2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Л.Оюун-Эрдэнээс ялгаатай нь Г.Занданшатар олон нийтэд нээлттэй байхыг зорьж байна. Өмнөх Засгийн газрын тэргүүн асан таван удаа “тавилттай” ярилцлагад орсныг эс тооцвол тэрбээр иргэдтэйгээ ингэж нүүр тулсан ярилцлага хийж байгаагүй билээ.
Цаг шахуу, асуулт олон байснаас болсон уу, зарим асуултыг “илээд” өнгөрснийг эс тооцвол иргэд тавилтгүйгээр асуусан, Ерөнхий сайд Г.Занданшатар шүүлтүүргүйгээр хариулсан. Эдийн засаг, улс төр, нийгэм, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тулгамдсан, авлига, хулгай, татварын дарамт, зээлийн хүү, газар олголт, тэтгэврийн нэмэгдэл гэх олон асуултад барьц алдсангүй, дайсан тодруулсангүй, утга уянгын зохиол ярьсангүй, ерөнхийдөө тоо баримттай, баримт нотолгоотой, гарц шийдэлтэй, Ерөнхий сайдын хувьд Г.Занданшатар муугүй шатар нүүлээ. Бямба гаригт зохион байгуулсан “Ерөнхий сайдаас шууд асууя" шууд нэвтрүүлэгт хандаж, 300 гаруй иргэн 10 мянган асуулт ирүүлсэн агаад МҮОНТ-ийн сэтгүүлч нар хөдөө орон нутгийн болон Улаанбаатарын гудамж, талбайд явж байгаа иргэдийн асуултыг Ерөнхий сайдад шууд дамжуулсан юм.
Хөтлөгч, сэтгүүлч Ж.Алтангэрэлийн эхний асуулт “төсвийн таналт, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж Засгийн газрын бодлогын үр дүн” байв.
Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдаар томилогдон очиход эдийн засаг асар хүндэрсэн, улсын төсвийн гол орлого болох нүүрсний үнэ унасан байсныг Ерөнхий сайд тодотгоод “Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд тонн нь $360-т хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр $65 болж буурсан. Эдийн засгийн өсөлт 2.6 болж унасан, валютын нөөц $4 тэрбумаас $2 тэрбум болж унах эрсдэл үүсчихсэн, инфляци 15%-д хүрэх бодит нөхцөл бий болсон байсан. Тиймээс төсвийн зардлыг 2.2 их наядаар танаснаар инфляцийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалсан" гэлээ.
Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн дарга нарын тоог цөөлж, 220 мянган төрийн албан хаагчаас 9%-ийг нь цомхотгосон гэсэн хэдий ч Г.Занданшатарын засгийн эмзэг цэг нь дэд сайд нарын томилгоо болсон. Өнгөрөгч пүрэв гаригт Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ дэд сайдын томилгоотой холбоотой Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг 32 болсон, хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаа дуулгасан юм.
Сэтгүүлч Ж.Алтангэрэлийн энэ асуултад Ерөнхий сайд хариулсан нь: Сайд парламентын хуралдаанд оролцоно, гадагшаа дотогшоо томилолтоор явна, өвдөнө. 16 хүнийг хэмнэсэн төсөвтэй харьцуулахад маш бага мөнгө. Тэд ямар нэгэн хангамж эдлэхгүй, төрийн бүтээмжийг сайжруулах үүрэг хүлээж байгаа. Дэд сайд нар нэг талаас бүтээмжийг нэмэгдүүлнэ, бас хяналтын үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн бүх улсад орлогч сайд нар байдаг.
Монгол Улс татвар багатай орны тоонд ордог. Гэвч зээлийн хүү, НДШ-ийн зардал өндөр байгаа нь татварын дарамтыг нэмэгдүүлдэг гэж Ерөнхий сайд хэлсэн дүгнэлт бодитой шалтгаан мөн. Монгол Улс зээлийн хүү өндөр орны нэгээр тооцогддог. Арилжааны топ зургаан банкны жилийн цэвэр ашиг 2024 онд гэхэд 52 хувийн өсөлт үзүүлж, 1.7 их наядыг олжээ.
