2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

Одоогоос 25 жилийн өмнө Нью Йорк хотын Сентрал паркад “Монгол наадам” анх зохиогджээ.
Нью Йоркийн алдартай төв паркад анх удаа талын Монголын дуу хуур эгшиглэж, зодог шуудагтай бөхчүүд нь дэвж, харваачид нь цэц мэргэнээ гайхуулсан гайхамшигтай гэж тодорхойлж болохуйц арга хэмжээ болж байжээ. Тухайн үед Монгол Улсаас НҮБ-д Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Энхсайханы санаачилгаар АНУ-д “Монгол наадам”-ыг зохион байгуулжээ. Монгол Улсыг, монголчуудыг АНУ-д таниулахад чухал ач холбогдолтой уг наадам 3 жил буюу 2000, 2001, 2002 онд дараалан зохион байгуулагдсан түүхтэй. Энэхүү наадмын зохицуулагчаар ажилласан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганболдтой “Монгол наадам”-ын талаар ярилцлаа.
-АНУ-д зохиогдсон “Монгол наадам” хэрхэн зохиогдсон талаар дурсахгүй юу?
-Монгол Улсаас НҮБ-д Суурин төлөөлөгчөөр сууж байсан Жаргалсайханы Энхсайхан санаачилга гаргаж, энэ санаачилгыг хэсэг хүн дэмжин, “Монгол наадам”-ыг зохион байгуулсан. Анхны “Монгол наадам” 2000 онд зохиогдож, дараа нь 2001, 2002 онд зохиогдоод дахиж болоогүй. Уг наадмыг зохион явуулахад маш их хөрөнгө зардал шаардагдаж байсан, төсвөөс нэг төгрөгийн зардал авалгүй, санаачилгыг дэмжсэн хүмүүсийн хувийн зардлаар, бас спонсор байгууллагуудын зардал, дэмжлэгээр бүтсэн.
Миний бие 3 жил дараалан наадмыг зохицуулагчаар ажилласан. Монгол Улсыг америкчуудад ойлгуулах, Монгол орныг олон хүний анхааралд оруулах, Монгол гэж ийм сонирхолтой орон бий шүү харуулахад “Монгол наадам” ихээхэн хувь нэмэр оруулсан.

Наадам олон хүний оролцоо, хүчин чармайлт, зүтгэлээр бүтсэн нь ойлгомжтой. “Монгол наадам”-ын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ Вашингтон болон Нью Йорк хотод зохиогдсон. Нью Йоркийн Сентрал паркад бэсрэг наадмыг 3 жил дараалан зохион байгуулсан. Сентрал паркад наадам зохион байгуулж чадна гэдэг бол гайхамшигтай. Далайцтай хөдөлж чадсан. Монголын болоод АНУ-ын олон байгууллага, хувь хүн спонсорлосон. Мөн БНСУ-ын “Корэйн Эйр” нэг спонсор нь байж, “Монгол наадам”-ын багийг үнэгүй тээвэрлэж өгч байсан.
Тухайн үед Нью Йорк хотын дарга байсан Жулиани “Нью Йорк хотод Монголын наадмын өдөр гэж би тунхаглаж байна” гэсэн зарлиг гаргаж байсан. Монголын түүхэнд ийм явдал давтагдаагүй, бидний хувьд том үйл явдал болсон. Сентрал паркаас гадна Нью Йорк болон Вашингтон хотын олон газарт бидэнд үзэсгэлэнгээ дэлгэх, урлагийн тоглолтоо үзүүлэх боломжийг олгосон, Тухайлбал, Байгалийн түүхийн музей, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн дор, Рерихийн музей, Вродвэйн Симфони спэйс театр, амьтны хүрээлэн гээд олон газарт бид тоглолт хийсэн.

