НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна
АНАЛИЗ

Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

NPR (2026-10-14)

Энэтхэгийн өмнөд хэсгийн Карур хотод байрлах "Texworth" нэхмэлийн үйлдвэрт гурван эр ажилчинд, түүний дотор 40 настай Шоба Кирубакаранд "GoPro" камер тарааж өгөв. Кирубакаран шар хормогчуудыг баглаж байлаа. Тэрбээр өөрт нь "GoPro" зүүхийг шаардсан гурав дахь тохиолдол энэ гэв. Уг камер түүний гарны хөдөлгөөн бүрийг бичиж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд тус ажлыг орлох хиймэл оюун ухаант (AI) роботуудыг сургах зорилготой аж. Харин компани энэ тухай түүнд огт хэлээгүй байна. NPR агентлаг ярилцлага авах үеэрээ энэ талаар дуулгахад тэрбээр "Надад хэн ч юу ч хэлээгүй" хэмээн хариулжээ.

Кирубакаран тус үйлдвэрт 10 жилийн турш, долоо хоногийн зургаан өдөр, сард 90 ам.долларын цалинтай ажиллаж байна. Энэ мөнгөөрөө рикша жолооч нөхөртөө туслан, хоёр хүүгээ өсгөжээ. Тэрбээр "Би зөвхөн энэ ажлыг л хийж чадна" хэмээн нэмж хэлэв. Дээрхтэй адил дүр зураг бүхий видео бичлэг өнгөрөгч 4 дүгээр сард цахим орчинд хүчтэй тархаж, тусгай төхөөрөмж зүүсэн үйлдвэрийн ажилчдын цуваа Энэтхэгийн олон нийтийг цочроосон юм. "News9Live" сувгийн нэвтрүүлэгч "Энэ үйл явдал яг одоо Энэтхэг даяарх үйлдвэрийн талбаруудад өрнөж байна" гэж анхааруулсан бол "AsiaNet News" агентлаг "Энэтхэг ажилчид өөрсдийн ажлын байрыг үгүй хийх AI роботуудыг сургаж байна" хэмээн сэрэмжлүүлжээ.

"ЭГОЦЕНТРИК ӨГӨГДӨЛ"-ИЙН ЭРЭЛХИЙЛЭЛ

Энэтхэг улс асар их хүн амтай, цалингийн өртөг бага, шинэ технологид нээлттэй тул ийм дүрс бичлэг хийх гол талбар болж байна. AI роботуудыг сургахад салбарынхны "эгоцентрик өгөгдөл" (egocentric data) гэж нэрлэдэг, хүний нүдний өнцгөөс авсан олон сая цагийн бичлэг шаардлагатай байдаг аж. Профессор Пратош "Үүнийг зөвхөн тухайн ажлыг бодитоор гүйцэтгэж буй хүмүүсийг дуурайлгах замаар л олно. Өнөөгийн хиймэл оюун ухааныг бие махбодгүй тархи гэж төсөөлөөд үз дээ. Одоо тэдэнд бидний бие махбодоороо хийдэг нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг гүйцэтгэх моторт чадварыг олгох шаардлагатай байна" хэмээн тайлбарлав.

Зарим ажилчид өгөгдөл цуглуулах үйлсэд оролцсоныхоо төлөө цагаар цалинждаг. Гэвч олон ажилчид ямар нэгэн тайлбаргүйгээр өөрсдийн ажлын явцыг бичлэг болгон үлдээх шахалтад орж байна. "Аапти" хүрээлэнгийн хамтран үүсгэн байгуулагч Астха Капур "Үүнийг байгаагаар нь нэрлэвэл хөдөлмөрийн мөлжлөг юм" гэлээ. Профессор Амит Басоле "Ажилчдыг дахин сургах, тэднийг шинэ мэргэжил рүү шилжүүлэх шаардлага тулгарна. Бидэнд үүнийг зохицуулах бодлогын уян хатан байдал бий үү гэдэгт би эргэлзэж байна" хэмээн өгүүлэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДАЛ БА ЗАРДЛЫН ХҮЧИН ЗҮЙЛ

Гэвч үйлдвэрүүдэд роботууд бүрэн нэвтрэх ирээдүй тийм ч ойрхон биш байна гэж зарим шинжээчид үзэж байна. AI роботуудыг ойрын хугацаанд Энэтхэгт олноор нь ашиглах магадлал бага бөгөөд үүнд асар их зардал төдийгүй тогтворгүй, өртөг өндөртэй эрчим хүчний хэрэглээ гол саад болж байна. Капур "Робот бүтээж чадах ч ажиллуулах зардал маш өндөр байх болно. Роботоос хүн илүү хямд өртөгтэй хэвээр байна" гэв. Эрчим хүчний энэхүү хямрал Карур хотод ч илт мэдрэгддэг бөгөөд энд "Objectways" компани AI хөгжүүлэгчдэд зарах эгоцентрик өгөгдлийг цуглуулдаг. Тус компанийн барилгуудыг тасралтгүй цахилгаанаар хангахын тулд аварга том генераторууд ажилладаг. Тус компани хотын хамгийн том оюуны хөдөлмөр эрхлүүлэгчдийн нэг юм.

