2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28


Италийн тансаг зэрэглэлийн суперкар үйлдвэрлэгч Ferrari компани өөрийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүрт (EV) загвараа танилцуулсны дараа хувьцааны ханш нь огцом уналаа. Тус брэндийн шинэ хүлгийг Ferrari-ийн экс удирдлага болон Италийн Тээврийн сайд нар хүртэл хатуу шүүмжилсэн юм.
Даваа гаригт Ferrari компани Luce хэмээх анхны 5 суудалтай, 550.000 еврогийн (ойролцоор $640.000) үнэтэй цахилгаан автомашинаа олон нийтэд дэлгэсэн бөгөөд үүний маргааш нь буюу мягмар гаригт Миланы хөрөнгийн бирж дээрх компанийн хувьцаа 8 гаруй хувиар унав. Лхагва гаригийн өглөө хувьцааны ханш түр зуур 2 гаруй хувиар өссөн ч арилжаа хаагдах үед бага зэрэг бууралттай хэвээр үлдсэн байна.
Гэсэн хэдий ч автомашины зах зээлийн шинжээчид энэхүү сөрөг хандлагыг төдийлөн чухалд үзэхгүй байгаа бөгөөд "хэт эрт сандрах хэрэггүй" гэж зөвлөж байна.
Даваа гаригт болсон нээлтийн үеэр Ferrari-ийн гүйцэтгэх захирал Бенедетто Винья CNBC сувагт өгсөн ярилцлагадаа энэ өдрийг "маш, маш чухал өдөр" бөгөөд компанийн түүхэн дэх "шинэ хуудас"-ыг бэлгэдэж байна хэмээн онцолсон юм.
Гэвч олон нийт Luce загварын уламжлалт бус шийдэл, загвар дизайныг шүүмжилж, зарим хөрөнгө оруулагчид энэхүү цахилгаан машин нь компанийн хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж магадгүй гэж эмээж байна.
RBC Capital Markets-ийн шинжээчдийн тэмдэглэснээр, хөрөнгө оруулагчид "Luce-ийн агаарын эсэргүүцлийг бууруулахад чиглэсэн хэлбэр нь автомашины даралтын хүчийг (downforce) сулруулж, улмаар ирээдүйн үлдэгдэл үнэ цэнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй" гэж санаа зовж байгаа аж.
"Гэхдээ хөрөнгө оруулагчид 2022 онд Purosangue загварыг анх танилцуулахад яг ийм айдастай байсныг санах хэрэгтэй. Түүнээс хойш тус загвар нь Ferrari-ийн хамгийн эрэлттэй хүлгүүдийн нэг болж, өдгөө эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихаад байна" гэж тэд мягмар гаригт гаргасан судалгаандаа дурджээ.