2001 оны “Монгол наадам”-д Монгол түмний агуу дуучин Н.Норовбанзад гуай оролцсон нь Монголын урлагийн гайхамшгийг америкчуудад жинхэнэ утгаар нь мэдрүүлэхсэн. Вродвэйн Симфони спэйс театрт манай тоглолт болж, уг тоглолтод Н.Норовбанзад гуай гоцолсон. Очсон газар болгонд Норовбанзад гуайг биширч бахархаж байсан. 70 хүрч байсан гэхэд хоолойн цараа нь хэвээрээ, тэндхийн урдагийнхныг алмайруулаад, “Нью Йорк таймс” сонинд нийтлэл гарч байсан.
-“Монгол наадам”-ын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
Монголыг таниулах том сурталчилгаа болж чадсан. Наадмын ач холбогдлыг хэд хэдэн зүйлээр үнэлж болно. Нэгд,
-Монгол орны талаар америкчуудын дунд эерэг сэтгэгдэл төрүүлж чадсан, Монголыг эртний түүхээр нь төсөөлдөг, ЗХУ-ыг дагасан, өөрийн гэсэн дуу хоолойгүй улс гэсэн ойлголт тухайн үед тархмал байсан. Монгол гэдэг бол өөрийн гэсэн онцгой түүх, соёлтой, үүнийгээ хадгалсаар яваа орон гэдгийг америкчуудад таниулсан.
Хоёрт, Монгол Улс социалист нийгмээс ардчилалд шилжээд 10 гаруйхан жил болж байсан, шинэ цагийн Монгол гэдэг ямар нүүр царайтай юм бэ, Монгол үнэхээр өөрчлөгдсөн юм уу, коммунист стиль нь хэвээрээ юу гэдгийг америкчууд мэдэхийг хүсч байсан, бидний наадмын олон талт хөтөлбөр эдгээр асуултад эерэг хариулт болж чадсан.
Гуравт, америкчуудын дунд Монголыг дэмжих анд нөхдүүдийг бий болох урсгалыг үүсгэсэн гэж хэлж болно. Энэ арга хэмжээнээс хойш Монголыг үзье, очьё гэсэн хүмүүс нэмэгдсэн
Дөрөвт, Монголын урлаг гайхамшигтай, давтагдашгүй өөрийн онцлогтой гэдгийг Н.Норовбанзад гуайгаар дамжуулан харуулж чадсан. “Метрополитен операгийн тайзан дээр ч хэвлэгхэн зогсч чадах дуучин байна” гэж “Нью Йорк таймс”-ын нийтлэлд үнэлсэн байсан. Уртын дуу бол дэлхийн сонгодог урлагийн нэг юм гэдгийг харуулж чадсан.
Тавд, монголчуудын хувьд АНУ-ыг нээж өгсөн. Америкчуудыг өөр өнцгөөс харах боломж олгосон. Америкчууд гэж хэн юм бэ, америкчуудыг илүү ойлгож, илүү үнэлж, найдвартай түнш мөн үү гэдгийг монголчуудад мэдрүүлсэн. Энэ арга хэмжээг АНУ-ын талаас олон хүн дэмжсэн. АНУ талын координатор Азиз Рахман асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцгойлон дурдах ёстой. Азиз Рахман олон байгууллагаар явж, спонсор олох, дэмжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн.
Зургаад, “Монгол наадам” нь хоёр улсын харилцаанд аль аль талдаа гүүр нь болсон. Зөөлөн дипломатын аргаар улс хоорондын харилцааг салбар салбараар хөгжүүлэхэд хувь хүмүүсийн харилцаа чухал байдаг, үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн
Долоод, америкчуудад ч биднийг нээж өгсөн. Америкчууд биднийг хүндэлдэг болоход, хүлээн зөвшөөрүүлэхэд, монголчууд дандаа юм гуйдаг, дандаа юм царайчилдаг хүмүүс биш гэдгийг харуулахад 3 жил үргэлжилсэн “Монгол наадам” өөрийн хувь нэмрээ оруулсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан илгээлт ирүүлж байсан.
Эцэст нь Монголын урлагийнхан дэлхийн тавцанд гарах суурийг тавьж өгсөн гэж би дүгнэдэг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19