2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Дэн Лижюнь биднийг орхин одлоо!. Алдарт дуучин Дэн Тайландад багтраа өвчний улмаас 1995 оны тавдугаар сард гэнэт таалал төгссөн билээ. Энэхүү гашуудалтай мэдээ хятад үндэстэн өргөнөөр амьдардаг дэлхийн өнцөг булан бүрд асар том хад далайд шидэгдэх мэт хүчтэй давалгааг үүсгэлээ. Тайвань, Хонконг, Эх газрын Хятад, Зүүн өмнөд Ази гээд хятад хэлтэн орнууд бүгд нэгэн дуугаар гашуудан эмгэнэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай тэргүүн нүүрэндээ онцлов. Түүний араас нэхэн олгосон төрийн болон олон нийтийн дээд шагнал, одон медалиуд тасарсангүй. Япон дахь түүний гэрээт дуу бичлэгийн компанийн ажилтнууд хүртэл эмгэнэл илэрхийлж, бүтэн долоо хоногийн турш хар тууз зүүсэн байна. Америкийн "Нью-Йорк Таймс", "Тайм" сэтгүүлүүд ч түүний таалал төгссөн тухай мэдээг нийтэлж, түүний хятад дууны урлаг болон сонсогчдод үзүүлсэн нөлөөг өндөр үнэлжээ.
Хятадын нийгэмд хорь, гучин жилийн турш од болон гялалзаж, байлдан дагуулж байсан Дэн Лижюнь өнөөдөр түүх болон үлдсэн ч, сая шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлд "Мөнхийн амраг" хэвээрээ хоцорлоо.
Шүтэн бишрэгчийн гунигт үдэлт. Тайбэй хотын "Шүйжүнь" номын дэлгүүрийн эзэн, 45 настай Цэн Дафү найзынхаа машинаар өмнөдийг чиглэн, Таоюань олон улсын нисэх онгоцны буудалд өөрийн хайртай шүтдэг одынхоо шарилыг угтахаар очжээ. Хүйтэн, уудам ачааны терминалд байрлах цагаан өнгөтэй энгийн нэгэн авс туйлын өрөвдөм бөгөөд гунигтай харагдана. Цэн Дафү гараа хавсран, харанхуй шөнөөр алслан одох шарил тээвэрлэсэн машиныг гунигтай нүдээр үдлээ. Дараа өдөр нь тэрбээр хотын оршуулах товчоонд очиж, Дэн Лижюньд эцсийн хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн боловч гэр бүлийн хүн биш гэсэн шалтгаанаар нэвтэрч чадаагүй юм.
Хорь гаруй жилийн өмнө Цэн Дафү Зяньмэнь арлын хилийн цэргийн ангид эмчээр алба хааж байжээ. Тэрхүү урт, уйтгартай, ганцаардмал цэргийн амьдралыг Дэн Лижюний уянгалаг дуу хоолой л хөнгөлж, тайтгаруулдаг байв. Нийгэмд хөл тавиад ч амьдралын нугачаа, бүтэлгүйтэл бүртэй нүүр тулахдаа түүний дуунаас урам зориг авдаг байжээ. Түүний залуу наснаас эхлээд эрийн цээнд хүрэх хүртэлх амьдралынх нь хамгийн нандин дурсамжууд энэ дуучинтай салшгүй холбоотой байв.

Тэрээр "Сяо Дэн" (Бяцхан Дэн)-ийн урлагт хөл тавьсны 15 жилийн ойн тоглолт дээр алга ташин хашхирч, Тайландын хойд хэсэгт туслах сайн дурын дуудлага худалдаагаар түүний ганцхан зургийг авахын тулд 100 мянган юань амлаад ч авч чадаагүй юм. Өөрөө сонсохоос гадна найз нөхөд, төрөл төрөгсдийнхөө төрсөн өдрөөр үргэлж Дэн Лижюний цомог, кассетыг бэлэглэдэг байв.
Түүний гэнэтийн үхлийн мэдээг сонсоод Цэн Дафү эхний хэдэн шөнө нойргүй хонож, дараа нь бүтэн арван хэд хоногийн турш өглөөнөөс үдэш хүртэл зөвхөн түүний дууг сонсжээ. Түүний номын дэлгүүрт ч Дэн Лижюний намуухан, ялдам дуу хоолой өдөржин эгшиглэж байв.
Эхнэр нь түүнийг "Төрсөн эцэг эхээ алдсан мэт гашуудаж байна" гэж хэлсэн бөгөөд Цэн Дафү санаа алдан: -"Би эхнэртээ захисан. Намайг нэг өдөр өөд болоход, хойдох буяны эхний долоо хоногт (头七) минь зөвхөн Дэн Лижюний дууг л тавьж өгөхөд хангалттай" гэжээ. Цэн Дафү өөр шиг нь ийм үнэнч шүтэн бишрэгч ганц тэр биш, сая саяараа байгааг бахархан хэлж байв.

