

Хятадын Шэньжэнь хотноо болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нартай гурван талт уулзалт зохион байгуулах санал гаргалаа. Уг уулзалтаар дөрвөн жил гаруй үргэлжилж буй Украины мөргөлдөөнийг Москвад ашигтай нөхцөлөөр эцэслэн шийдвэрлэх тохиролцоог хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулахгүй байхаар заажээ.
The Wall Street Journal (2026-10-19)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын удирдагч Ши Жиньпин нартай уулзаж, Украины асуудлаар хэлэлцээ хийх санал гаргасан тухай мэдээлэлд ойр эх сурвалжууд ярьжээ. Тэрбээр Москвагийн талд ашигтайгаар дөрвөн жил гаруй үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэхийг зорьж байна.
Уг төлөвлөгөө нь Трамп болон Оросын удирдагч нарын дулаарч буй харилцааг Путин өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн оролдлого аж. Энэ нь Украин болон Вашингтон, Европ дахь холбоотнуудыг нь түгшээж байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг оролцуулахгүйгээр ийм дээд хэмжээний уулзалт хийх нь урьд, өмнө огт яригдаж байгаагүй сэдэв агаад Европын орнуудын хувьд маш том түгшүүрийн дохио болж байна.
Уг асуудлаар мэдээлэл авсан Оросын тагнуулын ажилтан асан хэлэхдээ, Путин энэхүү санааг 10 дугаар сарын 9-нд Трамптай утсаар ярихдаа гаргасан гэжээ. Энэхүү ярианы үр дүнд АНУ Оросоос дизель түлш худалдаж авах, дэлхийн зах зээлд борлуулахад нь дэмжлэг үзүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болзошгүй уулзалтын талаар хэлэлцүүлэг өрнөж байгааг баталлаа. Тэрбээр The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа "Гурван тал ийм уулзалт хийх онолын боломжийг хүлээн зөвшөөрч байгаа ч уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар одоогоор тодорхой ойлголтод хүрээгүй байна" гэжээ.
АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Трамп ийм дээд хэмжээний уулзалт хийхийг хараахан зөвшөөрөөгүй байна. Гэсэн хэдий ч сонгуулийн сурталчилгааны үеэр дайныг зогсооно гэж амлаж байсан амлалтаа биелүүлэх хүслийнхээ хүрээнд Ерөнхийлөгч уг санааг хүлээж авах боломжтой гэж хэлэв. Трамп бүрэн эрхийнхээ "эхний өдөр" л дайныг дуусгана гэж мэдэгдэж байсан ч өдгөө түүний алба хаших хугацаа бараг хоёр жил рүүгээ дөхөж байна.
Кремлийн зүгээс энэхүү гурван талт хэлэлцүүлгийг ирэх сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулах санал тавьсан байна. Уг чуулга уулзалт 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Хятадын өмнөд хэсгийн технологийн төв болох Шэньжэнь хотод болох юм.
Украины Гадаад хэргийн сайд Киевийг оролцуулахгүйгээр энх тайвны дээд хэмжээний уулзалт хийх санааг эрс няцааж, энэ нь "Путиныг дайнаа үргэлжлүүлэхэд урамшуулах болно" гэжээ. Андрий Сибиха даваа гаригт өөрийн X хуудсандаа "Тэрбээр энэхүү террор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа цагт түүнд ямар ч хэлэлцээрийн ширээний ард суух орон зай байх ёсгүй" гэж бичсэн байна.
Хятадын газар нутаг дээр гурван талт хэлэлцүүлэг хийх боломж бүрдэх нь Ши Жиньпиний хувьд Хятад улсын дипломат зуучлагчийн үүргийг дээшлүүлэхэд маш том алхам болно гэж Хятад судлаач шинжээчид үзэж байна. Москва болон Бээжингийн мэдээлэлд ойр бусад эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Оросын албаны хүмүүс энэхүү санааг дипломат шугамаар Бээжинд тавьсан бөгөөд Хятадын тал хэрэв Трамп зөвшөөрвөл татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Вашингтонд байрладаг Стимсон төвийн Хятад улсын хөтөлбөрийн захирал Юнь Сюнь "Хятад улс өөрийгөө агуу гүрнүүдийн тэнцвэржүүлэгч, АНУ болон Оросын хооронд хамгийн боломжит зуучлагч гэж харуулахыг хүсэж байна" гэлээ.
Цагаан ордон энэ асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам ч мөн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Путин урьд өмнө нь ч Трамп, Ши Жиньпин нарт гурван талт дээд хэмжээний уулзалт хийх саналыг тавьж байсан гэж Оросын тагнуулын ажилтан асан хэлэв. Гэвч энэ удаагийн санал нь Москвагийн Вашингтонтой харилцах харилцаанд эрс эргэлт гарсан үед тавигдаж байна.

