлагдсан бухимдлыг зөөлрүүлэх эсрэг хүч болох юм.
Ийнхүү харилцааг тогтворжуулах тухай яриа хэлцлийн цаана Ши Жиньпиний Тайваний асуудлаарх байр суурь маш хатуу бөгөөд шулуухан байлаа. Тэрбээр Бээжингийн хяналтад орох ёстой гэж үздэг ардчилсан арлын улсад үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг сулруулахыг эрмэлзэж буйгаа ил тод илэрхийлэв.
Ши Жиньпин Трампад хандан Тайвань бол "хамгийн чухал асуудал" гэдгийг шууд хэлээд, хэрэв энэ асуудлыг "зөв зохицуулахгүй бол хоёр улс мөргөлдөх, тэр байтугай зэвсэгт мөргөлдөөнд хүрч, АНУ-Хятадын харилцааг бүхэлд нь туйлын аюултай байдалд оруулна" гэж анхааруулжээ.

Тайванийн нэгэн дэлгүүрийн зурагтын дэлгэц дээр Трамп, Ши нарын уулзалтыг харуулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Бээжин Тайваний асуудлыг хоёр талын харилцааны суурь бүтэцтэй шууд холбож өгснөөр их гүрнүүдийн харилцааны нөхцөлийг өөрийнхөөрөө тодорхойлохыг оролдож байна.
"Тайваний асуудлыг буруу залуурдаж байж стратегийн бүтээлч тогтвортой байдалд хүрнэ гэж үгүй. Бид та нарт хоёуланг нь зэрэг олгохгүй" гэж Ази Группийн түнш, АНУ-ын ахлах дипломатч асан Даниэль Критенбринк Ши Жиньпиний стратегийг тайлбарлан хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "АНУ-ын хийж буй ямар нэгэн үйлдэлд Хятад дургүйцэх бүрдээ тэд энэ асуудал руугаа эргэж орно. Тэгээд 'Харж байна уу, та бүхэн хоёр удирдагчийн тохиролцсон нэгдмэл ойлголтыг үгүйсгэлээ' гэж хэлэх болно" гэв.
Трамп сэтгүүлчид асуухад Ши Жиньпиний Тайваний талаарх мэдэгдэлд олон нийтийн өмнө хариу өгөөгүй юм. Цагаан ордон дээд хэмжээний уулзалтын өмнөх мэдээлэлдээ арлын талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг онцолсон.
Вашингтон болон Бээжин 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш АНУ Тайванийг Хятадын нэг хэсэг гэсэн Бээжингийн байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй ч, "тэмдэглэж авах" (acknowledging but not endorsing) бодлогыг баримталж ирсэн. Трампыг дагалдан яваа Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хятад улс Тайванийг хүчээр эзлэх оролдлого хийвэл энэ нь "аймшигтай алдаа" болно гэж анхааруулав. Рубио Пүрэв гаригт NBC сувагт өгсөн ярилцлагадаа "Бидний зүгээс харахад, одоо байгаа статус-кво буюу нөхцөл байдлыг хүчээр өөрчлөх аливаа оролдлого хоёр улсад хоёуланд нь муугаар нөлөөлнө" гэжээ.
Тайваний тал Бээжинд болж буй уулзалтын явцад тодорхой хэмжээнд тайвширсан байдалтай байна. Тайванийн Эх газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Лян Вэнь-чие "Хятадын хүчтэй шаардлагууд Тайваньд хохирол учруулах вий гэж хүн бүр санаа зовж байсан. Одоогоор бид тийм зүйл олж сонсоогүй байна... Одоогоор шүү дээ" гэж хэлжээ.
Трампын есдүгээр сарын 24-нд Ши Жиньпинийг Цагаан ордонд урьсан саналыг хоёр тал харилцааг тэнцвэржүүлэх бас нэгэн алхам гэж сурталчилж байна. Гэвч бодит байдал дээр шинжээчид энэхүү айлчлалын амлалтыг Бээжингийн зүгээс Вашингтоны зарим шийдвэрүүдийг хойшлуулах хөшүүрэг болгон ашиглаж магадгүй гэж үзэж байна.
Үүний гол жишээ бол Вашингтоны хуулиар хүлээсэн үүрэг болох Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудал юм. Ши Жиньпин энэхүү дээд хэмжээний уулзалтын өмнөхөн зэвсгийн шинэ багцыг батлахгүй байхыг Трампад анхааруулсан бөгөөд төлөвлөгдсөн айлчлалын хугацаа нь Бээжинд зэвсгийн борлуулалтын эсрэг шахалт үзүүлэх боломжийг олгож байна. Хятадын албаны хүмүүс зэвсэг нийлүүлэх тухай аливаа өндөр түвшний мэдэгдэл нь хоёр удирдагчийн хүчин зүтгэж буй уулзалтын "уур амьсгалыг эвдэнэ" гэж дипломат хэллэгээр илэрхийлсээр ирсэн.
Бээжингийн ойрын хугацааны зорилго бол хүчээр нэгтгэх биш, харин Тайваний стратегийн орон зайг шахах явдал юм" гэж Тайваний хууль тогтоогч асан, одоо Хадсон хүрээлэнгийн ахлах ажилтан Жейсон Хсу хэлэв. "Ши Жиньпин Трампт энэ шахалтыг хэвээр хадгалахыг хүсэж байна.
Хоёр улс өнгөрсөн жил хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн "нүдийг нүдээр" гэх зарчимтай худалдааны дайнаа намжаасан ч харилцааны суурь бүтэц өөрчлөгдөөгүй хэвээр байна. Технологийн салбар, АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт эсвэл Ираны асуудал ч бай, Вашингтон болон Бээжингийн байр суурь зөрчилдсөн хэвээр байгаа бөгөөд Трамп өөрийгөө Ши Жиньпинтэй найзууд гэж хичнээн зүтгүүлсэн ч энэ байдал өөрчлөгдсөнгүй.
Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Ши Жиньпинийг Хятад улс Тегеранд "цэргийн техник хэрэгсэл өгөхгүй" гэж хэлсэн тухай дурдаад, Ши "гэрээ байгуулахыг хүсэж байгаа" бөгөөд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэжээ. Гэвч Хятад улс одоог хүртэл Иранаас түүхий тос худалдан авахаа зогсоох шинж алга. Энэхүү худалдан авалт нь Вашингтоны хориг арга хэмжээний дэглэмээр боомилохыг оролдож буй Ираны эдийн засгийн амин судас болсоор байна.
Түүнчлэн хиймэл оюун ухааны аюулгүй байдлын протоколуудын талаар хэлэлцэхээр тохиролцсон нь хоёр гүрний хоорондох ширүүн өрсөлдөөнийг илтгэв. Сангийн сайд Скотт Бессент Пүрэв гарагт CNBC сувгаар ярихдаа АНУ-Хятадын хиймэл оюун ухааны шинэ яриа хэлцлийг Америк улс энэ технологийн уралдаанд тэргүүлж байгаагийн илрэл гэж тайлбарлажээ.
"Хиймэл оюун ухааны хоёр супер гүрэн хэлэлцэж эхлэх гэж байна" гэж Бессент хэлээд, "Бид Хятадуудтай хиймэл оюун ухааны талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадаж байгаагийн шалтгаан нь бид тэргүүлж байгаад оршиж байна. Хэрэв тэд биднээс хол тасархай түрүүлж байсан бол бид ийм хэлэлцүүлэг хийхгүй байсан болов уу" хэмээн онцлон тэмдэглэв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12