1953 онд төрсөн Дэн Лижюнь бол Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн алдартай, нэр нөлөө бүхий эмэгтэй дуучин юм. Магадгүй 1970-аад оноос хойш төрсөн шинэ үеийнхэн түүний гайхамшгийг бүрэн ойлгохгүй байж болох ч, ахмад үеийнхэн түүнийг яагаад зүрхэндээ нандигнадаг шалтгааныг дурсан ярьж чадна.

Түүний эцэг нь Бээжин дуурийн хорхойтон байсан тул охин багаасаа л энэ урлагийн орчинд өсөж, дуулах дуртай болжээ. Тав, зургаахан настай байхдаа аавынхаа том цамцыг өмсөж, алчуур мөрөндөө хаяж, үсэндээ цэцэг хатгаад, гутлын тосны хайрцгаар хийсэн "микрофон"-ыхоо өмнө Тайвань дуурийг тун чиг гарамгай дуулдаг байв. Бага сургуульд орсноос хойш бусдаас илүү чанга, илүү уянгалаг дуулдаг байсан тэрбээр сургуулийн үдэшлэг, арга хэмжээнд гоцлон дуулж, авьяас нь тодорч эхэлжээ. Сүүлд нь Хуанмэй урсгалын "Фан Ин Тай" дуугаар дууны тэмцээнд түрүүлж, дунд сургуулийн гуравдугаар ангиасаа сургуулиа орхин, ресторан, цэнгээний газруудад дуулж эхэлсэн байна.
Түүний дараа телевизийн "Оддын цугларалт" нэвтрүүлэгт орж, "Өдрийн нэг од" нэвтрүүлгийг хөтлөн, кинонд тоглож, түүний нэр хүнд Хонконг, Тайвань төдийгүй Зүүн өмнөд Ази даяар түгэв. 1973 онд тэрбээр өөрийгөө сорихоор Япон руу явахаар шийдэж, "Олон улсын уран бүтээлч" болох замаа засжээ. Төд удалгүй Японы алдарт "Кохаку Ута Гассен" (Улаан, цагаан дууны тэмцээн)-ээс "Шилдэг шинэ залуу дуучин" шагналыг хүртсэн юм.

“ЦЭРГҮҮДИЙН ЗҮРХНИЙ АМРАГ”
Япон хэл мэдэхгүй байхдаа тэрбээр дууны үгэн дээрээ Тайвань авианы тэмдэглэгээ (фонетик), ханз, ром үсэг, тайлбаруудыг дүүрэн бичиж, зөв дуудахаас гадна дууны утга учир, сэтгэл хөдлөл, хөдөлгөөнийг бүгдийг нь зохицуулж сурах гэж маш их хөдөлмөрлөжээ.
Гэвч хөлс асгаруулан тарьсан үр тариа л амттай байдаг. Дэн Лижюнь нэгэн ярилцлагадаа "Өмнө нь миний хувьд дуулна гэдэг зөвхөн үг аяыг унших төдий байсан. Тайзан дээр гарахаас бага зэрэг айдаг, сэтгэл хөдлөл болон гадаад төрхөө бүрэн чөлөөлж зүрхэлдэггүй байв. Харин Японд очсоноос хойш жүжиглэлт, үзүүлбэр гэж юу болохыг ойлгож, өөрийгөө бүрэн чөлөөлж, чин сэтгэлээсээ дуулж сурсан. Үүнийг л жинхэнэ дуулах гэнэ" гэж хүлээн зөвшөөрчээ. Тэр үеэс тэрбээр уламжлалт ардын дууны аяыг арай илүү орчин үеийн, төгс техниктэй болгож өөрчилсөн байна. Японд байсан алдартай Тайвань дуучин Вэн Цянью хүртэл түүнээс хоолойн дасгалын техникийн бичлэг бүхий кассетыг бэлгэнд авч байснаа дурсжээ.

