2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072-800 ширхэг хувьцааг эзэмшдэг. Улс төрөөс хэт хамааралтай энэ хувьцаа сонгуулийн өмнө л амилдаг болоод 10 гаруй жил болжээ.
Анх 2020 онд 2.5 сая хувьцаа эзэмшигч ногдол ашиг хэмээн 96 мянган төгрөг авсан бол 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас 326 мянган төгрөгийг 3.4 сая хувьцаа эзэмшигчдээ олгосон байдаг. Тэгэхэд инфляцын түвшин 7.9%-иас 9.1% болж өссөн.
Тэгвэл “Энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг тараахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байна” гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэллээ.
Учир нь, 2026 онд хил холболтын төмөр замын төсөлд 700 тэрбум төгрөг, "Тавантолгой дулааны цахилгаан станц” болон бусад төсөлд гээд нийт 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт олгох төлөвлөгөөтэй гэв.
“ЭТТ” ХК нь өнгөрсөн жилд 30 сая орчим тонн нүүрс олборлож, улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төлсөн. Гэвч байгуулагдсан цагаасаа УИХ, Засгийн газрын шийдвэрээр Нүүрс баяжуулах үйлдвэр /1 их наяд төгрөг/, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам /1 тэрбум доллар/, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам /1.3 их наяд төгрөг/, Тавантолгой түлш /1.5 их наяд төгрөг/ зэрэг төслийг 9.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээж, 7.5 их наяд төгрөгийг бэлнээр гаргажээ.
Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг "үрдэг", “ЭТТ” ХК-г санхүүгийн хүндрэлд оруулж буй төслүүдийг сонирхож үзье.
1.
“ЭТТ” ХК нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын танилцуулж, хэрэгжүүлсэн БНХАУ-аас хагас кокс түлш авах төсөлд 2025 онд 300 тэрбум орчим төгрөг олгожээ. Ирэх өвөл ч 300 мянга орчим тонн хагас кокс БНХАУ-аас авна. Энэ нь “ЭТТ” ХК-аас 2026 онд ахиад 300 тэрбум гаруй төгрөг шилжүүлнэ гэсэн үг.
Одоогоор “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэгжүүлсэн шахмал түлш, коксын төсөлд нийт 1.5 их наяд орчим төгрөг зарцуулсан байна. Тэгэхээр энэ жил олгох мөнгийг нэмж тооцвол “ЭТТ” ХК-ийн ашгаас ойролцоогоор 2 их наяд төгрөгийг бэлнээр "утаагүй түлш"-нь залгиулсан байна.
Ирэх жилүүдэд дотоодын үйлдвэртэй болчихно хэмээн хотын дарга нар найдаж буй. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар 2027 онд Багануурт хагас кокс түлшний үйлдвэр ашиглалтад орж, нийслэлийн гэр хорооллын өрхийг түлшээр хангах юм. Нийслэлд хагас кокс түлш нийлүүлдэг БНХАУ-ын “Шэньмү эрчим хүчний хөгжил” ХХК-ийн Вужоу салбар дээр жишиг болгоод 600 мянган тонн нүүрс боловсруулж, 350-400 мянган тонн кокс үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад тус улсын хувьд 50-65 сая ам.доллар /200 тэрбум гаруй төгрөг/ зарцуулдаг байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн нэг Багануурын уурхайг түшиглэсэн “Нүүрс-химийн цогцолбор” төсөлд 190 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарсныг “Эрдэнэс Монгол”-оос танилцуулсан. Ойролцоогоор 665 тэрбум төгрөг гэхээр бид үйлдвэр барих хэмжээний мөнгөөр хоёр жилийнхээ түлшийг худалдаж авсан байх нь. Одоогоор тус төслийн ТЭЗҮ боловсруулах 2 тэрбум төгрөгийн тендерт БНХАУ-ын “Сэдин энжинээринг Монголиа” компани шалгарсан. Үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн учраас 2026 онд “ЭТТ” ХК-аас ахиад 600 тэрбум гаруй төгрөг нэмж гарахыг үгүйсгэхгүй.
2.
“ЭТТ” ХК нь энэ жил хил холболтын төмөр замын ажлыг 700 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” ХХК нь 2025 оны зургадугаар сард эхэлсэн.
Үе үеийн Засгийн газар дамжин 2004 оноос яригдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2020 онд “Бодь интернэшнл” ХХК хариуцан авч, "ЭТТ" ХК-ийн санхүүжилтээр нэг тэрбум ам.доллараар 2.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Гэвч төмөр зам бүрэн ашиглалтад ороогүйг бүгд мэднэ.
Хил холболтын 7 км замын ажил үлдчихсэн. Энэ төсөл ирэх жил ашиглалтад орж байж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж нь бүрдэнэ. 2022 онд 233 км төмөр замыг “ЭТТ” ХК-ийн 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн гэж байв. Төмөр зам бүрэн ашиглалтад ороход нийт 3 их наяд төгрөг зарцуулах нь.
Манай дарга нарын хэлснээр 16 жилийн дараа төмөр замын өртгөө нөхнө. Гэхдээ энэ хугацаанд нүүрсний зах зээл хэрхэн хэлбэлзэж, эрэлт хэрэгцээ, үнэ ямар харилцаанд оршихыг өнөөдөр таашгүй. Таамаглалаар төслийн үр дүнд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх ёстой.
3.
“ЭТТ” ХК-ийн халааснаас багагүй татаас авч байгаа өөр нэг төсөл бол “Тавантолгой дулааны цахилгаан станц”. Төслийг 2013 онд эхлүүлж, "Тавантолгой цахилгаан станц" ХХК-ийг байгуулсан ч Оюутолгой, Тавантолгой ЦС нь худалдах, худалдан авах гэрээн дээр тохирч чадаагүй улмаас төсөл хэрэгжээгүй. Ингээд МАН-ын Засгийн газар 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж, 2025 оныг хүртэл нийт 84 тендер зарласан баримт байна. “ЭТТ” ХК компани 2021-2022 онд 4.2 сая ам.долларыг /10 гаруй тэрбум төгрөг/ энэ төсөлд зарцуулсныг нээлттэй мэдээлэлд дурджээ.
Тавантолгойн ДЦС нь 450 мВт-ын хүчин чадалтай, Тавантолгой, Оюутолгойн дэд станцад холбогдох хоёр хэлхээ 220 кВт-ын 167 км цахилгаан дамжуулах болон усан хангамжийн байгууламж барихаар төлөвлөсөн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2023 онд олон улсын тендер зарласан ч ялсан, ялагдсан компанийн шүүхийн маргаанаас төсөл зогсонги байдалд орсон. Төслийн гүйцэтгэгчээ шалгаруулж чадвал 30 сарын хугацаанд бүтээн байгуулалт хийнэ” гэв.
“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн албан ёсны мэдээллээр 2026 оны хоёрдугаар улиралд багтаан төслийн гүйцэтгэгчийг шалгаруулж, зураг төслийг боловсруулах, үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн захиалга, газар шороо барилгын угсралтын ажлыг эхлүүлнэ. Гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн өртгийг эцэслэх аж.
Эхний тооцооллоор 808 сая ам.доллар шаардлагатай гэж үзсэн бөгөөд 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас, үлдсэн 70 хувийг зээлийн хөрөнгө гэж төлөвлөсөн байдаг. Ойролцоогоор 242 сая доллар /одоогийн өртгөөр 847 тэрбум төгрөг/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногддог.
https://opendatalab.mn/search/2839?model=TClient

Нэмэлт:
“Эрдэнэс Тавантолгой “ ХК-ийн бэлэн мөнгөөр санхүүжүүлсэн төслүүд

Тавантолгойн ордын нийт нөөц 8.1 тэрбум тонн. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66%, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 40%, “Тавантолгой ДЦС” ТӨХХК-ийн 30%-ийг эзэмшдэг.
Засгийн газраас УИХ-д танилцуулсан Хөрөнгийн биржээр нээлттэй хувьцаа гаргах компанийн жагсаалтад "ЭТТ" ХК багтсан.
Дашрамд, өнгөрсөн хугацаанд "ЭТТ" ХК ашигтай ажиллахын хэрээр манай дарга нарын хулгай гаарсан. Оффтейк нэртэй гэрээнүүд олширч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгон өндөр дүнтэй тендер өгсөн, 17 тэрбум төгрөгийн 22 хаус худалдсан, 69 тэрбум төгрөгийн нууц гэрээ байгуулсан, 5.4 тэрбум төгрөгөөр офиссын барилга худалдаж авсан, Нүхтийн аманд спорт цогцолбор, орон сууцны хотхон барихаар хөрөнгө оруулсан гэх зэрэг авлига, албан тушаалын хэргүүд нь илэрч, 2024 онд хуулийн дагуу шийтгэлээ хүлээсэн.
Нүүрсний гэх энэ хэрэгт ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, туслах И.Даваадорж, Б.Отгонжаргал нарын албан тушаалтан холбогдож, ял авсан байдаг.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16