2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Дэслэгч генерал Кирило Буданов нь Владимир Зеленскийн тамгын газрыг тэргүүлсэн анхны цэргийн офицер болж байна. Тэрбээр Украины Батлан хамгаалах яамны Цэргийн тагнуулын ерөнхий газрын (HUR) даргаар ажиллаж байхдаа тус улсын хамгийн нэр хүндтэй, олонд танигдсан дайны удирдагчдын нэг болсон юм.
Түүний өмнөх дарга Андрей Ермак 2025 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр авлигын дуулианд холбогдож, албан тушаалаа өгсөн билээ. Ермак нь Орос-Украины дайныг зогсоох олон улсын чухал уулзалт, хэлэлцээрүүдэд Зеленскийг дагалдан оролцдог байсан тул дотоод засаглал төдийгүй гадаад бодлогод ч чухал хүн байв.
Тамгын газрын дарга нь ерөнхийлөгчийн өдөр тутмын шийдвэр, дотоод бодлого, гадаад харилцааг уялдуулах гол зангилаа албан тушаал. Тиймээс Будановын томилгоо нь Зеленский цэргийн логик, аюулгүй байдлын стратеги, арга тактикийг төрийн удирдлагын төвд авчирч буйг харуулж байна.
Авлигын дуулианд холбогдсон Андрей Ермакын огцролтын дараах ард иргэдийнхээ төрд итгэх итгэлийг сэргээхээр нийгмийн дунд өндөр нэр хүндтэй, “дайны үеийн удирдагч” имижтэй Будановт тамгын газраа хариуцуулсан нь Зеленскийн ухаалаг, мэдрэмжтэй нүүдлүүдлийн нэг байв.
Будановын гялалзсан карьер
Тэрбээр цэргийн тагнуулын албыг удирдаж байх хугацаандаа олон нийтэд танигдаж, улмаар улс төрийн боломжит лидерүүдийн нэгээр нэрлэгдэх болсон.
Судалгааны байгууллагуудын санал асуулгаар Буданов дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Зеленскийн боломжит өрсөлдөгчдийн нэг гэж тооцогдож байв. 2025 оны 12-р сард Киевт төвтэй “Социс” судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар Буданов эхний шатанд 5.7 хувийн санал авч, гуравдугаарт бичигджээ. Харин Зеленский болон Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан, Их Британид суугаа элчин сайд Валерий Залужный нар 20 гаруй хувийн дэмжлэг авч жагсаалтыг тэргүүлсэн байна. Гэсэн ч Буданов ч, Залужный ч одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбицаа албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Кирило Буданов 39 настай. Тэрбээр Зеленскийн бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн залуу Тамгын газрын дарга болж байна. Тэрбээр 2020 онд мөн Украины Цэргийн тагнуулын албаны даргаар томилоглохдоо мөн л хамгийн залуу нь байлаа.
Буданов Киев хотод төрж өссөн бөгөөд 2014 оноос хойш Донбасст тусгай хүчний ангид офицероор ажиллаж, Оросын эзэлсэн Украины нутаг дэвсгэр, тэр дундаа 2014 онд Орост нэгтгэгдсэн Крымд нууц ажиллагаа гүйцэтгэж байсан гэдэг.
Зеленскийн халаа сэлгээ
Зеленский багийнхаа бусад өөрчлөлтийг ч зарласан байна. Тухайлбал, Дижитал шилжилтийн сайд Михайло Федоровыг шинэ Батлан хамгаалахын сайдад санал болгожээ.
34 настай Федоров нь Украины армид нисгэгчгүй онгоцны технологийг эрчимтэй нэвтрүүлсэн, мөн цахим засаглалын платформуудыг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээрээ олонд танигдсан юм.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард томилогдсон Денис Шмыгалийг сольж байна. Зеленский Шмыгалд талархал илэрхийлээд, түүнийг төрийн өөр албан тушаалд шилжин ажиллуулахаар болсноо дурджээ. Мөн тус улсын Батлан хамгаалах яам өдөрт 1000 гаруй сөнөөгч дрон үйлдвэрлэх зорилтдоо хүрснийг 2025 оны онцлохоор нэрлэсэн байна.
Үүнээс өмнө Зеленский Гадаад тагнуулын албаны дарга Олег Иващенког Будановын оронд томилж, цэргийн тагнуулын албыг удирдуулахаар болсон юм.
Дайны үеийн тагнуулын “нүүр царай”
Кирило Буданов нь Украины дайны үеийн хамгийн танигдсан, олны дунд нэр хүндтэй фигуруудын нэг мөн. Тэрбээр 2020 оноос хойш Украины цэргийн тагнуулын алба (HUR)-ыг удирдаж ирсэн билээ.
Мэргэжлийн тагнуулын офицер Буданов 2014 онд Орос Крымийг хууль бусаар нэгтгэсний дараа батлан хамгаалах салбартаа маш хурдтай дэвшсэн.
Удалгүй Буданов Киевийн тагнуулын бодлогын ил тод “нүүр царай” болж, стратегийн дохио, сэтгэл зүйн дарамтыг хослуулсан ярилцлага, мэдээллүүдийг тогтмол өгч ирсэн. Тэр Оросын урт хугацааны зорилгыг анхааруулж, дайныг Украины тусгаар тогтнолын оршин тогтнох асуудал гэж тодорхойлдог.
Будановын удирдлага дор HUR фронтын шугамаас хол давсан стретагийн довтолгоог эрчимжүүлж, Оросын командлал, логистик, эрчим хүч, дэд бүтэц, тэнгисийн цэрэгт цохилт өгсөн гэж Украины тал үздэг.
HUR Хар тэнгисийн хоёр байлдааны хөлгийг живүүлсний дараа 2024 оны 2-р сард Ерөнхийлөгч Зеленский Будановт “Украины баатар” цол олгожээ.
Буданов тэрхүү байлдааны ажиллагаанд биечлэн оролцож байсан нь хэвлэл мэдээллээр цацагдсан. Украинд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа, тагнуулын даалгаварт оролцож байсан бөгөөд нэг ажиллагааны үеэр шархадсан гэх мэдээлэл бий.
Тухайлбал, 2025 оны 11-р сард Донецкийн баруун хэсэгт орших Покровск дүүрэгт тагнуулын ангиудтай хамт нисдэг тэргээр газардсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон юм.
Будановын онцлог нь нээлттэй, заримдаа бэлгэдлийн шинжтэй харилцаа юм. Чимээгүй бичлэг, дэлбэрэлтийн дунд лаа үлээсэн төрсөн өдрийн бичлэг цацсан нь түүнийг “мэдээллийн дайнд” чадварлаг тоглогч гэдгийг нь харуулсан.
Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын гол үүрэг нь нууц ажиллагаа бус, харин төрийн институцүүдийн хоорондын тэнцвэр, дипломат харилцаа, барууны түншүүдтэй итгэлцлийг хадгалах явдал. Энэ нь түүний өмнөх үүргээс эрс тэс тоглоомын дүрэмтэй талбар юм.
Буданов АНУ, Оросын төлөөлөгчдийн хоорондын албан бус уулзалтуудтай давхцан Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилсан нь түүнийг ирээдүйд дипломат зуучлагч болж магадгүйг илтгэнэ. Түүний дурдсан “2026 оны боломжийн цонх” нь Украины хувьд цэргийн тактик ба дипломат хэлэлцээг зэрэгцүүлсэн нүүдэл гэж тодотгож болно.
ДҮГНЭЛТ: ЭНЭ ТОМИЛГОО ЮУГ ИЛТГЭЖ БАЙНА ВЭ?
1. Цэргийн стратеги улс төрийн төвд орж ирэв
Будановыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон нь Украины улс төрийн шийдвэр гаргалтад цэргийн болон тагнуулын сэтгэлгээ давамгайлах шат руу шилжиж байгааг илтгэнэ. Тамгын газар нь дипломат, дотоод бодлогын гол зангилаа учраас энэ нь энгийн боловсон хүчний асуудал биш юм.
2. Хэлэлцээний үе дэх “хатуу мессеж”
АНУ энхийн хэлэлцээг идэвхжүүлж буй энэ үед тагнуулын хүчтэй удирдагчийг томилсон нь Украин дипломат замыг үгүйсгэхгүй ч, аюулгүй байдлын сулруулахгүй гэсний тод илэрхийлэл.
3. Буданов – хэлэлцээний доторх хүн
Улс төр судлаач Игорь Рейтеровичийн хэлснээр Буданов АНУ-тай хийж буй хэлэлцээнд өмнө нь оролцож байсан тул Ермактай харьцуулахад ойлголцох мэдрэмж илүүтэй байх магадлалтай. Мөн GUR Оростой хоригдол солилцох зэрэг сувгуудаар холбоо тогтоож байсан туршлагатай.
4. Эрсдэл
Тагнуулын ажиллагаанд амжилттай хэрэглэгддэг арга барил улс төр, дипломат орчинд тохирно гэсэн баталгаа байхгүй. Будановын хувьд ил тод байдал, бэлгэдлийн мессежээс илүү институцийн тэнцвэр, түншүүдийн итгэлийг хадгалах сорилттой тулгарна.
Эцсийн үнэлгээ
Будановын томилгоо нь Украин энхийн хэлэлцээ хийж буй ч дайны тактикаа сулруулахгүй, харин ч төрийн удирдлагын төвшинд илүү нарийн уялдуулах стратегид шилжсэнийг харуулж байна. Тэрхүү стратеги амжилттай хэрэгжвэл Киев дипломат ширээний ард хүчтэй байр суурьтай суух боломжтой, харин эрсдэл нь улс төр-цэргийн хэт төвлөрөл дагуулж мэднэ.
Эх сурвалж:
https://www.dw.com/en/who-is-zelenskyys-new-chief-of-staff-kyrylo-budanov/a-75375476
https://apnews.com/article/russia-ukraine-war-drone-strikes-f6d88455c0b975ac894ec6acb11c3ee2
Редакторласан: Г.Пүрэвсүх

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16