Үүний дараа тэрбээр Америкт тоглолтоо хийж, түүний дуу хоолой Хятадын "Хулсан хөшиг"-ийг нэвтлэн, Эх газрын Хятадад "Сяо Дэн"-ийн халууралтыг үүсгэв. Мөн Тайванийн "Алтан хонх" наадмын шилдэг эмэгтэй дуучин болж, цэргийн ангиудаар явж үнэ төлбөргүй дуулан, "Шилдэг арван залуу эмэгтэй"-н нэгээр шалгарчээ. Цэргийн хүний охин байсан тэрбээр эх орныхоо цэргүүдэд зориулж олон удаа тоглолт хийсэн тул түүнийг "Цэргүүдийн зүрхний амраг" хэмээн өргөмжилсөн байна.
Дэн Лижюний сая сонсогчдын зүрх сэтгэлийг булаасан шалтгаан нь түүний уламжлалт хятад эмэгтэйн ялдам төрх, хөршийн охин шиг цэвэр ичимтгий зангаас гадна, түүний дууны үг, хоолой болон тухайн үеийн түүхэн цаг үетэй холбоотой байв.
Соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч Жан Жигао поп дууны онцлогийг тодорхойлохдоо "Дууны үг нь маш амьдралтай, энгийн ойлгомжтой байх ёстой. Ая нь хэт нүсэр биш, хэнд ч дагаж дуулахад амархан, хэт өндөр эсвэл хэт нам туйл руу хазайдаггүй, сонсоход аятайхан, зөөлөн байх ёстой" гэжээ.
ХЭЗЭЭ ЧИ МИНЬ ЭРГЭЖ ИРЭХ ВЭ?
Дэн Лижюний дуулсан "Хэзээ чи минь эргэж ирэх вэ" (何日君再來), "Мянган үг, түмэн цаасан шувуу" (千言萬語) эсвэл "Жижиг хотын түүх" (小城故事) зэрэг дуунуудыг сонсоход яг л энэ онцлогт тохирдог. Сонсоход туйлын тааламжтай, ямар ч дарамт стрессгүй, зөөлөн байдаг.
Америкийн Өмнөд Калифорнийн их сургуулийн соёлын онолын доктор Е Юэюү бичихдээ: "Дэн Лижюнь өөрийн чихэнд наалдацтай, уянгалаг хоолойгоороо алдартай. Тэрбээр барууны хөгжмийн найруулгад Хятадын уламжлалт ардын дууны өнгө аясыг чадварлаг шингээж, 1930-40-өөд оны Шанхайн поп хөгжмийн хэв маягийг өвлөн авсан юм" гэжээ.
Радиогийн хөтлөгч Ли Вэньюань түүнийг маш ухаалаг, өөрийгөө маш сайн мэддэг, тайзан дээрх үйлдэл бүр нь "яг таг, тунг нь тааруулсан" байдаг бөгөөд энэ нь бусад уран бүтээлчдийн хийж чаддаггүй хамгийн хэцүү зүйл гэдгийг онцолсон байна.
Дуурийн дуучин Фан Юйвэний нүдээр бол Дэн Лижюний хоолойн цаг хүрээ (диапазон) тийм ч өргөн биш боловч тэрбээр микрофоныг гайхалтай эзэмшдэг байжээ. Микрофоныг зөв ашиглаж, амьсгалаа зөв удирдсанаар дуучин, сонсогч хоёр нэгэн долгионд ордог. Түүний хоолойн чадал намуухан тул микрофондоо тун ойрхон дуулдаг байсан ч амьсгаадах, шүд зуурах ямар ч илүүдэл чимээ гардаггүй, үг бүрийг маш тод хэлдэг байв. Яг л сонсогчийн чихэнд наалдаж, зөвхөн түүнд зориулж дуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул Японы хөгжмийн ертөнц түүнийг "Уйлан дуулах мэт... хүнийг ховсддог хоолой" гэж биширч байв.
Хөгжмийн зохиолч Зүо Хунъюань Дэн Лижюний хоолойг "Долоон хувь амтлаг, гурван хувь нулимстай" гэж тодорхойлжээ. Түүний хамгийн гайхалтай чадвар нь дуулах үедээ сэтгэл хөдлөлөө бүрэн удирдаж чаддагт байв.
Тайванийн хамгийн анхны олон ангит кино болох "Жинжин"-гийн сэдэвчилсэн дууг тэрбээр 16-хан настайдаа дуулжээ. Ээжээсээ төөрч, дэлхийн өнцөг булан бүрээр хайж буй охины гунигт түүхийг өгүүлэх энэ дууны утгыг хүүхдээрээ шахуу байсан охин анх сайн ойлгохгүй, дуулж байхдаа инээд алдаж байв. Зүо Хунъюань түүнд киноны гол дүрийн зовлонт амьдралыг маш нарийн тайлбарлаж өгсний дараа Дэн Лижюнь дуу бичлэгийн өрөөнд дуулж дуусгахдаа үнэхээр нулимс асгаруулсан гэдэг. Энэхүү чин сэтгэлийн дуулалт нь түүнийг нэг шөнийн дотор алдартай болоход хүргэсэн гол түлхүүр байв.

