2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Шинэ оны шилдэг онигоо: Татварынхан татваргүй улсад татварын туршлага судлахаар төсвийн ч биш, хувийн ч биш мөнгөөр, томилолт ч биш, зугаалга ч бишээр явав.
Хоржоонтой нь, энэ бол болсон явдал. Нийслэл, дүүргийн татварын хэлстийн 9 дарга бөөндөө Дубай руу аялсан нь олон хавар нэгэндээ гэгч болов. АНЭУ-ын Дубай хотын 8 өдөр, 7 шөнийн аяллын зардал нэг хүний 6 сая 990 мянган төгрөг. Есөн хүнээр үржүүлбэл 63 сая төгрөг болно. Үүнд халаасны зардал багтаагүй.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээс сонсвол дээд удирдлагынхаа өгсөн анхааруулгыг зөрчин, дунд шатны дарга нар нь ажлаа хаяад зугаалгаар явжээ. Харин Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Ерөнхий сайдтай уулзахдаа тэднийг төсвийн ч биш, хувийн ч биш зардлаар аялсан болохыг тодотгосон билээ.
Хэргийн гол эздийн нэг болох Нийслэлийн татварын хэлтсийн дарга М.Болдбаатар тайлбар өгөхдөө “Нийслэлээс зардал мөнгийг нь дааж, зохион байгуулсан. Дубайд төсвийн орлогын талаар туршлага судлахаар явсан” гэжээ. Нийслэл гэдэг нь мэдээж НЗДТГ-ыг хэлсэн үг болох нь ойлгомжтой. Гэхдээ нийслэлийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий.
НЗДТГ-аас нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга нарын болон НЗДТГ-ын ажилтнуудын Турк руу “туршлага судлах зугаалга”-ыг мөн л зохион байгуулсан байна. Нийтдээ хэчнээн даргыг энэ мэтээр нийслэлчүүдийн татварын мөнгөөр гадагшаа аялуулсныг гагцхүү Х.Нямбаатар дарга мэднэ.
2025 онд 20 мянган компани татвараа төлж чадаагүйн улмаас дансаа хаалгуулж, хаалгаа барихад хүрсэн. Улсын хэмжээнд 321 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хуримтлагдсан татварын өр, хүү, алданги нийлээд 2025 онд 6.5 их наядад хүрсэн. Энэ нь 2026 оны төсвийг тав хуваасантай тэнцэх өр. Гэх зэрэг нь татварынхны хувьд аялж, зугаалж, шагнаж, урамшуулаад байх сайхан мэдээ биш.
Нэг хэсэг нь татвар төлөх гэж хуруу хумсаа хуйхлан, данс тооцоогоо хаалгуулж, дампуурлаа зарлаж байхад нөгөө хэсэг нь төлсөн татвараар нь гадагшаа аялах нь ёс суртахууны хувьд байж боломгүй үйлдэл.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин, ажлаа хаяад аялалд явсан дарга нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны шийтгэл. Төрд төрийн нэг дүрэм, нэг стандарт үйлчлэх учиртай. Жирийн төрийн албан хаагч хууль зөрчвөл ажилгүй болно. Тэр утгаараа төрийн дунд, дээд шатны албан хаагчдад “илүү тэгш эрх” гэж хаана ч байхгүй, байх ч учиргүй.
Төрийн албаны хурган дарга нар нь бөөн, бөөндөө гадагшаа “ажил хэргийн загасчлал”-д явдаг улс манайхаас өөр байдаг үгүйг мэдэхгүй. Гэвчиг татварын хэлтсийн дарга нарын зардлыг НЗДТГ даасны ард авлига, ашиг сонирхол, албан тушаалын асуудал байгаа эсэхийг нь АТГ мөн мөрдөн шалгах ёстой юм. Даанч З.Дашдаваа комиссар үндсэн үүрэгт ажлаа сайн хийдэгсэн бол төрийн дунд шатны дарга нар дээд удирдлагынхаа анхааруулгыг “гөлөөг” гэж тоохгүй хэмжээнд том толгойлохгүй байв.
Япон, Өмнөд Солонгост төрийн дарга нар нь бөөн, бөөнөөрөө татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа аялсан бол өөрсдөө гэм буруугаа хүлээгээд огцорно. Монголд эсрэгээрээ, уучлалт гуйгаад огцрох нь бүү хэл улам дээшээ тушаал ахидаг.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь хүртэл татварын өртэй компаниудын дансыг нь хааж болохгүй гэж сануулсаар байхад л байцаагчид нь юман чинээнд тоогоогүй, зөрж очоод хаачихсан тохиолдол ч цөөнгүй.
