2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Шатарт хоёр нүүдлийн цаадахыг, улс төрд гурван нүүдлийг давж харсан ч бүхнийг хамдаг. Улс төрийн зодоон бол гудамжны тэмцэл төдий биш. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх том бооцоотой, нарийн зохион байгуулалттай стратегийн тулаан юм.
Нэг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн “халуухан хавар”-ын эхний үйл явдал нь Н.Учралын гэнэтийн шийдвэр байв. Баасан гаригт хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр тэрбээр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, А.Амундра, Н.Тавинбэх нарыг намын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ Хяналтын ерөнхий хороондоо хүргүүлж байгаагаа зарласан билээ.
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын хэлснээр хэдий “танилын нүүр халуун” чиг Д.Амарбаясгалан ч цагтаа найз нөхдөө намаасаа хөөж явсан түүхтэй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллах хугацаандаа Ц.Сандуй, А.Ганбаатар, Н.Номтойбаяр, Б.Батзориг, Б.Ундармаа, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг намаасаа хөөж байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ.
"Журмын нөхөд"-өө эгнээнээсээ чөлөөлөх үндэслэлээ Н.Учрал тайлбарлахдаа “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын даргаасаа огцорсноос хойш намын болон төрийн ордонд “үзэгдэхээ” больсон экс спикер Д.Амарбаясгалангийн “Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно” гэх мэдэгдлээс нь харвал МАН-ын зарлаагүй дайн дуусаагүй болохыг дуулгасан үг байв.
Харин түүний араас МАН, АН-гүй матрын нулимс унагаснаас дүгнэхэд Монгол авлигын индексээр арагшаа ухарсаар байгаагийн шалтаг, шалтгаан нь АТГ биш ард иргэд бид өөрсдөө болжээ.
Хоёр.
МАН-ын дарга Н.Учралд хоёрхон сонголт байна. Авлигачдыг өмөөрвөл ард түмэндээ непалдуулна. Ард түмэндээ непалдуулахгүй гэвэл авлигачдаа Ардын намаасаа зайлуулахаас аргагүй. Учир нь, Монгол Улс авлигын индексээр 124 дүгээрт жагссаны гол буруутан нь МАН. МАН гэдэг чинь манай төр. Манай төр өнөөдөр авлига, хулгай, луйвар, тонуулдаа идэгдсэний хариуцлагаас Д.Амарбаясгалан аль утгаараа мултрах аргагүй. Арван жил засаг барьсан Ардын намд 9 жил эрх мэдэлтэй явсан, Ардын намаас хэнийг ямар албан тушаалд томилохыг шийдэж ирсэн гол дүр.
Магадгүй, МАН-даа Д.Амарбаясгалан ялалтын менежер байхыг үгүйсгэхгүй. Гэвч Монголоо зарж, хулгайлж, луйвардсан гэм бурууг үүгээр цайруулах бүр боломжгүй. МАН-ын дарга Н.Учралын хэлсэнчлэн урьдын гавьяа бол ял, зэмээс нь уучлах шалтгаан болох ёсгүй юм. Д.Амарбаясгалан энхийн цагаан тагтаа байсан уу гэвэл мэдээж үгүй.
Хэдийгээр “Админерал” компани нь албан баримт бичигт түүний нэр дээр байхгүй ч албан бусаар түүний өмч гэдгийг Ардын намын цагаан байрныхан бүгд гадарлана. Түүний нэр ЖДҮ, тендер, төсөл, ногоон автобус, төмөр зам (Харбин), нүүрсний хулгай гээд том мөнгөн дүнтэй олон хэргийн ард бичигддэг. Гэсэн хэдий ч эрх мэдэл, албан тушаалаараа аргалаад үлддэг байсан нь бас худлаа биш. Үндсэндээ, өнөөдөр эс гэхнээ маргааш, Н.Учрал биш гэхнээ Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Админерал”-ын асуудлаар нь намаасаа хөөх нь цаг хугацааны л асуудал байсан. АТГ-д анд найз нь “Админерал”-ын хэргийг нь захиалсан болохыг Г.Занданшатар ч, Б.Энхбаяр ч мэдээлсэн.
Авлигатай тэмцье гэвэл Ардын намтай, анд нөхөдтэйгөө тэмцэх ёстой. Энэ бол Н.Учралын ч үг биш. Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайд болохдоо ингэж амалсан. Эцэст нь орлогоо нотлож чадаагүйгээс болж Л.Оюун-Эрдэнэ өөрөө ширээн дээрээс унасан юм!
Гурав.
Н.Учралын шийдвэр, Д.Амарбаясгалангийн тайлбар, Т.Аюурсайханы мэдэгдлээс харахад “эвлэрэл” нэрээр Их хурлаас хойш түрдээ намжсан МАН-ын хөшигний арын зодоон тайзнаа ил гарч ирлээ. Улс төрийн зодоон хөшигний араас ил гарч эхлэх нь тоглоомын дүрэм өөрчлөгдөж, эцсийн тулаандаа орсны илрэл юм.
Ордны 5 тэмцэгчээс орон, шоронд орсон нь ганц Т.Аюурсайхан болсон. Түүнийг авлига, албан тушаалын хэрэг, “алтан морь”-ны асуудлаар прокуророос яллагдагчаар татаж, шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн билээ.
Тэрбээр өнгөрөгч долоо хоногт хорихоос суллагдсан агаад өөрийн нүүр номоороо дамжуулан “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Монголын эх орон, Монголын ард түмний өнгөрсөнг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно” гэсэн нь анд найзууддаа зориулсан анхааруулга гэдэг нь нэн ойлгомжтой.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын хувьд энэ нь ихээхэн айдас дагуулж буй нь ойлгомжтой.
Т.Аюурсайхан алдах юмгүй тоглогч болсон. Тэр суудгаа сууж, үздэгээ ч үзсэн. Алдах юмгүй, хорсол тээсэн улстөрч хамгийн тааварлашгүй агаад аюултай тоглогч байдаг.
Ийнхүү 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны Ерөнхий сайдын төлөөх үхэх, сэхэх дээрээ тулсан цусгүй дайн МАН-д ид өрнөж байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19