2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17


Акрам, Жулиа нар аавтайгаа уулзах аялахыг нь хориглосны дараа түүнтэй утсаар ярьсан.
Палестины хоригдлууд Израилын шоронгоос суллагдсан ч хайртай хүмүүсээсээ тусгаарлагдсан хэвээр байна.
Al Jazeera
Утас дуугарах тоолонд таван настай Акрам, хоёр настай Жулиа нар аавтайгаа ярихаар уралдан гүйнэ. Тэдний аав Амжад ал-Нажжар Израилын шоронд урт хугацааны ял эдэлж суллагдсаныхаа дараа саяхан түүнийг Египет рүү албадан гаргасан юм.
Хэдийгээр хүүхдүүд аавтайгаа урьд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй ч түүнд маш их хайртай болсон бөгөөд нэг л өдөр Рамаллах хотоос явж, аавтайгаа уулзахыг мөрөөддөг байна. Тэд хоёулаа Амжадыг Израилын шоронд 10 жил хоригдож байх хугацаанд шоронгоос нууцаар гаргасан эр бэлгийн эсээр дамжин олдсон хүүхдүүд юм.
Амжад 2025 оны 1-р сард Хамас бүлэглэлтэй хийсэн хоригдол солилцооны гэрээний дагуу суллагдсан бөгөөд бусад 228 Палестин иргэний хамт Египет рүү албадан гаргажээ. Өдгөө 48 настай тэрбээр суллагдсанаар гэр бүлтэйгээ шинэ амьдралаа эхлүүлнэ гэж найдаж байсан ч Израилын тавьсан зорчих хязгаарлалтын улмаас хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна. Тэрбээр Египетэд цөллөгт гацаж, түүний гэр бүл Баруун эрэгт (Иордан голын баруун эрэг) үлджээ.
"Энэхүү эрх чөлөөний маань томоохон хэсэг нь дутуу хэвээр байна. Учир нь гэр бүлтэйгээ хийх анхны уулзалт миний төсөөлж байсан шиг болсонгүй. Тэр үед л би баяр баясгалан минь бүрэн гүйцэд биш байгааг, мөн хэвийн амьдралдаа эргэж орох зам маш урт байгааг мэдэрсэн" гэж тэрбээр Al Jazeera агентлагт ярьжээ.
Рамаллах хотын зүүн хэсэгт орших Силвадын уугуул Амжад 2015 онд баривчлагдах үед Израилын тал гэр бүлийн эргэлт, уулзалт хийх эрхийг хязгаарладаг байсан тул Амжад хоригдож байх хугацаандаа Акрам, Жулиа нартай огт уулзаж байгаагүй аж. Одоо тэрбээр чөлөөт хүн болсон хэдий ч Израилын талын зорчих хатуу хязгаарлалтын улмаас гэр бүл нь эргэн нэгдэх найдвар тун бага байна.
"Миний туулж өнгөрүүлсэн хамгийн хэцүү зүйлсийн нэг бол шоронд байхдаа дахин аав болсон явдал юм. Энэ бол маш их баяр баясгалан, гүн гүнзгий өвдөлт холилдсон амьдралын туршлага байлаа. Учир нь би хүүхдүүдээ төрөх мөчид дэргэд нь байж чадаагүй. Би тэднийг харалгүй, тэврэлгүй, анхны мөчүүдийг нь хуваалцалгүйгээр, шоронгийн хананы цаанаас тэдний хорвоод мэндэлсэн тухай мэдээг сонсож байсан."
Амжад үргэлжлүүлэн: "Энэ асуудал тийм ч хялбар биш бөгөөд хууль эрх зүйн хүрээнээс хальсан, улс төр болон аюулгүй байдлын ээдрээтэй бодит байдал гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ бодит шийдэл нь гэр бүл эргэн нэгдэх явдлыг онцгой тохиолдол биш, харин хүний суурь эрх болгон баталгаажуулах ёстой гэдэгт бид итгэдэг" хэмээн дүгнэжээ.
Өдгөө 10 настай Бушра охин мөн л аавтайгаа хэзээ ч уулзаж байгаагүй ч, аав Ахмед Хамед-ийг өнгөрсөн жил Израилын шоронд 22 жил хоригдсоныхоо дараа Египет рүү албадан гаргагдсанаас хойш түүнтэй утсаар тогтмол холбогдож байгаа юм.
Түүний эхнэр Инас нөхрөө суллагдсанаас хойш Каир хот руу аялж, уулзах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч Израилын эрх баригчид аюулгүй байдлын шалтгаанаар түүнд зөвшөөрөл олгохоос удаа дараа татгалзжээ.
Шоронгоос нууцаар гаргасан эр бэлгийн эсээр төрсөн Бушра охин авгынхаа хамт 51 настай аавтайгаа уулзахаар өнгөрөгч 3-р сард Египет рүү очиж чадсан байна. Гэвч тэднийг Баруун эрэгт буцаж ирэхэд нь Израилын тагнуулын алба саатуулж, байцаалт авчээ.

Бушра аавтайгаа түргэхэн уулзахыг хүсэж байна
Инас хэлэхдээ "Миний хүү Барааг дөнгөж хэдхэн сартай байхад нь аав нь баривчлагдсан. Одоо хүү минь 22 настай, бид түүний хуримыг хийхээр бэлтгэж байна. Гэвч аав нь бидний дэргэд алга, бид түүнтэй уулзахаар очиж чадахгүй байна" гэв.