Гүйцэтгэх захирал Рави Шанкар Энэтхэгт AI роботуудыг нэвтрүүлэх асуудал дээр Капуртай ижил байр суурьтай байна. Хүний хөдөлмөртэй харьцуулахад AI роботуудын тухай "Энэ нь илүү үнэтэй тусна гэж би бодож байна. Хямд болно гэж үзэхгүй байна" гэлээ. Түүний хэлснээр, үйлчлүүлэгчид нь хүн олдохгүй байгаа ажлын байрууд, тухайлбал каучукны модноос резин гаргаж авах; алслагдсан бүс нутаг дахь нарны хавтангийн тоосыг арчих; эсвэл чинжүүний шилбийг ялгах зэрэг биеийн хүнд хөдөлмөр шаардсан ажлуудад зориулж AI робот зохион бүтээхэд тусламж хүсдэг байна.

Ажилтан Ражешкумар Рамасвами гадаадын үйлчлүүлэгчдэд зориулан үйлдвэрлэлийн давтагдах ажлуудыг гүйцэтгэх роботуудыг хэрхэн сургаж байгаагаа харуулав. Тэрбээр үүнийг "экзоцентрик өгөгдөл" (exocentric data) буюу роботын өнцгөөс цуглуулсан өгөгдөл хэмээн нэрлэжээ. Энэ нь толгойдоо "GoPro" камер бэхэлсэн залуус роботын хавчих савартай төстэй зүйлийг барьж, лонхны тагийг эргүүлэн тайлж, буцааж хааж байгаагаа бичих үйлдэл юм. Энэ нь роботод "усны лонх" гэж нэрлэгдэх зүйлийн бүх төрлийн хэлбэр, хэмжээг таньж сургах зорилготой аж. Тэд лонхны таг эргүүлэх үйлдлийг 100 орчим удаа давтаж, уг өгөгдлийг AI роботод оруулах бөгөөд ингэснээр робот өөрийн хавчих савраа ашиглан ажлыг хэрхэн гүйцэтгэхийг суралцдаг байна. "Робот бол яг л хүүхэд шиг. Бид юу хийх ёстойг нь роботуудад зааж байна" гэж Рамасвами хэлэв. Түүнчлэн тус компани роботуудыг гэр ахуйн ажил буюу алчуур эвхэх, ном хураах зэрэгт сургаж, өгөгдлийг гэр ахуйн робот бүтээхээр зорьж буй AI компаниудад худалддаг. Зах зээл дээр хэдийнээ 20,000 ам.долларын үнэтэй ийм загвар гарсан байна.

ХИЙМЭЛ ГАЛ ТОГООН ДАХЬ АЖИЛЛАГАА

Гурван өрөө байр шиг тохижуулсан давхарт тус компани гэр ахуйн ажлуудыг бичдэг. Хиймэл гал тогоонд Рани гэх эмэгтэй сонгино хэрчиж буй явцаа камерт буулгаж байлаа. Гэр ахуйн ажлын бичлэгийг захиалдаг үйлчлүүлэгчдийн дийлэнх нь АНУ-д байдаг тул Рамасвами тэд Америкчуудад мөн мөнгө төлж, гэрийн ажлаа бичүүлдэг гэв. Энэтхэгт олон хүмүүс зэвэрдэггүй ган таваг ашигладаг бөгөөд робот түүнийг чанга атгаж, унагасан ч хагардаггүй. Гэвч яг тэр робот Америкчуудын өргөн хэрэглэдэг шаазан тавгийг барих гэж оролдвол яг ижил даралт үзүүлсний улмаас таваг бутран хагарах болно гэж Рамасвами тайлбарлав. Мөн тэд Энэтхэг даяар хэдэн зуун хүнд мөнгө төлж, гэр ахуйн ажил хийлгэдэг бөгөөд тэдний нэг бол 24 настай Снеха Жегадиш юм.

Жегадиш ухаалаг утсаа толгойн хэрэгсэлд бэхлээд лууван хэрчиж, гарны хөдөлгөөн бүрийг нь бичиж байв. Тэрбээр өдөрт хэдэн цаг ажиллаад цагт 2.60 ам.доллар авч, сард 120 ам.доллар олдог байна. Жегадиш хувцас эвхэх, шал арчих, аяга таваг угаах ажлуудыг хийдэг. "Бидний яг одоо хийж байгаа ажлыг ирээдүйд роботууд хийх болно" гэж тэр хэллээ. Нэхмэлийн үйлдвэрийн 42 настай ажилтан Каннаги Периясаами ч мөн ийм дүгнэлтэд хүрчээ.

Нэхмэлийн үйлдвэрт Периясаами толгойдоо "GoPro" бэхэлчихсэн, хормогч эвхэж, баглаж байв. Тэрбээр өөрийнхөө бичлэгийг хийсний төлөө цагт 2.60 ам.доллар авдаг цөөн ажилчдын нэг бөгөөд үүний шалтгааныг түүнд "Бид роботуудад хормогчийг хэрхэн баглах, чанарын шалгалтыг хэрхэн хийхийг зааж сургаж байгаа" хэмээн тайлбарлажээ. Периясаами сүүлийн гурван сарын турш үүнийг хийж байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт робот түүний ажлыг орлоно гэдэгт бүрэн итгэлтэй болжээ. Тэр өдөр ирэхэд "Би газар тариалан, мал аж ахуй эрхлэх талаар бодож байна" гэв. Түүнчлэн Периясаами AI роботуудыг өөрийн шавь нар хэмээн бодож, "Би түүнд ажлыг сайн гүйцэтгэхийг зааж чадаж байгаадаа бахархаж байна" гэлээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв