

Сара Форбс Бонеттаг Хааны тэнгисийн цэргийн Баруун Африкийн эскадрилийн ажилтан Фредерик Форбс Англид авчирчээ. Гэрэл зургийг: Уильям Бэмбриж (1819-79)/Хааны цуглуулгын сан
Энэ нь Африкийн нэгэн хаанд олзлогдож, улмаар Англид хүргэгдэн Их Британийн эзэнт гүрний Хатан хаан Викториягийн ивээлд орсон Айна (Àìná) нэртэй охины түүх юм.
The Guardian (2026-10-18)
Баё Рандлын элэнц эх нь 7 настай байхдаа Африкийн нэгэн хаанаас Хатан хаан Викторияд "дипломат бэлэг" болж Виндзор шилтгээнд хүргэгдэж байжээ. Хожим нь тэрбээр ордонд Сара Форбс Бонетта нэрээр алдаршсан юм.
Хатан хаан Виктория охины боловсролын зардлыг хувиасаа төлж, баруун Африкийн хамгийн чинээлэг эрчүүдийн нэгтэй гэрлэхийг нь зөвшөөрсөн төдийгүй түүний ууган охины загалмайлсан эх нь болж байв. Хатан хаан өнчин охины сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ анхаарал хандуулж, түүнийг хааны гүрний ивээлд авч, олон жилийн турш тогтмол харилцаатай байсан агаад тэдний харилцаа үнэн хэрэгтээ Британийн эзэнт гүрний геополитикийн бодлого, төлөвлөгөөний нэг хэсэг байжээ.
Өдгөө түүний амьдралаас сэдэвлэсэн "Сара Форбс Бонетта болох нь: Хатан хаан Викториягийн ордон дахь Йоруба эмэгтэй" гэсэн намтарчилсан ном хэвлэгдэн гарах үеэр Рандл өөрийн гэр бүлийн түүхийн талаар хуваалцсан байна.
Лондон хотын хуульч, Британи-Нигери гаралтай Баё Рандл "Ухамсарт бие хүнийг нэгээс нөгөөд бэлэглэнэ гэдэг байж боломгүй зүйл гэж би боддог. Гэхдээ хэрэв түүнийг Хатан хаан Викторияд бэлэглээгүй байсан бол өнөөдөр би энд байх байсан уу?" гэх асуултаар намтар түүхээ эхэлжээ.

Бонеттагийн үр удам болох Лондон хотын хуульч Баё Рандл.
Тус шинэ номд Канадын профессор, эрдэмтэн Хенри Лавжойн Атлантын далай дамнасан боолын худалдааг хориглох тушаалыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан Хааны тэнгисийн цэргийн Баруун Африкийн эскадрилийн ажилтан Фредерик Форбс охиныг хэрхэн Англид авчирсан тухай өгүүлнэ
Нигерийн баруун өмнөд хэсгийн Оке-Одан хотод 1843 онд төрсөн Бонеттаг анх Айна гэдэг байжээ. 1848 онд түүний амьдардаг хот руу Дахомейн улсын хаан Гезогийн цэргүүд довлох үеэр охины гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн байна. Тэр үед 5 настай байсан Бонеттаг Холливудын "Эмэгтэй хаан" кинонд дүрслэгддэг "агожи" гэх эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн хорооныхон олзолж, хаан Гезогийн ордонд авчран хорьж байжээ.
1850 онд Форбс өдгөө Бенин улс гэгдэх Дахомейд очиж, хаан Гезогоос боолчлолын эсрэг гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан байна. Түүний даалгавар бүтэлгүйтсэн ч Форбс хаан Гезогоос Бонеттаг Англи руу авч явах зөвшөөрөл хүсжээ. Хожим нь Бонетта өөрийн цаг үеийн хамгийн алдартай, уран бүтээлүүдэд дүр нь хамгийн их дүрслэгдсэн, хэвлэлүүдээр хамгийн их бичигдсэн Африкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсон юм. Гэвч тэрбээр хэзээ ч бүрэн эрх чөлөөтэй байж чадаагүй.

