НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!
АНАЛИЗ

Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

2026 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар Франц улс сүүлийн жилүүдэд тохиолдоогүй нийгэм, улс төр, эдийн засгийн маш гүнзгий хямрал, тогтворгүй байдалд оржээ. ОУВС, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулага болон “Reuters” зэрэг дэлхийн томоохон эх сурвалжууд юу гэж бичсэнийг тоймлон хүргэе.

Франц даяар сүүлийн амралтын өдрүүдэд маш хүчтэй эсэргүүцлийн жагсаал өрнөж, хууль хяналтынхан 1800 гаруй хүнийг баривчлаад байна.

Есдүгээр сарын сүүлээс эхлэн сургуулиудын санхүүжилт дутагдалтай, анги танхим хэт олон хүүхэдтэй, багш нарын хүрэлцээ муу, барилга байгууламж муудсан гэх үндэслэлээр ахлах сургууль, их сургуулийн оюутнууд жагсаж эхэлсэн.

Оюутнуудын эсэргүүцэл дээр амьжиргааны өртөг нэмэгдсэн, төрийн үйлчилгээ муудсанд бухимдсан нийгмийн бусад давхаргынхан болон үйлдвэрчний эвлэлүүд нэгдсэнээр хагас сая гаруй хүн гудамжинд гарчээ.

Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн мэдэгдсэнээр анх сургуулийн орчныг засахыг шаардсан оюутны хөдөлгөөн өдгөө хотын зохион байгуулалттай хүчирхийлэл болон хувирч, эмх замбараагүй байдал үүсгэгч бүлгүүд төрийн байгууламжууд, захиргааны байруудыг шатааж, дэлгүүр тонох үйлдэл гаргаж байна гэв.

Францын эдийн засаг 2026 онд ердөө 0.6%-0.7%-ийн маш удаашралтай өсөлт үзүүлэхээр байна. Эрчим хүчний үнийн шок болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй инфляц 2.4%-д хүрч, ажилгүйдэл 8.2% руу өсчээ.

Францын төсвийн алдагдал ДНБ-ий 5.1%-д хүрсэн агаал нийт улсын өр нь ДНБ-ийхээ 115.5%-ийг давлаа.

ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева саяхан Францын засгийн газарт хандан "Гэрээ цэгцэлж, санхүүгээ хумь" гэсэн хатуу анхааруулга өгсөн юм. Францын улс төрийн тогтворгүй байдлаас болоод олон улсын хөрөнгө оруулагчид тус улсын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондыг худалдаж авахдаа Италийн засгийн газраас ч илүү өндөр хүү шаардах болсон нь Францын зээлийн өртгийг эрс нэмэгдүүлж байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаглал парламент дотроо маш тогтворгүй, хуваагдмал бүтэцтэй ажиллаж байна.

Сангийн яам төсвийн алдагдлаа бууруулахын тулд 2027 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх, зардал танах шийдвэр гаргасан нь нийгмийн дэлбэрэлтийг улам өдөөсөн. Зүүн болон хэт барууны намууд Макроныг огцрохыг шаардаж, улс төрийн шахалт үзүүлсээр ирсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Макрон тус холбооны удирдагчдад хандан дараагийн 7 жилийн урт хугацааны төсвөө энэ оныг дуусахаас өмнө яаралтай батлахыг уриалсан. Учир нь, 2027 оны эхээр Францад Ерөнхийлөгчийн сонгууль болох тул тус улсын дотоод улс төр хэт тогтворгүй болж, Европын холбооны шийдвэр гаргалтад сөрөг нөлөө үзүүлэхээс тэрбээр сэрэмжилж байна.

Франц улс одоо "Санхүүгийн хатуу таналт хийх үү, эсвэл нийгмийн шаардлагыг биелүүлж өрөө улам нэмэх үү" гэсэн маш хүнд сонголтын өмнө ирээд байна. Эдийн засаг нь зогсонги байдалд орсон, бондын хүү нь өссөн, дээр нь гудамжинд үймээн самуун дэгдэж буй энэ үе нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсыг маш эрсдэлтэй байдалд оруулж байгааг ОУВС болон OECD-ийн шинжээчид нэгэн дуугаар анхааруулж байна