Хэдийгээр Монголбанкны тогтоосон бодлогын хүүгээс арилжааны банкуудын зээлийн хүү хамаардаг ч, цаашдаа төв банктай хамтран зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, татварын реформын хүрээнд дансыг нь хаадаг харгис арга хэмжээнээс илүү татвараа төлөх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөх уян хатан тогтолцоо руу шилжих ёстойг Ерөнхий сайд онцолсон билэээ.
Хэдхэн сарын өмнө улсаа нураачих нь холгүй, цусаа гартал зодолдсон МАН эвлэрэл нэрээр авлигач, хулгайч нартайгаа тосоо гартал тэврэлдчихсэн эсэх, Б.Энхбаярын шударга ёсны илд "хаачив" гэх эргэлзээ, хардлага нийгэмд бий болсон.
Ерөнхий сайд олон нийттэй шууд ярилцахаас нэг хоногийн өмнө АТГ-аас Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын гурван хүнийг баривчилсан, гэрээс нь их хэмжээний мөнгө, валют олдсон гэх мэдээллийг прокурорын байгууллагаас ч цацсан Гэвч, байсхийгээд л төрийн хурган дарга нарын гэрээс олддог их мөнгөтэй олон нийт бараг “эвлэрэх” шахуу болчхоод байгаа юм.
Ямартай ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн гааль, татвар, эрчим хүч, нүүрсний хулгайтай үргэлжүүлэн тэмцэнэ гэж байна.
Гэхдээ Г.Занданшатар хүн ярьсангүй, хэн нэгнийг онцлон, хэн нэгэн нийгмийн дайсан тодруулсангүй. Бодит асуудлаа гоёчилсонгүй. Асуудал нь хүндээ ч, тогтолцоондоо ч байгаа тул “Цэгцлэх хөдөлгөөн”-ийг эхлүүлснээ зарлалаа.
Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед хэн нэгнийг төрийн дайснаар тодруулж, нийгмээр нь яллуулах нь хэвийн үзэгдэл болсон байв. Сервантесийн “Дон Кихот” зохиолын гол дүрийн эр шиг салхин тээрэмтэй байлдсаар байгаад буусан түүний “Шинэ сэргэлт”-ийн романтизм адаг сүүлдээ өнгөрсөнтэйгөө, өмнөх үеэсээ өс хонзон авах улс төрийн эмгэнэлт драм болж хувирсан юм. Жишээ нь, “Улаанбаатараас ярьж байна” гэх Л.Оюун-Эрдэнийн тавилттай контентуудын гол агуулга ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэргийн буруутан болгоход чиглэгдсэн бол хамгийн сүүлийн ярилцлагын сэдэв/хүн нь Ж.Оджаргал байв.
Г.Занданшатарын хувьд бодит асуудлаа бодитой ярьсан нь хамгийн зөв стратеги болсон. Жишээ нь, тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2.8 их наяд төгрөг хэрэгтэй. Монголбанк төгрөг үйлдвэрлэх юм бол инфляц өснө. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Эдийн засгаа тэлж байж тэтгэврийг нэмэхээс өөр арга алга л гэж байна.
Дашрамд сануулахад уул уурхайн төслүүдээ гацааж, зогсооё гээд ахмадууд гадны гар хөл болоод байвал тэтгэвэр тэтгэмж нэмэх боломж буурна гэсэн үг. Тэрчлэн гадаадад амьдарч байгаа иргэд эдийн засгаас гадна амьдрах орчноос болж, Монголдоо ирэхгүй байгааг тэрбээр хүлээн зөвшөөрнө лээ.
Ийнхүү гурван цаг иргэддээ “байцаагдсан” Ерөнхий сайдын нүүр тулсан ярилцлага тун дажгүй болж өнгөрснийг нуухгүй. Гэвчиг түүнд анхааруулахад, амалсан хэлснээ ажил хэрэг болгож чадахгүй аваас иргэдтэйгээ эргэн уулзах нэр нүүргүй л болж мэднэ!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16