2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25


Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминдан намын дарга Чэн Ли-вун
Чэн Ли-вун нь Бээжин Вашингтоныг Тайпэйд үзүүлэх дэмжлэгээ эргэж харахыг шаардаж буй энэ үед АНУ-д айлчлахаар бэлтгэж байна.
The Wall Street Journal
Өнгөрсөн 4-р сард Чэн Ли-вун сүүлийн 10 жилийн хугацаанд Ши Жиньпинтэй уулзсан Тайванийн гол сөрөг хүчний анхны удирдагч болсон юм. Тэгвэл тэрбээр Даваа гаригт АНУ-ыг зорих бөгөөд түүний авч яваа мессежийг Бээжингийн эрх баригчид өөрсдийнх нь байр суурь хэмээн шууд хүлээн зөвшөөрөхүйц байна.
Гоминдан (Үндэсний хувьсгалт нам) намын дарга Чэн АНУ-д хоёр долоо хоногийн аялал хийхээр төлөвлөсөн. Үүнийг энх тайвны төлөөх даалгавар хэмээн нэрлэж байгаа ч АНУ-Хятадын хувьд геополитикийн асар том гүүр болж байна. Энэхүү айлчлал нь Бээжингийн зүгээс Вашингтонд хандан Тайванийг дэмжих бодлогоо эргэн харахыг шаардаж буй эгзэгтэй цаг үед тохиож байна. Тайвань нь өөрийгөө удирдах засаглалтай, ардчилсан арал бөгөөд Тайванийг удирдах гэсэн Бээжингийн санаархлыг хүлээн зөвшөөрдөггүй билээ.
Тайванийг Бээжингийн засаглалтай нэгтгэх уламжлалт чиг баримжаатай Гоминдан намын Чэн бол 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн магадлалтай нэр дэвшигч юм.

Чэн Хятадын дарга Ши Жиньпинтэй хамт Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд. 2026-04 сар
Түүний Тайванийн талаар баримталдаг байр суурь Бээжингийн бодлоготой яв цав нийцэж байгаа аж. Мөн АНУ-ын зүгээс Тайпэйн аюулгүй байдлыг хангах амлалтдаа эргэлзээтэй, тодорхойгүй байр суурь үзүүлэх болсон энэ мөчид тэрбээр Вашингтонд айлчилж байгаагаараа онцлог юм.
Бээжинтэй ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Ши Жиньпин Чэнгийн улс төрийн ирээдүйд ихээхэн бооцоо тавьж, түүнийг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд Гоминдан намын гол удирдагч болгохоор бэлдэж байна. Учир нь, Чэн Тайванийн удирдагч болбол "тайван замаар эргэн нэгдэх" үйл ажиллагааг урагшлуулна гэж тооцоолж байгаа юм. Бээжингийн зүгээс Тайванийн одоогийн Засгийн газрыг салан тусгаарлагчид гэж үздэг.
Хэрэв Чэн ерөнхийлөгч болвол Ши Жиньпинд сүүлийн арван жилийн турш цэргийн хүчээр дарамт шахалт үзүүлээд ч авч чадаагүй тэр боломжийг олгоно. Энэ нь Тайванийн ирээдүйн талаар хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн Засгийн газар Тайпэйд байгуулагдана гэсэн үг.
"Хятад улс түүний нэр хүндийг өсгөхийн тулд маш их зүйл хийсэн" гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн (CFR) Ази судлалын шинжээч Дэвид Сакс хэлэв. Сакс Чэнийг Бээжинд хийсэн айлчлалынх нь дараа Тайпэйд түүнтэй уулзсан бөгөөд Нью-Йорк хотноо хийх хаалттай хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна. Хэрэв Чэн АНУ-д хийх айлчлалынхаа үеэр Америкийн өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж чадвал эх орондоо буцаж очоод Бээжин болон Вашингтоныг хоёулантай нь ойлголцож чадах цорын ганц хүн гэж харуулах боломжтой болох гэнэ.
Сакс "Энэ нь түүний хувьд улс төрийн тавцанд маш хүчтэй хөзөр болох болно" гэж нэмж хэлэв.
Гэхдээ хамгийн гол асуудал нь Дональд Трамп үүнд хэрхэн хандах вэ гэдэгт байна. Цагаан ордонтой ойр эх сурвалжуудын мэдээлснээр Чэн АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана гэж найдах хэрэггүй бололтой. Трампын засаг захиргаа гадаадын сөрөг хүчний удирдагчидтай зөвхөн тэднийг ирээдүйд тухайн улсын төрийн тэргүүн болох өндөр магадлалтай гэж үзсэн тохиолдолд харилцаа тогтоох дипломат бодлого баримталдаг. Хатагтай Чэн одоогоор энэ шалгуурт хараахан хүрээгүй байна.