“Сайд ирж л байдаг, буцаж л байдаг, бид үлддэг”. “Дарга томилогдож л байдаг, халагдаж л байдаг, бид үлдэнэ”. Ийм хандлага төрийн дунд шатныханд нэвт шингэсэн. Тиймдээ ч сайд, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлдэггүй, төрийн аливаа бодлого шийдвэр, шинэчлэлийг байнга гацаадаг, унагаадаг хүнд суртал, авлигын гол гогцоо нь дунд шатны хурган дарга нар болсон. Тэнд хэнд шуурхай үйлчилж, хэнд хүнд суртал гаргахаа, хэний үгээр “хөдлөж”, хэний өмнөөс дунд хуруу гаргахаа сайн мэднэ. Төрийн хууль дүрмээс илүү төрийн дунд, доод шатанд “тэр даргын хүн, энэ сайдын хамаатан” гэх хувийн “тодорхойлолт”-од ач холбогдол өгдөг нь нууц биш.
МАНай төрийн дунд шатны албан тушаалд МАН-ын дарга нарын амраг садан, ах дүү, найз нөхөд цүнх баригчид очдог, тэтгэвэртээ гартлаа тэндээ хадагддаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Жишээ нь, Сангийн яам, Монголбанк, гааль, татварын байгууллагууд төрийн биш төрлийн алба болж хувирсан. Жирийн айлын хүүхэд тэнд бор зүрхээрээ тэнцэхгүй. Тийм болтлоо манай төрийн алба дампуурсан, дунд шатны дарга нар нь даам гарсан.
Жилийн орлого нь 60 сая хүрэхгүй ч Зайсангийн тансаг хороололд амьдарч, хүүхдээ хувийн өндөр төлбөртэй сургуульд явуулж, хагас тэрбумын машин хөлөглөх хурган дарга Монголд хар мянгаараа байна. Тэдний олон тэрбум хөрөнгийн эх үүсвэл нь тэгвэл юу вэ?! Гэдгийг нь шалгадаг, тогтоодог байгууллага Монголд даанч алга.
Нийслэлийн татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч А.Бадам гэх эмэгтэй 100 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын мөрдөгчдөд гардуулсан хэрэг өнгөрсөн онд гарсан байдаг. Түүний ХОМ-ээсээ нуусан 10 гаруй тансаг зэрэглэлийн орон сууцтай, хоёр үл хөдлөх хөрөнгийг нь хуулийнхан олсон.
“УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдож байсан. Гаалийн байгууллагад насаараа хурган дарга хийсэн эмэгтэй дөрвөн хаус, 11 орон сууц, 3 барилга, 12 автомашины зогсоолтой, дундаж бизнесмэнээс ч илүү хөрөнгөжсөн. Эдгээр нь олон нийтэд ил болсон хэргүүд.
Өнгөрсөн оны сүүлээр гаалийн 10 албан тушаалтан 330 гаруй сая төгрөгийн авлига авч, мөнгө угаасан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон бол хамгийн сүүлд Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг өчигдөр ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон байна. Үүний өмнө өвчтэй, хэвтрийн дэглэмтэй иргэнд хүнд суртал гаргасан УБЕГ-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд анхааруулсан, өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсон бас хүлээсэн хүн алга.
Ганц даргыг халснаар төрийн алба цэвэрлэгдэхгүй.
Өнгөрсөн жил яамдын газар, хэлтсийн 270 даргыг 84-өөр цөөлж, 186 болгон бууруулсан. Төрийн данхар бүтцийг жижигрүүлэх, дунд шатны авлигачдыг цөөлөх нь зөв.
Гэхдээ хамгийн чухал нь төрийн дарга нарын авлигын системийн гол тогтолцоо болсон Төрийн албаны тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Төрийн албаны үйлчилгээг аль болох цахимжуулж, төрийн албан хаагчдын орлогыг нийтэд шилэн болгох ёстой. Ингэж байж л төр дэх дунд шатныхны авлигатай тэмцэнэ. Монголын төрийн дунд шатныхны хэрээс хэтэрсэн дураараа дургилт, авлига луйврыг цэгцэлнэ!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16