Purosangue бол Ferrari-ийн "хэзээ ч SUV (жийп) ангиллын машин бүтээхгүй" гэсэн олон жилийн амлалтыг эвдсэн алхам байсан юм. Компани үүнийг SUV биш, харин FUV буюу "Ferrari Utility Vehicle" гэж нэрлэсэн билээ.
RBC-ийн шинжээчид "Luce-ийн загвар Ferrari-ийн уламжлалаас гажсан ч жолоодлогын мэдрэмж, брэндийн үндсэн чанарыг бүрэн хадгалсан гэдгийг компани тодотгосон" хэмээн нэмж хэлэв. Мөн Ferrari брэндийн онцгой байдлыг хадгалахын тулд Luce-ийн борлуулалтын хэмжээг хязгаарлаж магадгүй ч анхны эрэлт хэр байх нь хөрөнгө оруулагчдын хувьд гол үзүүлэлт болно. Түүнчлэн энэхүү шинэ загвар нь шинэ хэрэглэгчдийг (ялангуяа Хятадын зах зээлээс) татаж чадвал одооноос хэт их санаа зовох шаардлагагүй гэж тэд үзэж байна.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio компанийн гүйцэтгэх захирал Уильям Ли Ferrari-ийн дизайн үргэлж зах зээлд тэргүүлж ирснийг дурдаад, Luce нь өөрийн гэсэн "давтагдашгүй өвөрмөц шинж чанартай" гэжээ.
"Үүнийг зүгээр нэг бичлэг эсвэл зургаас харж дүгнэж болохгүй, заавал бодитоор нь харах хэрэгтэй. Би Ромын Пап лам энэ машиныг унаж туршиж байгаа бичлэгийг үзсэн. Бусад бичлэгүүдтэй харьцуулахад огт өөр мэдрэмж төрсөн. Энэ машин зөвхөн хөдөлж байх үедээ л жинхэнэ чанараа мэдрүүлдэг" гэж Ли Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
Шүүмжлэгчид Luce-ийг хэрхэн довтлов?
Шинэ автомашиныг хэрэглэгчдэд хүргэх ажил дөрөвдүгээр улиралд (Q4) эхлэхээр төлөвлөгдсөн байна. Ferrari бүх эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг Италийн Маранелло дахь өөрийн үйлдвэрт дотооддоо хөгжүүлж, үйлдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Харин дизайныг нь Apple компанийн дизайны захирал асан Жони Айвын үүсгэн байгуулсан LoveFrom агентлаг гаргажээ.
Ferrari-ийг олон арван жилийн турш удирдаж, 2014 он хүртэл даргаар нь ажиллаж байсан, эдүгээ өрсөлдөгч McLaren Group Holdings-ийн Удирдах зөвлөлд суудаг Лука ди Монтеземоло Luce загварыг компанийн түүхэнд шившиг болсон алхам гэж хатуу шүүмжлэв.
"Тэд тэр машин дээрээсээ намирч буй хүлгийн (Prancing Horse) логогоо аваасай гэж хүсэж байна" хэмээн тэрбээр Ромд болсон бизнесийн бага хурлын үеэр хэлснийг Reuters агентлаг уламжлав. Энэ мэдэгдэлд Ferrari компани ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ. Дашрамд дурдахад, McLaren компани нь суперкарын зах зээлд өрсөлдөхөөс гадна гибрид технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд Формула-1 уралдаанд ч Ferrari-ийн гол өрсөлдөгч юм.

Италийн Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Маттео Сальвини мөн Luce-ийг шүүмжилж, "дэндүү хэтэрхий үнэтэй" гэж нэрлэжээ.
"Гоо зүйн үүднээс харвал... Энэ бол Ferrari-ийн машин гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Үүнийг 'инноваци' гэж нэрлээд байгаа юм уу? Үүсгэн байгуулагч Энцо Феррари амьд байсан бол юу гэж хэлэх байсныг хэн мэдэх вэ" хэмээн тэрбээр X (Твиттер) хуудсандаа бичжээ.
Тансаг зэрэглэлийн автомашины зах зээл дэх EV-ийн эрэлт
Citi банкны автомашины салбарын шинжээчид Bentley, Lamborghini, Aston Martin зэрэг тансаг зэрэглэлийн өрсөлдөгчид бүгд бүрэн цахилгаан (BEV) загваруудаа хойшлуулаад байгаа үед Ferrari Luce-ийг гаргасан нь хэт баян үйлчлүүлэгчдийн дунд цахилгаан шилжилт хийх нь ямар том эрсдэлтэйг харууллаа гэж үзэж байна.
"Энэ нь компанийн үнэлгээний үржүүлэгчид (valuation multiple) хэдийнэ нөлөөлж, ирэх 5 жилийн нэгж хувьцаанд ногдох ашгийн (EPS) өсөлтийн хүлээлтийг буурууллаа. Гэсэн хэдий ч Ferrari-ийн онцолж байгаагаар, Европын холбооны CO2 ялгарлын хууль тогтоомжоос үл хамааран дэлхийн автомашины эрэлт уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүр (ICE) болон цахилгаан (BEV) технологийн хооронд хуваагдаж байна" гэж тэд лхагва гаригийн тайландаа дурджээ.

Шинжээчид дүгнэхдээ: "Ferrari ч гэсэн энэ чиг хандлагыг үүрд сөрж чадахгүй. Luce-ийн цаг хугацаа болон үзэмж нь Ferrari-ийн цахилгаан шилжилтийн асуудлыг бүрэн шийдэж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ойрын ирээдүйд Ferrari-ийн орлого, ашгийг уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй бүтээгдэхүүнүүд нь чирсээр байх болно" гэв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28