НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
АНАЛИЗ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

3 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Энэхүү айлчлалын гол үйл явдлууд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар хийгдэж буй энэхүү айлчлал 2026 оны 10-р сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-д 14 жилийн дараа төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын гол үйл явдлууд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Монгол Улс анх 1923 онд анхны 3 оюутныг, үүний дараа 1926 онд 35 сурагчийг Герман Улсад илгээж байсан. Анхны 25-ын дунд нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ц.Намхайцэрэн, Н.Наваан-Юндэн зэрэг орчин цагийн урлаг, соёлыг манай улсад түгээн дэлгэрүүлэгч, зүтгэлтнүүд байсан.

Социализмын үед Монголын олон мянган оюутан тухайн үеийн Зүүн Германд сурч, боловсрол эзэмшсэн бөгөөд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хоёр орны иргэд хоорондын харилцааны чухал суурь болж ирсэн. Нийт 35 мянга орчим иргэд ХБНГУ-д мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшиж, герман хэл, соёлд суралцсан байна.

Энэхүү түүхэн уламжлал одоо ч үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 127 оюутан Герман Улсад суралцаж байна. Одоогоор Дрездений Техникийн их сургуульд 126 оюутан, Дортмундын Техникийн их сургуульд 1 оюутан, 22 мэргэжлээр суралцаж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно. 

Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба Монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 1-р сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр Герман Улс нэгдсэний дараа 1990 оны сүүлээр Элчин сайдын яамаа харилцан нээсэн. 1990 оноос өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод ажиллаж байсан.

2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 2-р сарын 7-нд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа нь голлох 6 салбарт төвлөрч байна. Үүнд:

-Улс төрийн харилцаа

-Батлан хамгаалах харилцаа

-Эдийн засгийн харилцаа

-Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа

-Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажиллагаа

-Хүмүүнлэг олон нийтийн салбарын хамтын ажиллагаа зэрэг болно.

ХБНГУ нь Монгол Улстай хамгийн олон зөвлөлдөх механизмтай орны нэг.

1990 оноос хойш 2025 оныг хүртэл Монгол Улсад ХБНГУ-ын 113 хуулийн этгээд нийт 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.7% юм.

Хоёр орны худалдааны эргэлт 2025 оны нийт дүнгээр 293 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс экспорт 19,7 сая ам.доллар, импорт 273,3 сая ам.доллар байжээ.

1991 оноос хойш ХБНГУ Монголдд 600 гаруй сая еврогийн техникийн болон санхүүгийн туслалцаа, хөнгөлөлттэй зээл тусламжийг үзүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайжирч, хүн амын орлого нэмэгдсэн үндэслэлээр Германы тал 2020 онд хөгжлийн албан ёсны дэмжлэг, туслалцаагаа зогсоосон боловч 2022 оноос хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламжаа дахин сэргээсэн.

2025 оны 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод болсон Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнд ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн зорилтуудыг дэмжих, уламжлалт хамтын ажиллагааны чиглэлүүд болох биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал ба эрчим хүчний салбарт нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгохоор болсон.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?

ХБНГУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар 2026 оны 10-р сарын 20-ны өдөр ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Oct 20, 2026

Йемений дайн дахин дэгдлээ

Йемений дайн дахин дэгдлээ

Кремлийн шинэ санаачилга: Их гурвалын уулзалт

Кремлийн шинэ санаачилга: Их гурвалын уулзалт

Женконизмын төлөөс ба Орос-Хятадыг холбох 2 дахь нарийн цариг

Женконизмын төлөөс ба Орос-Хятадыг холбох 2 дахь нарийн цариг