2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


АНУ болон Хятадын хэлэлцээрт дорвитой ахиц дэвшил гараагүй нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Бээжинг зорихдоо өөртөө итгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн бол Хятад улсын хувьд хоёр том гүрний удирдагчийг дараалан хүлээн авч уулзсан нь дипломат хүч чадлаа олон улсад гайхуулах томоохон боломж боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гаригийн орой Бээжинд газардах үед түүний айлчлалын албан ёсны хөтөлбөр нь Хятадын дарга Ши Жиньпинтэй хамтран хоёр улсын хооронд байгуулсан түүхэн түншлэлийн гэрээ буюу "Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны тухай 2001 оны гэрээ"-ний 25 жилийн ойг тэмдэглэхэд чиглэж байна.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар өнөөдөр болох Ши-Путин нарын дээд хэмжээний уулзалтын ач холбогдол, цаг хугацааны тохироо нь албан ёсны хөтөлбөрөөсөө хамаагүй гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж байна.
Путины энэхүү айлчлалын тов АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа дараа Хятад улсаас буцсанаас ердөө нэг хоногийн дараа зарлагдсан юм. Трамп Хятадтай худалдааны томоохон хэлэлцээрүүдийг байгуулж чадсан хэмээн сайрхаж байгаа ч Вашингтон, Бээжингийн хооронд үүсээд буй Тайванийн асуудал болон АНУ-Израилийн Ирантай хийж буй дайн зэрэг хамгийн зөрчилтэй сэдвүүд дээр талууд дорвитой ахиц дэвшил гаргаж чадаагүй гэдгийг шинжээчид онцолж байна.
Энэ тодорхойгүй байдал нь Путины хувьд туйлын таатай боломж бөгөөд Бээжин одоогоор Оростой тогтоосон харилцаанаасаа ухрах, зайлах эсвэл нэг тийш шахах ямар ч төлөвлөгөөгүй байгаа гэдэгт итгэлтэйгээр Хятадыг зорих суурь болжээ. Нөгөөтэйгүүр, Бээжингийн хувьд эдгээр дараалсан уулзалтууд нь өөрийн дипломат нөлөөгөө харуулах нэгэн төрлийн хүч чадлын илэрхийлэл болж байгаа бөгөөд Хятад улс олон улсын тавцанд сөргөлдөгч их гүрнүүдтэй өөрийн тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийж чадах гол тоглогч гэдгээ батлан харуулж байна.
Өрнөдийн хориг арга хэмжээнүүд болон Трампын гадаад бодлогыг хэтэрхий бодлогогүй гэж үзэх нийтлэг байр суурь нь Путин, Ши Жиньпин нарыг сүүлийн жилүүдэд улам ойртуулан, бат бөх түншлэлийг бий болгоход хүргэсэн бөгөөд Оросын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар тэдний харилцаанд томоохон өөрчлөлт гарах магадлал бага байна. Гэсэн хэдий ч уулзалтын цаг хугацаа нь Бээжин улам бүр хуваагдаж буй дэлхийн шинэ дэг журмын төвд өөрийн байр сууриа хэрхэн бэхжүүлж байгааг харуулж байна.
“ПУТИНД ЭНЭ УУЛЗАЛТ ШИ ЖИНЬПИНИЙХЭЭС ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ”
Хятад улс олон улсын тавцанд бие даасан байр суурьтай байгаагаа харуулж буй ч Путины айлчлалаас гэнэтийн томоохон үр дүн, эсвэл эрс өөрчлөлт хүлээх хэрэггүй бөгөөд энэ нь тэдний стратегийн харилцааны үргэлжлэл байх болно. Лондонгийн Кингс Коллежийн батлан хамгаалах судлалын доктор Марина Мирон "Аль Жазира" агентлагт өгсөн ярилцлагадаа "Миний бодлоор хоёр улсын харилцаанд эрс өөрчлөлт гарахгүй. Энэ бол эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнес болон цэргийн технологийн солилцоо зэрэг салбаруудад хоёр талын харилцааг улам гүнзгийрүүлэх алхам байх болно" гэж тэмдэглэжээ.
"Хямралын бүлэг" (Crisis Group)-ийн Оросын асуудал эрхэлсэн ахлах шинжээч Олег Игнатов мөн ижил дүгнэлтийг хийсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "Хоёр улсын харилцаа стратегийн шинж чанартай. Тэд бол стратегийн түншүүд болохоос биш цэргийн холбоотнууд биш бөгөөд тэдний харилцаа үүнээс цааш илүү гүнзгий шатанд орно гэж би бодохгүй байна. Орос, Хятадын харилцаа маш тогтвортой, хоёр улсын хувьд аль алинд нь туйлын чухал бөгөөд тэдний хооронд ямар нэгэн сөрөг уур амьсгал байхгүй" хэмээжээ.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтарсан төслүүд, тэр дундаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа ахиулах төлөвтэй байна. Хятад улс Оросын байгалийн баялаг, эрчим хүчний нөөцийг "хямдралтай үнээр" авахыг хүсэж байгаа бол Орос улс дроны үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа Хятадын иргэний болон цэргийн зориулалттай (давхар зориулалттай) өндөр технологийн нийлүүлэлтээс шууд хамааралтай хэвээр байна гэж Мирон тайлбарлав.