Ши Жиньпин болон Ерөнхийлөгч Трамп нар Вашингтон хотноо.
Трамп Америкийн эдийн засгийг сааруулж, дундын сонгуулийн өмнө Бүгд найрамдах намын ирээдүйд сөргөөр нөлөөлж буй түлшний үнийг бууруулах зорилгоор Оросоос дизель түлш авах хэлэлцээрийг Путинтэй дөнгөж хийгээд байгаа юм. Баасан гаригт Трамп өнгөрсөн сард гарын үсэг зурсан хоёр намын хамтарсан хуулийн төслийн дагуу Орост тавих ёстой байсан хориг арга хэмжээний хэрэгжилтийг зогсоосон нь хууль тогтоогчид, түүний дотор өөрийнх нь зарим холбоотнуудын шүүмжлэлийг дагуулав.
Цагаан ордны өндөр албан тушаалтан хэлэхдээ, Трамп үнийг бууруулах өөр үр дүнтэй сонголт олж хараагүй учраас ийм шийдвэр гаргасан гэжээ. Эрчим хүчний шинжээчдийн нэгдсэн дүгнэлтээр бол дизель түлшний үнэ өсөхөд Ираны дайн гол шалтгаан болж байгаа бөгөөд Оросын худалдахаар амласан түлшний хэмжээ зах зээлд тийм ч их нөлөө үзүүлж чадахгүй гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Трамп Зеленскийд дургүйцэж буйгаа дахин илэрхийлж, Украины удирдагч Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй цохилтоо зогсоох ёстойг сануулаад, тус улсад шинэ ерөнхийлөгч хэрэгтэй байгааг цухуйлгасан юм. АНУ-ын удирдлага дор дайныг зогсоох зуучлалын хүчин чармайлт одоогоор үндсэндээ гацаад байна.
Ням гаригт "Truth Social" хуудсандаа нийтэлсэн бичвэртээ Трамп, Украин улс Путины төрсөн нутаг Санкт-Петербург хот дахь нефтийн терминалд цохилт өгсний дараа Зеленскийг шүүмжлэв. Тэрбээр Украины удирдагчийг Оросын дизель боловсруулах үйлдвэрүүдийг зориуд онилж байна гэж буруутгаад, "Тэр энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байгаа бөгөөд магадгүй хэзээ ч хүсэж байгаагүй" гэжээ.

Санкт-Петербургийн нефтийн терминалаас утаа гарч байна.
Трамп Оросыг хэлэлцээрийн ширээнээс холдуулахгүйн тулд хориг арга хэмжээ авахаа хойшлуулж байна гэдгээ мэдэгдээд, "БИ ЭНЭ ДАЙНЫГ ДУУСГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА!" гэж бичжээ.
Москвагийн хувьд энэхүү гурван талт хэлэлцүүлгийг Орос улсыг дэлхийн агуу гүрнүүдийн нэг гэдгийг баталгаажуулах боломж гэж харж байгаа бөгөөд энэ нь Путины 2000 онд Кремльд ирсэнээсээ хойш зорьж буй туйлын хүсэл нь юм. Энэхүү зорилго нь Кремлийн хувьд Украинд байгуулах ялалтад гол саад болж буй Европыг тоглоомоос гаргах юм.
Оросын тагнуулын ажилтан асан хэлэхдээ, Путины энэхүү гурван талт формат нь дэлхийг нөлөөллийн бүсүүдэд хуваасан хоёр дахь "Ялтын хэлэлцээр" болгох маш өргөн, магадгүй бодит байдалд нийцэхгүй хийсвэр амбиц гэжээ.
Ши Жиньпин, Трамп нар үүнийг зөвшөөрөх магадлал багатай ч Америк, Орос, Хятадын удирдагчид нэгэн улсын хувь заяаг шийдэж буй дүр зураг өөрөө маш хүчтэй дохио болно. Тайбэй хотын хувьд энэ нь хэзээ нэгэн цагт Тайванийн ирээдүйг мөн адил ийм форматаар хэлэлцэж магадгүй гэх айдсыг улам төрүүлж байна. Ялангуяа Бээжин өөрийн удирдлага дор байгаа ардчилсан арлыг хяналтандаа авахын тулд цэргийн хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй юм.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ши Жиньпиний хувьд ч эрсдэлгүй биш юм. Хэлэлцүүлэгт ойр зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хятадын албаны хүмүүс геополитикийн энэхүү үйл явдал нь Хятад улсын бүс нутаг дахь үүргийг харуулах гол талбар болох APEC-ийн үндсэн зорилгыг бүдгэрүүлэх вий гэж санаа зовж байна.
Ши Жиньпин нь Путиныг үргэлжлүүлэн дэмжих болон Хятадын Европтой тогтоосон эдийн засгийн харилцааг хадгалах гэсэн хоёр асуудлын дунд нарийн тэнцвэрийг барихыг хичээж байгаа бөгөөд ийм гурван талт уулзалт нь Хятад улсыг Украины мөргөлдөөнд шууд татан оролцуулж, Бээжингийн Москва руу хазайж буй байдалд аль хэдийн сэжигтэй хандаж байгаа Европын орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлийг дагуулж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.