Дэн Лижюний Тайваньд тодорч гарч ирсэн үе бол оддоор цангаж байсан цаг үе байлаа. 1970-аад оны улс төрийн хямрал, Тайвань улс Америк, Японтой дипломат харилцаагаа тасалж, нийгэм даяар сэтгэл санааны гутралд ороод байх үед Дэн Лижюнь гарч ирсэн нь Тайванийн ард түмэнд асар том найдвар, бахархал болсон юм. Түүний дуунууд хүмүүсийн эх орноо, элгэн саднаа санах гунигийг зөөллөж, амьдралын хүнд хэцүүг мартагнуулах "Зүрх сэтгэлийн иллэг"-ийн үүргийг гүйцэтгэж байв.
ЭХ ГАЗРЫГ "ЗАХИРСАН" НЬ
Урлаг судлаачдын үзэж байгаагаар, Дэн Лижюнь Хятадын эх газарт нэвтрэхээсээ өмнө ердөө л нэг авьяаслаг дуучин байсан бол, түүний дуу Эх газрын Хятадын "Хулсан хөшиг"-ийг нэвтэлснээр тэрбээр жинхэнэ түүхэн "Супер Од" болж хувирчээ.
1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Эх газрын Хятад улс Соёлын хувьсгалын аймшигт шуургыг дөнгөж даван туулаад байв. Тухайн үеийн дуунууд дандаа улс төрийн уриа лоозон, хуурай, хатуу ширүүн шинжтэй байлаа. Харин Дэн Лижюний дуу хөгжим хаалттай Хятад оронд "Хамгийн анхны нарны туяа" болон тусч, хүмүүст хайр сэтгэл, уучлал, амьдралын баяр баясгаланг мэдрүүлсэн юм.
Бүх зүйл нь улс төржсөн тэр нийгэмд түм буман хятад хүн Дэн Лижюний зөөлөн дуунаас өөрсдийн гээсэн хайр сэтгэл, хүнлэг чанарыг эргүүлэн олж авч байв.
Хэдийгээр Хятадын Коммунист намын зүгээс түүний дууг "өрнөдийн хөрөнгөтний садар самуун дуу", "эх орноосоо урвагчдын ая" хэмээн хориглосон боловч, ард түмэн кассет тоглуулагчаар түүний дууг нууцаар хуулбарлан сонссоор байв. Тэгэхэд нийгэмд нэгэн алдартай хэлц үг гарсан нь: "Бидэнд Хөгшин Дэн (Дэн Сяопин) хэрэггүй, Бяцхан Дэн (Дэн Лижюнь) хэрэгтэй. Дэн Сяопин Хятадыг өдөр нь захирдаг бол, Дэн Лижюнь Хятадыг шөнө нь захирдаг" гэх яриа байв.
Тухайн үед Хятад ажилчны сарын дундаж цалин 40 юань байхад, Дэн Лижюний ганц кассет хар захаар 10-20 юань хүрч байв. Гэсэн ч хүмүүс хагас сарын цалингаа өгөөд ч хамаагүй түүний дууг худалдаж авдаг байжээ.

АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ДУУ ХООЛОЙ
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд оюутнуудын ардчилсан хөдөлгөөн өрнөхөд Дэн Лижюнь Хонконг, Тайваньд болсон цуглаануудад оролцож, оюутнуудыг чин сэтгэлээсээ дэмжиж байв. 1993 онд Парис хотод дүрвэгсэд болон оюутнууд 6-р сарын 4-ний хохирогчдод гашуудал илэрхийлэхэд тэрбээр биеэрээ очиж, нулимс дуслуулан дуулж чадахгүй хэмжээнд хүртлээ сэтгэл нь өвдөж байлаа. Тэрбээр явахдаа оюутнуудад: -"Хэзээ ч дарангуйлалд бүү бууж өг, хэзээ ч харгислалын өмнө өвдөг бүү сөхөр!" гэж хэлсэн байдаг.
Улс төрөөс ангид байж болох байсан ч түүний хүнлэг чанар, сайн мууг ялгах туйлын тодорхой шугам нь түүнийг ард түмний зүрхэнд улам бүр асааж өгсөн юм.

Сүүлийн жилүүдэд тэр эрүүл мэндийн шалтгаанаар урлагаас хөндийрч, гадаадад амьдран, чөлөөт амьдралыг илүүд үзэх болсон юм. Түүний гэнэтийн үхэл нь Хятадын уламжлалт эмэгтэй хүний ялдам, зөөлөн төрхийг илэрхийлэгч нэгэн эрин үе төгсгөл болсныг зарлалаа.
Гэвч түүний уянгалаг дуу хоолой үүрд үлдсэн юм. Нэгэн шүтэн бишрэгч нь хэлэхдээ: "Тэнгэрийн оронд ч гэсэн түүнийг хүлээж байсан сая шүтэн бишрэгчид байгаа байх" гэжээ. Өнөөдөр ч гудамж талбай, ресторан, такси, дэлгүүрүүдэд түүний уянгалаг хоолой дуулдсаар л байна...
"Өнөө шөнө салснаас хойш, хэзээ чи минь эргэж ирэх вэ..."
(Эх сурвалж: Да Чэн сонин, Дэн Чанши)

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27