Гэсэн хэдий ч энэхүү уулзалт нь Ши Жиньпинийхээс илүүтэйгээр Путины хувьд амин чухал ач холбогдолтой юм. Чатам Хаус (Chatham House) хүрээлэнгийн Орос ба Евразийн хөтөлбөрийн ажилтан Тимоти Эш "Аль Жазира"-д өгсөн ярилцлагадаа дараах дүгнэлтийг өгчээ. "Украинд хийсэн Путины сүйрэлт дайны улмаас Орос улс одоо Хятадаас шууд хамааралтай, сул талын буюу 'бага' түнш болж хувирсан. Путин Хятадаас цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг голлон хүсэж байж магадгүй." Мөн "Трамп Бээжинд очиж тусламж гуйсантай ижил замаар Путин ч мөн Бээжинг зорьж байна. Одоо бүх хөзөр, эрх мэдэл Хятадын талд байна" гэж тэрбээр нэмж хэлэв.
Гэвч Олег Игнатов хоёр улсын харилцааг зөвхөн дээрээс доош чиглэсэн шатласан, хамаарлын нүдээр харахаас сэрэмжлүүлж, талуудын одоогийн үйлдэл нь эцэстээ олон туйлт дэлхий ертөнцийг цогцлоох олон улсын алсын хараанаас үүдэлтэй гэдгийг онцолсон юм. Тэрбээр "Хоёр тал хоёулаа олон туйлт дэлхийг байгуулахыг зорьж байгаагаа илэрхийлдэг. Тэд бусад улс орныг өөрийн хүслээр далайлган шахдаг ямар нэгэн давамгайлагч хүчин олон улсын тавцанд байх ёсгүй гэж үздэг. Тэд олон улсын харилцааг ийм өнцгөөс харж байгаа юм" гэв.
ДАЙНЫ СҮҮДЭР ДОРХ “ТӨВИЙГ САХИСАН СУПЕР ГҮРЭН”
Эдгээр дараалсан дээд хэмжээний уулзалтыг олон улсад хамгийн чухал болгож буй хүчин зүйл нь Бээжингийн гадаад бодлогын илүү өргөн цар хүрээтэй стратегийг харуулж байгаад оршино. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс өөрийгөө улам бүр хуваагдаж, бутран буй олон улсын шинэ дэг журамд "орлуулашгүй зуучлагч" бөгөөд ухаалаг зохицуулагч болгон харуулахыг хичээж байна.
Марина Мирон хэлэхдээ "Хятад улс өөрийгөө ямар нэгэн дайсангүй, төвийг сахисан, олон улсын маргааныг зохицуулагч гол тоглогч гэж харуулахыг эрмэлзэж байна. Хятад улс Оростой хамаагүй ойр дотно байгаа хэдий ч олон нийтийн өмнө аль нэг супер гүрний талд ил тод зогсохоос үргэлж зайлсхийдэг. Тэд дипломат салбарт өөрсдийгөө төвийг сахисан супер гүрэн гэж харуулахыг урьтал болгож байна" гэжээ.
Энэхүү айлчлалын уур амьсгалд АНУ-Израилийн Ирантай хийж буй дайн хамгийн том сүүдэр тусгаж байна. Энэхүү мөргөлдөөн нь Хормузын хоолойг бараг бүрэн хаагдахад хүргэж, дэлхийн эрчим хүчний зах зээлийг хүчтэй савлуулж байгаа бөгөөд энэ нь Оросоос илүүтэйгээр Хятадын эдийн засагт хүнд тусаж байгааг Мирон онцлов.
Орос улс ойрын хугацаанд Персийн булангийн эрчим хүчний өрсөлдөгчид нь жагсаалтаас гарч байгаа тул энэхүү хямралаас ашиг хүртэж байгаа ч урт хугацааны тогтвортой байдал Москвагийн хувьд ч чухал ач холбогдолтой юм. Тиймээс хоёр улс хоёулаа Иранд тагнуулын мэдээлэл болон технологийн тусламж үзүүлж байгаа хэдий ч энэхүү мөргөлдөөнийг хурдан дуусгах сонирхолтой байна гэдэг дээр шинжээчид санал нэгдэж байна.
Шинжээч Тимоти Эшийн тэмдэглэснээр, Москва Трамп-Ши Жиньпиний уулзалтаас АНУ-ын хүссэн үр дүн гараагүйд дотроо сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр, "Хятад улс Трампын хүссэн зүйл болох Ираны дайныг зогсоох тал дээр АНУ-д ямар нэгэн амлалт, буулт өгөөгүй. Бээжин Тегераныг, эсвэл Москваг ийм амархан орхихгүй гэдэгт Москва бүрэн итгэлтэй бөгөөд сэтгэл амгалан байна" гэлээ.
Оросын Украинд хийж буй дайны сэдэв уулзалтаар гарцаагүй хөндөгдөх боловч шинжээчид Хятадын зүгээс Москвад шахалт үзүүлж, дайны үр дүнг тодорхой чиглэлд оруулахыг шаардахгүй гэж үзэж байна. Марина Мирон "Украины асуудлыг заавал хэлэлцэх бөгөөд Хятад улс энхийн хэлэлцээ, зуучлалын байр суурийг дэмжиж байгаагаа уламжлал ёсоор илэрхийлэх болно. Гэхдээ Хятад улс Орос улсыг ямар нэгэн байдлаар олон улсад шившэг болж, хүнд байдалд орохыг огт хүсэхгүй байгаа тул Путинд ямар нэгэн тулган шаардалт тавихгүй нь тодорхой" гэв.
Энэ удаагийн айлчлалаас олон улсын түүхэнд үлдэхүйц гэнэтийн, эрс шийдэмгий дипломат үр дүн гарахгүй байж болох ч нэг зүйл туйлын тодорхой болов. Бээжин өнөөдөр нэг өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийг, дараагийн өдөр нь Оросын удирдагчийг дараалуулан хүлээн авч уулзсанаараа өөрийгөө дэлхийн геополитикийн тавцанд хэн ч үл тоомсорлож үл зүрхлэх асар том хүчин гэдгээ батлан харууллаа.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27