Хенри Б. Лавжойн бичсэн ном.
Профессор Лавжойн номдоо Форбс охиныг Англид авчрахаасаа өмнө (охинд өөрийн овгийг болон зорчиж явсан "Бонетта" хөлөг онгоцныхоо нэрийг өгсөн) түүнийг хааны өмч болгох хүсэлт гаргаж байсныг баримтаар дурджээ. Энэ нь боолчлолыг халсны дараах хууль эрх зүйн өөрчлөлтийн дагуу Бонетта нь 19 нас хүртлээ хатан хаан Викториягийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгт алба хаагч байсан гэсэн үг юм. Хожим нь түүнийг худалдаачин, хүмүүнлэгийн үйлстэн Жэймс Пинсон Лабуло Дэвистэй хүчээр гэрлүүлсэн бөгөөд Бонетта түүний тухай өдрийн тэмдэглэлдээ "Би түүнийг өчүүхэн ч хайрлахгүй байна" гэж бичиж үлдээсэн байна.
Лавжойн Картикэй Чадхатай хамтран хөгжүүлсэн liberatedafricans.org цахим хуудасны судалгаанд дурдсанаар, боолчлолыг халсны даруу Британи зэрэг улсуудын засгийн газрууд шууд боолуудаа чөлөөлсөнгүй. Харин боолчлолоос чөлөөлөгдсөн 700 мянга гаруй африк иргэнийг эрх чөлөөний төлбөр нэртэй 14 жил хүртэлх хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх гэрээг хүчээр байгуулж байжээ.
Лавжойн үзэж буйгаар Бонетта нь энэхүү албадан хөдөлмөрийн гэрээний элит давхаргад хамаарч байсан бөгөөд түүнийг Африкийг христийн шашинд оруулах номлогч болгохоор бэлтгэж байв. Британи нь бүсгүйн гэрэл зургуудыг Африкийг колоничлохдоо ердөө соёл иргэншил түгээх гол зорилготой байсан гэх хааны суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж байв.
Колорадо Боулдер их сургуулийн профессор Лавжой "Чөлөөлөгдсөн африкчуудыг албадан хөдөлмөр рүү хүчээр илгээж байх тэр цаг үед Сарагийн дүр төрхийг хатан хааны өгөөмөр, энэрэнгүй сэтгэлийг нийгэмд харуулах сурталчилгааны гол дүрээр ашиглаж байсан" гэв. Түүнчлэн 1858 онд хатан хаан Викториягийн гүнжийн хуриманд Бонетта оролцсон агаад Америкийн боолчлолын эсрэг тэмцэгчид үүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй Викторияг тэгш эрхийн тэмцэг байсны баталгаа гэж дүгнэжээ.
1851 онд хааны зоосны үйлдвэрийн сийлбэрчин Бенедетто Пиструччигийн урласан Бонеттагийн гипсэн цээж баримал нь энэхүү түүхийн "хоёрдмол шинж чанарыг бэлгэддэг байна. Рандл уг баримлыг өнгөрсөн жил Лавжойн судалгааны явцад гэр бүлийн хувийн цуглуулгаас нь олж үзжээ.
"Элэнц эхийнхээ бага насны төрх, нүүрэн дээрх соёлын онцлогийг илтгэх шивээс, тэмдэглэгээг харахад гайхалтай байлаа. Гэхдээ энэ баримал нь тухайн үеийн арьс өнгөөр ялгаварлах үзлийн хүрээнд, хүнийг гавлын ясаар нь ухамсрыг тодорхойлох френологийн судалгааны зорилгоор бүтээгдсэн. Бонеттаг тэнд ердөө ер бусын ховор үзмэр гэж үзэж байсан" гэж Рандл өгүүлжээ.
Рандл гэр бүлийнхээ түүхийг аав Адекунле Рандлаас анх сонсчээ. Тэдний гэр бүлд хатан хаан Викториягаас Бонеттагийн охин Викторияд бэлэглэсэн сийлбэртэй хундага, таваг одоог хүртэл хадгалагдаж байдаг гэнэ. Эмээ Виктория нь хатан хааны тусламжтайгаар Челтенхэмийн эмэгтэйчүүдийн коллежид боловсрол эзэмшиж байжээ. Лавжойн ном нь Бонеттаг Йорубагийн гүнж байсан, эсвэл тэр өөрөө хатан хааны загалмайлсан охин байсан гэх мэт түүхийн зарим цуу яриа, төөрөгдлүүдийг няцаадаг.

Бонетта нь 19 дүгээр зууны Англид маш алдартай хүн байжээ.
Өдгөө 37 настай Баё Рандл өөрийн гэр бүлийн уугуул нутаг Оке-Одан хоттой соёлын холбоогоо хадгалсаар ирсэн бөгөөд Бонеттагийн талаарх судалгааг туйлын талархалтайгаар хүлээн авч байна. Сара Форбс Бонетта нь маш авьяаслаг хэл шинжлэлийн мэргэжилтэн, хөгжимчин, аялалын тэмдэглэл бичигч, сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд 1880 онд Мадейра арал дээр сүрьеэ өвчний улмаас 37 насандаа таалал төгсөх хүртлээ 19 дүгээр зууны Лагос хотын нөлөө бүхий эмэгтэй байсан юм.
Рандл "Лавжойн энэхүү ном надад уншихад таатай байна уу, үгүй юу гэдэг нь гол асуудал биш. Энэ бол танин мэдэхүйг тэлэх, өнгөрсөн түүхээсээ суралцах үйл хэрэг юм. Хамгийн хүнд, таагүй хэсэг нь миний элэнц эх юуны бэлгэдэл болж байсанд, түүнийг юунд ашиглаж байсанд л оршиж байгаа юм. Гэхдээ түүний түүхийг тэр чигт нь зөвхөн эмгэнэлт явдал гэж дүгнэвэл алдас болно. Миний элэнц эх амьдралын хүнд бэрхшээл, гэр бүлээ алдах, төрсөн нутгаасаа хүчээр нүүх, харь соёлд хувьсан дасан зохицох бүхий л явцад маш хүчтэй, зоригтой, нэр төртэй байж, амжилтад хүрч чадсан. Тэр бол Британи дахь өнгөт арьстнуудын түүхийн хамгийн анхны бахархалт жишээ юм" гэж гуч хүү яриагаа өндөрлөв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.