Франц улс 2026 оны 1-р сарын 1-нээс цагаачлалын хуульдаа сүүлийн хэдэн арван жилд хийгдээгүй хамгийн хатуу шинэчлэлүүдийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. 10-р сард өрнөж буй дотоодын үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдалтай холбогдуулан Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагууд аюулгүй байдлыг хангах чиглэлд дараах онцгой зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, Францын Засгийн газар цагаачдыг нийгэмшүүлэх, иргэншил болон оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг эрс өндөрсгөсөн. Энэ хүрээнд олон жил оршин суух зөвшөөрөл болон Францын иргэншил хүсэж буй гадаадын иргэдээс 40 асуулт бүхий цахим шалгалт заавал авдаг болжээ.Тэнцэх босго нь 80% буюу маш өндөрт тооцогдож байна.

Хоёрдугаарт, олон жилээр оршин суух виз авахад франц хэлний A2, байнгын оршин суугчийн картад B1, харин Хятадын Европын холбооны хэлэлцээрийн дараах удирдамжаар Францын иргэншил авахад хэлний B2 түвшинг заавал шаардаж байна. Онцгой тохиолдлоор бичиг баримтжуулах хугацааг хамгийн багадаа 7 жил хүртэл уртасгасан. Иргэншил хүсэгчид нийгмийн халамж авахгүйгээр, сүүлийн 5 жил тогтвортой ажил эрхэлж, өөрийгөө санхүүжүүлсэн байх шаардлагатай.

Түүнчлэн Европын холбооны Цагаачлалын шинэ хуулийн хүрээнд дамжин өнгөрөх бүсэд гацсан, албадан гаргах боломжгүй гадаадын иргэдэд өмнө нь автоматаар олгодог байсан 8 хоногийн визийг бүрмөсөн цуцалжээ.

Дотоод улс төрийн хямралаас шалтгаалан Хууль зүйн сайд Жеральд Дарманен цагаачлалыг 3 жилийн хугацаатай бүрэн зогсоох, гэр бүлээ татах хөтөлбөрүүдийг царцаах эрс хатуу саналуудыг дэвшүүлээд байна.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хууль сахиулагч бэртсэн тул аюулгүй байдлыг дараах хэлбэрээр чангатгаж байна.

Зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсвэл хууль бус нөхцөл байдалд байсан гадаадын иргэдийн оршин суух өргөдлийг шууд татгалзаж, албадан гаргах чиглэлийг Дотоод хэргийн сайд Бруно Ретайло мужийн удирдлагуудад үүрэг болгов.

Шенгений бүсийн чөлөөтэй зорчих дүрмийг түр зөрчиж, Франц улс өөрийн бүх хуурай зам, тэнгис, агаарын хилийн хяналтаа 2026 оны 10 дугаар сарын 31 хүртэл дахин сунгасан бөгөөд Европын комисс үүнийг дотоод аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ гэж үзжээ.

Их Британитай байгуулсан дүрвэгсдийн гэрээ цуцлагдсаны дараа Англиас олгосон 662 сая фунт стерлингийн санхүүжилтээр Францын эргийн дагуух үймээн самууны эсрэг цагдаагийн тусгай эргүүлийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, дрон болон нисдэг тэрэгний хяналтыг эрс чангатгасан байна.

Франц улс өдгөө цагаачдыг хүлээж авах хязгаар нь "дээд цэгтээ тулсан" гэж үзэж байгаа тул "Цагаачлалыг хумих нь дотоод аюулгүй байдлыг хангах гол үндэс" гэх хатуу байр суурь руу бүрэн шилжсэн байна. Энэхүү хатуу бодлого нь дотоодын хэт барууны намуудын шахалтыг намжаах зорилготой ч хууль ёсны дагуу ажиллаж буй гадаад ажилчид, олон улсын компаниудын хувьд бичиг баримтын шалгуурыг маш нарийн, төвөгтэй болгож байгааг хуульчид анхааруулж байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?

ХБНГУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар 2026 оны 10-р сарын 20-ны өдөр ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Oct 20, 2026

Йемений дайн дахин дэгдлээ

Йемений дайн дахин дэгдлээ

Кремлийн шинэ санаачилга: Их гурвалын уулзалт

Кремлийн шинэ санаачилга: Их гурвалын уулзалт

Женконизмын төлөөс ба Орос-Хятадыг холбох 2 дахь нарийн цариг

Женконизмын төлөөс ба Орос-Хятадыг холбох 2 дахь нарийн цариг