2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


Зурагт асаав. Бөөн хэрүүл бас бөөн бухимдсан иргэд. Бензин түг жог гэнэ.
Манай ардчилсан төр засаг шатахууны үнийг барьж буй ч юун тэрэнтэй манатай. Засаг барьж буй МАН нь МАН-тайгаа хулгайгаа дэлгэлцээд алалцаж байна. Муу юм холуур яваг.
Байз байз. Капиталист нийгэмд бараа бүтээгдэхүүний үнийг төр засаг барьдаг бил үү. Үгүй. Цээртэй. Тэгвэл капиталист биш болчихно. Бүр цагтаа хүчирхэг Ромын эзэн гүрэн вино, талхны үнэ тогтоогоод сүйрч байсан юм шүү.
Тэгвэл ямар тогтолцоонд төр ингэж үнэ тогтоодог билээ? Бидний хайлан дурсдаг социалист Монголд бүх үнийг төр мэддэг байв. Тэр үед коммунизмд хүрнэ гэж зүүдэлж байсан. Хувийн өмч байгаагүй. Бүгд улсынх.
Тэгвэл одоо бас ч гэж бид хувийн өмчтэй, наймаа арилжаагаа хоорондоо гайгүй сайн хийж байна. Ашгүй дээ. Лав социализм биш байна.
Социалист байгаад ардчилсан болсон Монгол юм юмтай болжээ. Ном шагайж, интернет ухав. Хэн ингэж аашилдаг тухай эрэв. Эрлээ оллоо.
Төр нь үйлдвэрлэл, худалдаа, санхүү гээд эдийн засгийн бүх салбарыг бүгдийг нь картелуудаар дамжуулан хянадаг, ингэхдээ өнгөн дээрээ хувийн өмчийг хадгална, харин ямар зүйл хийх, хэнийг хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийлгэх, үйлдвэрлэсэн зүйлээ хэдээр зарахыг, нээрээ бас хаанаас ямар үнээр хэнээс түүхий эдээ авахыг заадаг байсан ганц хоёр тогтолцоо түүхэнд байжээ. Үүний нэг бол фашист эдийн засаг тогтолцоо бүхий үндэстний социализмыг байгуулж байсан Нацист Герман улс. Эд фашизмыг Италиас хуулж нутагшуулан Муссолиныхыг бодвол илүү эмх цэгцтэй, үр өгөөжтэй, эдийн засгийн тогтолцоо болгов. Бүхнийг лицензжүүлнэ. Эдийн засгийн ямар ч үйл ажиллагааг төр засгийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Бас хэрэглээний хязгаарыг нь тогтооно. Илүү гарсныг нь татвар эсвэл зээл болгож төрдөө тушаана. Хитлер улс орноо дайны эдийн засагт шилжүүлэн дайчлах гэж дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргаж байв. Коммунистууд, фашистууд, нацистууд биесээсээ сайн туршлагаа сайхан хуулцгаасан.
Манайд бол шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааг төрөөс олгосон тусгай зөвшөөрөл буюу лицензийн дагуу хувийн хэвшил эрхлэн явуулдаг. Тэд засгийн газрынхаа жуучлалаар нэг л хөршөөсөө бараагаа худалдаж авна. Бас борлуулах үнийг нь засгийн газар тогтооно. Тэд зарах үнээ өөрчлөх эрхгүй. Ашгийг нь өмнөөс нь бодоод, хэрэв ашиггүй бол төсвөөс олон янзын татаас өгнө. Тэд яг л Нацист Германд ажиллаж буй мэт төрдөө дөнгөлөгджээ. Энэ бол манай төрийн фашист шинж юм. Энэ шинж улам бүр даамжирсаар байна. Одоо газар тариалан, гурилын үйлдвэрлэл, нүүрсний уурхайн дотоод борлуулалт гээд салбаруудад фашист-шинжтэй хяналт улам их тавьдаг болсоор л байна.
Хувийн бизнесүүдэд төрд ойр байж тогтвортой орлоготой, өрсөлдөөнөөс ангид байх нь таалагддаг бололтой. Тэд бол клиентэлизмийг өрдөж, крони-капитализм буюу амин найзуудын капитализм гэсэн капитализмын гажуудуулсан хэлбэрийн нэг багана, магадгүй бүр бүтээгчид юм. Тэд л тусгай зөвшөөрөл, квот, давуу эрх, татаас, хөнгөлөлттэй зээл төрөөс олж аван зах зээлд өрсөлдөхгүйгээр оршин тогтнож, улстөр-бизнесийн шунахай ашиг сонирхлын бүлгүүдийн тэмцлийн талбар болсон энэ бузар тогтолцоог амьдруулдаг.
Манайд бас таг социалист загвараараа байгаа эрчим хүчний салбар, төмөр зам гээд салбар бий.
1990-ээд оноос бидний байгуулах гэж ухнатаж буй нийгэм болох капиталист тогтолцоо гэж юу юм бол оо?
Нийгмээрээ, ялангуяа төр нь хувь хүнийг дээдэлдэг. Хувь хүний жам ёсны эрхийг хамгаалж, бас өргөжүүлдэг. Нийтээр-мөрддөг ёс журам болох хуулийг хүн бүрд, үүн дотроо засаг захиргааны албан тушаалтанд ижил тэгш хэрэглэдэг. Аливаа маргааныг хүнээс үл хамаарсан шүүхээр шийдвэрлэж, гэмт үйлдлийн буруутныг нь шийтгэдэг. Эрх чөлөөт хувь хүмүүс сайн дураараа бараа үйлчилгээгээ харилцан ашигтайгаар солилцдог чөлөөт зах зээлд төр болон бүлэг хүмүүс зориудаар хөндлөнгөөс нь оролцдоггүй тул энэ нь жигд тогтуун ажилладаг. Төр засаг нь хувь хүмүүс, тэдний өмчийг бусад хүмүүс болон гаднын биет халдлагаас хамгаалдаг, өмчид нь халдаж сүйтгэсэн, түүнийг нь хуурч мэхлэх, дээрэмдэх, хүч хэрэглэх замаар олж авсан этгээдийг шийтгэдэг. Эдгээр зүйл бол капитализм ажиллах үндсэн нөхцөл юм.
Батаа өөрийн мэдлэг, ур чадвар, хөрөнгө чинээгээ ашиглан аз жаргалдаа хүрэхээр тэмүүлэнгээ өөрийн зөв гэж үзсэн арга замаараа бусдыг хохироохгүйгээр ашиг олно. Тэрбээр хэрэгцээтэй бараа үйлчилгээ бүтээж үйлдвэрлэн чөлөөт зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдээр үнэлүүлэх бөгөөд санаа нь оновчтой, үр өгөөжтэй, хэрэглэгчдэд таалагдах тусам зах зээл түүний хөдөлмөрийг хэрэглэгчдийнх нь худалдан авалтаар дамжуулан асар ихээр урамшуулна. Хөдөлмөрөөрөө олсон эд зүйл, хөрөнгөө өөрийн зөв гэж үзсэнээрээ захиран зарцуулна, хурааж хуримтлуулна, хөрөнгө оруулна, өвлүүлнэ. Бусадтайгаа өрсөлдөнө, бас хамтран ажиллана.
Батааг элдэв лиценз, хэтийдсэн дүрэм журам, цагдаа, мэргэжлийн хяналт, татвараар дарамтлахгүй, бас түүнд элдэв хөнгөлөлттэй зээл, тусламж, татаас, давуу эрх ч олгохгүй.
Төр засаг чөлөөт хүмүүс шударгаар өрсөлдөж, өөрсдийн бараа, үйлчилгээгээ бусадтай харилцан ашигтай солилцож, өөрийнхөө аз жаргалд зөв гэж үзсэн гэхдээ бусдыг үл хохироох арга замаар тэмүүлэх тэр л нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Ингэж байж л капитализмаа хөгжүүлэн өнөөдөр Өмнөд Солонгосоос харж, мэдэрч буй хөгжингүй нийгэм бид байгуулж чадна.
Иймонн Батлер гуай капитализм "бол хүмүүс тэд болон бусад нь хүсэж буй бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг аль болох үр өгөөжтэйгөөр үйлдвэрлэж гаргахын тулд үндсэн хөрөнгө бүтээдэг, хэрэглэдэг эдийн засгийн амьдралын ерөнхий арга зам юм" гэж Капитализмын Үндэс (2018 он) номдоо өгүүлсэн.
Нэг хүн тээр жил том дарга болоод "одооноос чөлөөт зах зээл гэж байхгүй" гэж хэлсэн дээ. Санаж байна уу? Гэхдээ бидний төлөөлөгчид л тэртээ 1992 онд үндсэн хуулиндаа "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гээд заачихсан юм чинь даргын буруу биш харин зөв юм байна.
Эдийн засгийн капиталист, социалист, фашист тогтолцоог илэрхийлсэн дөрвөн дугуйтай ч нэг дугуйгаа хулгайд алдсан, дэгэн догон үхэр тэрэг дээр эхнэр гурван хүүхдээ суулгаад, хөллөсөн догшин шарынхаа дөрнөөс урагш татангаа, алсад харагдах Капитализм хэмээх аглаг сайхан хангай руу хараачилж буй, ядарчихсан, өрөөсөн гутлаа сугандаа хавчуулсан залуу хөвүүнээр төсөөлж болох капиталист биш харин бүхний холимог франканштейн нийгэм бол манайх.
Хүмүүн төрөлхтөнийг үгээгүй ядуурлаас суга татаж хөгжил дэвшлийн моринд нь мордуулсан учраас л зорьж буй тогтолцоо минь капитализм билээ. Капиталист нийгмийнхээ мөн чанарыг дор бүрнээ ойлгодог биш юмаа гэхэд гадарладаг болох сон доо.
Яах вэ таминь ээ.
Үргэлжлэл бий...
Н.ЖАРГАЛ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19