Хатагтай Чэн ерөнхийлөгч Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ нь амаргүй даваа байх болно.
Гоминдан намын Вашингтон дахь төлөөлөгч Виктор Чиний мэдээлснээр, Чэн АНУ-ын Конгрессын Батлан хамгаалах болон Гадаад харилцааны хорооны Бүгд найрамдах нам мөн Ардчилсан намын зарим гишүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Гэвч эдгээр уулзалт ч түүний хүсч байгаа шиг халуун дулаан болно гэж найдалтгүй.
Конгресс дахь Тайванийн бүлгэмийн гишүүд болон Тайпэйн аюулгүй байдлыг тууштай дэмжигчид Чэнээс Тайванийн цэргийн зардлаа нэмэгдүүлэх амлалтын талаар хатуу шаардах магадлалтай. Мөн тэд Гоминдан намыг Бээжингийн шахалтад автаж байгаа мэт харагдахаас сэрэмжлүүлж, ийм үйлдэл нь АНУ-ын Конгрессоос Тайваньд үзүүлэх дэмжлэгийг сулруулах эрсдэлтэйг анхааруулах болно.
Эдгээр хатуу байр суурь ерөнхийлөгч Трампын зүгээс түр царцаагаад байгаа Тайваньд нийлүүлэх АНУ-ын $14 тэрбумын зэвсгийн багцтай холбоотой юм. Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны Ардчилсан намын ахлах гишүүн Грегори Миксийн туслахын мэдээлснээр уг багцад $8.6 тэрбумын үнэ бүхий "Patriot" системийн шинэчлэлт болон пуужингуудыг багтаасан Байлдааны нэгдсэн удирдлагын систем (IBCS), $5.29 тэрбумын газар-агаар ангиллын пуужин хөөргөх "Nasams" төхөөрөмж болон амдан сөнөөгч пуужингууд, $230 сая орчмын дрон эсэргүүцэх систем болон $500 саяын M4A1 винтовын захиалга багтаж байгаа ажээ.

2023 оноос үйлдвэрлэгдэж буй Nasams пуужин хөөргөгч.
Микс зэрэг конгрессын ахлах гишүүд хэдэн сарын өмнө уг зэвсгийн борлуулалтыг албан бусаар зөвшөөрсөн. Түүнээс хойш Трампын засаг захиргаа хуульд заасны дагуу уг борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Конгресст албан ёсоор мэдэгдээгүй байна. Үйл явдлыг сайн мэдэх эх сурвалжуудын хэлснээр, засаг захиргаа уг багцыг жижиг хэсгүүдэд хуваан нийлүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь зэвсэг хүргэлтийг улам саатуулж, Хятадыг тогтоон барих нөлөөг сулруулна гэж шинжээчид үзэж байна.
Тайванийг дэмжигчид ерөнхийлөгч Трампыг уг зэвсгийн наймааг Ши Жиньпинтэй хийх худалдааны хэлэлцээртээ "наймааны хөзөр" болгон ашиглахаас эмээж байна.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан АНУ Тайваньд үзүүлэх дэмжлэгээ бууруулж байна гэх шүүмжлэлийг няцааж, Трамп өнгөрсөн 12-р сард тус аралд $11.1 тэрбумын зэвсэг борлуулахыг зөвшөөрсөн. Түүний хоёр дахь бүрэн эрхийн эхний жилд баталсан зэвсгийн хэмжээ нь ерөнхийлөгч Жо Байдены дөрвөн жилийн хугацаанд баталснаас ч их байгааг онцоллоо. Түүнчлэн Трамп Тайванийн зэвсгийн шинэ багцын талаар ойрын хугацаанд шийдвэр гаргах болно гэдгийг тус албан тушаалтан нэмж хэлэв.
Хадсон институтын шинжээч, Гоминдан намын хууль тогтоогч асан Жейсон Хсу "Би Чэнийг Бээжингийн төлөөлөгч шиг ажиллаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ гадаад үзэгдэх байдал нь маш их хор хөнөөлтэй" болохыг анхааруулав.
Чэнгийн айлчлалын өмнө Тайванийн албан тушаалтнууд болон шинжээчид Бээжингээс Тайванийн талаар шинэ суртал ухуулгаар бөмбөгдөж байгаа анзаарчээ. Ши Жиньпин Трампыг эзэн хаадад зориулсан Тэнгэрийн сүмд дагуулан явж буй бичлэг нь Хятад болон Америкийн удирдагчид хоёр талын тохиролцоонд хүрч, харин АНУ-ын холбоотнуудын аюулгүй байдлын баталгааг анхаарахгүй орхиж буйг илтгэсэн дохио гэж Азийн дипломатууд үзэж байна.
Трамп Бээжинд байхдаа өгсөн ярилцлагадаа “Ши Жиньпинтэй Тайванийн асуудлаар бүхэл шөнөжин ярилцсан. Тиймээс зэвсгийн багцыг түр түдгэлзүүлж байгаа”-гаа хэлээд үүнийг "маш сайн хэлэлцээрийн хөзөр" гэж нэрлэжээ.
Тэрбээр 1982 оны Рейганы үеийн "Зургаан баталгаа" гэх АНУ зэвсгийн борлуулалтын асуудлаар Бээжинтэй зөв “Consult” хийхгүй байх тухай амлалтыг хуучирсан түүх хэмээн үл тоомсорлосон байна.
Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Дээд хэмжээний уулзалтын Бээжингийн мессежийг хүргэхдээ "АНУ Хятадын байр суурийг ойлгож, Хятадын санаа зовоосон асуудлуудыг нухацтай авч үзэж байгаа нь Тайванийг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм" гэж мэдэгдэв.

Ерөнхийлөгч Трамп болон Ши Жиньпин нар Бээжингийн Тэнгэрийн сүмд. 2026-05 сард
Энэ жил Трамп-Ши нарын дахин гурван уулзалт төлөвлөгдөөд байгаа тул Бээжин Вашингтоноос нэмэлт буултуудыг цувралаар шаардаж магадгүй байна. Хэдийгээр Тайпэйн зүгээс үүнд санаа зовохгүй байгаагаа олон нийтэд мэдэгдсэн ч эрсдэл өндөр байна.
Түүнчлэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн хямрал, дайн ахин дэгдээхийг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн Трампын хувьд Бээжинтэй хэл нэвтрэлцэж чадах удирдагч Тайваньд хэрэгтэй байж болох юм. Энэ бол Трампын "бизнес, наймааны сэтгэлгээний инстинкт"-ийг ашиглахаар бэлтгэсэн тактик байх магадлалтай.
Тайпэйн албан тушаалтнууд Хятадын энэхүү суртал ухуулгын эсрэг зогсож, Бээжинг жинхэнэ түрэмгийлэгч хэмээн зарлаж байна. Тавдугаар сарын эхээр Тайванийн цэргийнхэн Хятадын цэргийн тээврийн хэрэгсэл болон байлдааны хөлөг онгоцны хамтарсан эргүүлийн ховор тагнуулын зургуудыг олон нийтэд ил болгосон.
Баасан гаригт Тайванийн Гадаад хэргийн сайд Лин Чиа-лун Чэнгийн энх тайвны төлөөх хүчин чармайлтыг шүүмжилж, тэрбээр үүний оронд Ши Жиньпинд хандан арал руу довтлох бодлоосоо татгалзахыг шаардах ёстой гэв. Тайванийн Эх газрын хэрэг эрхлэх зөвлөлийн дэд сайд Шен Ю-чунг сэтгүүлчдэд хэлэхдээ, Чэн Бээжингийн "Нэг Хятад" бодлогын элч төлөөлөгч болох биш Тайванийн олон нийтийн үндсэн санал бодлыг төлөөлөөсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Их гүрнүүдийн өрсөлдөөнийг олон арван жилийн турш судалсан Харвардын профессор Грэхэм Аллисон Чэнтэй хийх уулзалтынхаа үеэр ярихаасаа илүү сонсохыг илүүд үзэж байгаагаа хэлэв. Түүний хамгийн их сонирхож буй асуулт бол Чэнгийн энэхүү зохицох, буулт хийх стратеги нь статус квог (одоогийн нөхцөл байдлыг) урт хугацаанд хадгалах зорилготой юу, эсвэл Бээжингийн нөхцөл шаардлага руу чиглэсэн удирдлагатай шилжилт үү гэдэгт оршиж байна.
Аллисон "Тэр өөрийн үзэл бодолдоо маш хянуур ханддаг хүн. Би түүнийг анхааралтай сонсох болно" хэмээн дүгнэжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25