2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


“Эрчист Монгол”-д хийсэн хяналт, шинжилгээний дүнд үндэслэн Засгийн газар төрийн өмчит компаниудаа цэгцлэх нь гэсэн найдварыг төрүүлж байна.
Монголын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх жин нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байгаа талаар сүүлийн жилүүдэд тасралтгүй шүүмжилж байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын нэрийн өмнөөс эдийн засгийн бодлого, улс орны хөгжлийн тухай ярьж байгаа хэн боловч эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна, хувийн хэвшилд илүү орон зай гаргаж өгнө гэдэг амлалтыг өгдөг ч бодит ажил болсон нь үгүй, хэлсэн үгс нь агаарт замхран алга болсоор байгааг бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын холбогдох байнгын хороо “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд уг баримт бичигт “Эдийн засаг дахь төрийн оролцоо болон эдийн засаг, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах үүднээс төрийн зардлыг бууруулах, төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдтэй нийцүүлэх бодлогыг баримталжээ. Мөн төрийн өмчит компаниудын хувьд эдийн засгийн аюулгүй байдлын нөлөөллийг тооцсоны үндсэн дээр төрийн оролцоог бууруулах боломжтой чиг үүргийг хувийн хэвшлээр заавал гүйцэтгүүлэх, шилжүүлэх бодлогыг ирэх жилүүдэд шат дараалан хэрэгжүүлэх нь томоохон бодлогын шилжилт болно” гэсэн үгс дурайж л харагдана.
Хувийн хэвшлийн гүйцэтгэж чадах бизнес рүү төр түрж орж, орлого хуваахаас гадна авлига, албан тушаалын хэрэг цэцэглэх томоохон хөрс болсоор байгаа.
2016 оноос хойш дангаар засаглаж буй МАН-ын үед байдал улам дордож, аж ахуйн нэгжүүд татвар болон НДШ-ийн өрөнд сөхөрч байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жилд 70 мянга болж, өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Хувийн хэвшил ийнхүү өрөнд сөхөрч байхад төрийн өмчит компаниуд нь засаглалын хямралд сөхөрчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг, орон тоо дураараа нэмдэг, үндэслэлгүй урамшууллыг бие биедээ бэлэглэдэг байдал хавтгайрч байгааг иргэд шүүмжилсээр байгаа. Хувийн хэвшлийнхэн хуруу хумсаа хугалах шахам хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж олсныгоо хэмнэдэг.
Төрийн өмчит компаниудаа цэгцлэх ажлыг Засгийн газар эхлүүлэхээр шийджээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээжлит хуралдаанаар төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнг хэлэлцжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудад хийсэн хяналт, шинжилгээний дүнг танилцуулсан байна. Дүнг харахад төсвийн мөнгө ёолдоггүй гэсэн үг эрхгүй санагдана.
-“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон.
Тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ.
-“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ.
-МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна.
.“Эрчист Монгол” бол байгуулагдаад дөнгөж жил болж байгаа, эрчим хүч, тээвэр ложистикийн 44 компанийг нэгтгэсэн төрийн бүтэц. Уул уурхайн төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс Монгол” нэгтгэж буй. “Эрдэнэс Монгол”-ын бүтцэд 31 компани харьяалагддаг. Монголын эдийн засаг дахь төрийн оролцоо энэ хоёр том бүтцээр дамжин хэрэгжиж байна гэж хэлж болно.
“Эрчист Монгол”-д хийсэн хяналт, шинжилгээний дүнд үндэслэн Засгийн газар төрийн өмчит компаниудаа цэгцлэх нь гэсэн найдварыг төрүүлж байна. Ямаа мах халуун дээрээ гэж хийхээр шулуудсан бол цаг алдалгүй эмхэлж цэгцлээд шуудраад явмаар байна. Хувьчлахыг нь хувьчлаад, хариуцлагад татахыг нь татаад, цомхотгохыг нь цомхотгоё. Төрийн өмчит нь үрдэг, хувийн өмчит нь тэжээдэг байдлыг урвуугаар нь өөрчлөх цаг болжээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19