

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг хууль, шүүхээр шалгаж, АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан. Албан тушаалаасаа огцорсон даруйд “шувуу ажиллагаа”-гаар гадагшаа Канадыг зорьсон тэрбээр үе, үе нүүр номоороо хэрүүл хийдэг болоод удаж буй юм. Тэр тусмаа өөрийнх нь хотын дарга байх хугацаандаа хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хууль бус шийдвэр, хулгай луйврын баримтуудыг ил болгосон, дэлгэсэн, эсэргүүцэж, шүүмжилсэн иргэдээ шүүх цагдаагаа айлгаж, дарамтлах, сошиал орчинд гүтгэж, доромжилж суудаг нь түүний жинхэнэ дүр төрх юм.
Тэрбээр өчигдөр(2026.10.18) мөн л өөрийг нь шүүмжилсэн, хулгай, луйврыг нь факт, баримтаар ил болгосон иргэдийн зургийг барьж, ээлжит нэгэн лайваа хийлээ. Ингэхдээ дэглэмийн эсрэг ганцаараа тэмцэж байна, Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэх мэтээр жүжиг тоглов. Сүүлийн 10 жил Х.Нямбаатар Монголын төрд хоёр чихээ дүлий болтлоо ажилласан юм байх. Тэрбээр лайвдаа төрд ажиллаж буй ах дүү, хамаатан садан байхгүйг тодотгоод бүр хамаарал бүхий компани нь төрөөс ямар нэг төсөл тендер аваагүй гэлээ. Гэхдээ үлгэрт хүүхэд ч итгэхээ больсон.
Х.Нямбаатарын хувь намтраас харвал, 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт хуулийн зөвлөхөөр ажилд орж, түүнээс хойшхи 17 жил Монголын төрд ажиллахдаа дандаа дарга, сайд хийж иржээ. Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, дүүргийн ДИТХ-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд улмаар 2023 онд нийслэлийн Засаг даргаар “шууд” томилогдож очсон. Ингээд Улаанбаатар гэж улсын хаан болсон түүхтэй аж.
Тэрбээр Сэлбэ сэргэлт, Туулын хурдны зам, Улаанбаатарын тойрог замын төслийг хэрэгжүүлэхдээ олон хууль зөрчсөнөөс гадна түүний удирдлагын баг нийслэлийн төсвөөс олон тэрбумын төсөл, тендерийн хулгай хийсэн байж болзошгүй баримтууд ил болсон юм. Хамгийн наад захын жишээ нь, Туулын хурдын замын төслийг хэрэгжүүлэх Хятад компанид нийслэлийн татвар төлөгчдийн 500 тэрбум төгрөгийг урьдчилж өгсөн гэх асуудал.
Улаанбаатарын ундны ганц эх үүсвэр болох Туулын гол дээр хурдны зам барих нь байгаль экологид сөргөөр нөлөөлөхийг эрдэмтэд судлаачид нотолсон. Мөн Туулын хурдны зам нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, Улаанбаатарын түгжрэлд ямар ч нөлөөлөлгүй болохыг мөн судлаач, шинжээчид баримтаар тогтоосон бий. Түүний шалгаруулсан, төслийн хэрэгжүүлэгч гол компани болох “ХаоЮань групп" нь албан бичиг баримт дээр 4 өөр нэртэй байгаа нь олон нийтийн анхаарал татсан, хардлага төрүүлэхүйц үндэслэл мөн юм.
Ямартай ч энэ хэргийг шалгуулахаар иргэн Хариад овогт Г.Уянга АТГ-т хандсан агаад Х.Нямбаатарын хулгай, луйврын баримтуудыг ил болгосон, түүний хууль бус шийдвэрүүдийг эсэргүүцсэн иргэд, сэтгүүлчдийг тэрбээр удаа, дараа олон нийтийн сүлжээнд доромжилж, заналхийлж сүрдүүлсээр байгаа билээ.
Тэрбээр миний хамаарал бүхий компани төрөөс нэг ч тендер аваагүй гэх үг нь худал болох нь ч мөн баримтаар нотлогдоно. Х.Нямбаатар 2012 онд СХД-ийн ИТХ-ын дарга болсныхоо "Хамаг Монгол" гэх барилгын компани байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажууд хоёр ч орон сууцны хотхон барьсан талаар хэвлэлүүдээр өмнө мэдээлж байжээ. “Хамаг Монгол” группын гүйцэтгэх захирлаар нь Х.Нямаа гэх төрсөн дүү нь ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Х.Нямбаатар өөрөө.
Тус компанийн барьсан орон сууцны хотхон нь СХД-ийн хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөгдсөн газар байсан гэх хардлага бий агаад үүнийг хууль, цагдаа нягтлаж, шалгах нь зүй. Түүнчлэн ЖДҮХС-аас ₮950 саяын зээл авсан “Өгөөдэй Ази”-д батлан даалт гаргасан компани нь “Хамаг Монгол”. Опен датагаас харвал “Өгөөдэй Ази” нь Б.Батзориг гэж хүний компани агаад 2026 оны тавдугаар сард “Бадрах өглөө девелопмент” гэж нэрээ өөрчилжээ. Тус компани нь “Өгөөдэй Ази” нэртэй байдаа СХД-ээс нэлээд олон тендер түүсэн байна. Мөн Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад жижигхэн төсөвтэй юм шиг атлаа төрийн олон тендерийг “мөөг” шиг түүдэг байсан аж.
Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байхдаа нийтдээ 11 их наядын төсөв захиран зарцуулсан. Түүний үед татвар, торгуулийн мөнгөн дүн 2-10 дахин өссөн байдаг. Өнөөдрийн хэрүүлийн сэдэв болоод байгаа гаражнаас татвар авах асуудал ч Х.Нямбаатарын үеийн санаачилга юм.
Олон нийтийн торгууль, татвараас бүрдсэн төсвийг зарцуулж буй даргын бодлого шийдвэр, хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьж, эсэргүүцэх нь иргэн хүний үүрэг, оролцоо. Үүнийг л ардчилсан нийгэм дэх хуулийн засаглал гэнэ.
Хуулийн засаглалтай улсад олон нийтийн оролцоо өндөр байх тусмаа төр дэх эрх баригчдын авлига буурдаг.
Атал өөрийнх нь хулгай, луйврыг илчилж, эсэргүүцсэн гэж иргэдээ шүүхэд өгч, SLAPP хийлгэх, сошиал орчинд нэр төрд нь илтээр хандаж, заналхийлэх албан тушаалтны үйлдэл нь үндсэндээ дарангуйлалд тооцогдоно.
Өөрийнх нь эсрэг дуугарсан иргэн бүрийг гүтгэж, харлуулж, цахим орчинд цовдолж буй нь нэг талаар үнэнд гүйцэгдсэн түүний үйлдэл гэж харагдаж байна. Тэр мөртлөө дэглэмийн эсрэг тэмцэж буй, эрх чөлөөний төлөөх тэмцэгч хэзээ ч энгийн иргэд рүүгээ ноцдоггүй. Жирийн иргэдээ "зодож", дарангуйлж буй дарга жинхэнэ дэглэмийн дарангуйлагч байдаг.


Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.