Бараа аавтайгаа уулзахаар хэд хэдэн удаа оролдсон боловч Баруун эрэг болон Иорданы хилийн хоорондох Карамех боомт дээр Израилын эрх баригчид түүнийг тухай бүрд нь буцаажээ.
"Энэ нөхцөл байдал үнэхээр аймшигтай байна. Бид түүнийг суллагдсанд баярлаж байсан ч энэ баяр бүрэн гүйцэд биш, ердөө хагас эрх чөлөө юм. Бид аялах зөвшөөрөл авахын тулд Израилын Дээд шүүхэд өргөдөл гаргахаар оролдох болно, гэхдээ тэд үүнийг зөвшөөрөх эсэхийг бид мэдэхгүй байна" гэж түүний эхнэр хэлэв.
Израил улс палестинчуудыг нас барсных нь дараа ч хайртай хүмүүсээс нь тусгаарласаар байна. Израил улс 23 жил хоригдсоны эцэст өнгөрсөн жил Египет рүү цөлөгдсөн ч өнгөрөгч 4-р сард 57 насандаа нас барсан Рияд ал-Амур-ын цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч, төрөлх Баруун эрэгт нь оршуулахыг хоригложээ.
Зүрхний цахилгаан аппараттай байсан Рияд өнгөрсөн 10-р сард Израил болон Хамас бүлэглэлийн хооронд байгуулсан хоригдол солилцооны хэлэлцээрийн дагуу суллагдаж, Египет рүү албадан хүргэгдсэн байв.
Түүний эхнэр Израилын эрх баригчид нөхөртэйгөө уулзахыг хориглохоос сэргийлж, нөхрөө суллагдахаас хэдэн сарын өмнө Бетлехемээс Иордан руу аялсан байна. Иорданд удаан хугацаагаар хүлээсний эцэст тэрбээр 4-р сард нөхрөө нас барахаас өмнө уулзаж амжсан боловч түүний таван хүүхдэд Баруун эргээс гарах зөвшөөрөл өгөөгүй аж.
Түүний ах Мажед хэлэхдээ, Риядыг суллагдсанаас хойш хэдхэн хоногийн дараа биеийн байдал нь эрс муудаж, комын байдалд орсон байна. Тэрбээр таван сарын дараа гэр бүлээсээ олон зуун километрийн алсад, эмнэлгийн орон дээр амьсгал хураажээ. Тэрбээр 12 ач, зээ нарынхаа хэнийг нь ч харж, тэвэрч чадаагүй юм.
Мажед Al Jazeera-д өгсөн ярилцлагадаа: "Түүний хүү бид хоёр уулзахаар очих гэж оролдсон ч биднийг хориглосон. Би түүнийг хамгийн сүүлд 2022 онд шоронд эргэж очихдоо харсан. Бид зөвхөн ах дүүс биш, дотны найзууд байсан ч Израилын эзлэн түрэмгийлэл биднийг дахин уулзахыг зөвшөөрөөгүй."
"Энэ бол Палестинчууд бидний гунигт түүх юм. Түүнийг нас барсны дараа ч биднийг булшных нь дэргэд зогсох эрхийг минь хасаж байна. Олон жилийн хагацлын дараа гэр бүлийг нь хүүтэйгээ уулзахыг хориглох ямар ч үндэслэл байхгүй, гэвч эзлэн түрэмгийлэгчид биднийг байнгын доромжлол дунд амьдруулахыг хүсэж байна."
Палестины Хоригдлуудын клубын мэдээлснээр, Израил болон Хамас бүлэглэлийн хооронд 2025 онд хийгдсэн хоригдол солилцох хэлэлцээрийн үеэр 383 Палестин хоригдлыг Баруун эргээс албадан гаргажээ.
Цөллөгдсөн хайртай хүмүүстэйгээ уулзахаар аялах эрхээ хасуулсан гэр бүлүүдийн тооны талаар албан ёсны нарийн статистик мэдээлэл байхгүй ч, палестинчуудын өгсөн мэдүүлэгт үндэслэн эзлэгдсэн Баруун эрэгт хамгийн багадаа зуу гаруй гэр бүл Израилын энэхүү хязгаарлалтад өртөөд байна.
"Хувийн эрх чөлөө, иргэний эрхийг хамгаалах төв" (Hurriyat)-ийн баримтжуулснаар 2014-2025 оны хооронд Баруун эргийн Палестин иргэдийн эсрэг 8,700 гаруй аяллын хориг тавигдсан байна. Үүнд 691 эмэгтэй багтсан бөгөөд тэдний ихэнх нь хуучин хоригдлууд болон тэдний гэр бүлийнхэн юм. Үүнийг Израил улсаас Палестины иргэд болон хоригдлуудын гэр бүлийг чиглэсэн шийтгэлийн бодлогын нэг хэсэг гэж үзэж байна.
"Аль-Хак" (Al-Haq) хүний эрхийн байгууллагын захирал Шаван Жабарин Al Jazeera-д өгсөн ярилцлагадаа Израилын албадан тусгаарлах бодлого нь хууль эрх зүйн хувьд хамтын шийтгэл (collective punishment) болж байгаа бөгөөд суллагдсан хоригдлуудын гэр бүлтэйгээ уулзах эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн мэдэгдэв.
"Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчид хүний эрхийн хууль эсвэл олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дагуу ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарч, буцаж ирэх эрхтэй. Учир нь эдгээр гэр бүлүүд ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй, шийтгэгдэх ёсгүй. Израил улс тэдэнд огт үндэслэлгүй ял шийтгэлийг тулгаж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17