2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Японы Токиогийн цагдан хорих байрны ердөө 3.5 татами (ойролцоогоор 5.7 м2) хэмжээтэй жижиг өрөөнд хоригдож буй, цаазын ял сонссон хоригдол Хироко Казамагийн хөдөлгөөн бүрийг бараг 25 жилийн турш тасралтгүй хянаж, ажиглаж иржээ. Тэрбээр өглөө сэрэх, бие засах, эсвэл зураг зурах зэрэг өдөр тутмын бүхий л үйлдлээ таазны хэсэгт байрлуулсан хяналтын камераар ширтэх харуулуудын хараан дор хийдэг байна.
“Хоригдлуудад тэднийг хэзээ, хэрхэн хянаж байгааг хэзээ ч хэлдэггүй. Энэ нь бидэнд маш их дарамт, тодорхойгүй байдлыг үүсгэдэг” хэмээн өдгөө 68 настай Казама "The Japan Times" сонинд өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Ялангуяа эмэгтэй хоригдлуудыг эрэгтэй харуулууд хянахыг хориглоогүй байдаг нь Казамагийн хувьд сэтгэл зүйд маш хүнд тусдаг, хамгийн их шаналгаатай хэсэг нь юм.
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудын зүгээс миний хүн ёсны нэр төр, халдашгүй байдлыг ноцтойгоор доромжлон гутааж байна. Энэ шүүх хурлаар дамжуулан би хорих тогтолцоонд байдаг хууль бус зүйлд хүмүүсийн анхаарлыг хандуулж, үүнийг өөрчлөхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлэв.
ШҮҮХ ХУРАЛ БА ХОРИГДЛЫН ҮНДЭСЛЭЛ
Энэхүү мэдэгдэл нь түүний энэ оны 1-р сард Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа юм. Түүнийг хоригдлуудын эрхийг хамгаалах ашгийн бус төвийн ерөнхий нарийн бичгийн дарга, өмгөөлөгч Тэппэй Оно төлөөлөн оролцож байна. Казама сэтгэл зүйн хохирол амссаны нөхөн төлбөр болгон 5.5 сая иен ($34,600 орчим) нэхэмжилжээ. Энэ хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллээр цацагдаж байгаагүй бөгөөд олон нийтэд анх удаа ил болж буй нь энэ юм.
Цаазын ял авсан эмэгтэй хоригдол ийм төрлийн нэхэмжлэл гаргаж буй анхны тохиолдол бөгөөд өмнө нь эрэгтэй хоригдлууд ижил төстэй зарга үүсгэж, ялалт байгуулж байсан түүхтэй. Баасан гаригт эхэлсэн энэхүү шүүх хурал нэг жил орчим үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд хаалттай явагдаж байна.
Өмгөөлөгч Оно энэхүү хяналтыг "нууцлалын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл" гэж тодорхойлжээ.
Японд цаазын ял сонссон хоригдлуудыг ганцаарчилсан жижиг өрөөнд хорьдог ба өрөөг бүхэлд нь, тэр дундаа бие засах хэсгийг хүртэл дээрээс нь шууд харах боломжтой камераар хянадаг. Олон өрөөний дүрс бичлэгийг харуулууд нэгэн зэрэг хяналтын дэлгэцээр ажиглаж байдаг аж.
Токиогийн цагдан хорих байрны удирдамжид зааснаар, хоригдлууд амиа хорлох, өөртөө гэмтэл учруулах эрсдэлтэй, эсвэл оргохоор завдаж болзошгүй гэж үзсэн тохиолдолд ийм хяналтын камерыг ашиглаж болно гэжээ.

Казама нь 1993 онд гарсан олон хүний амь насыг хөнөөсөн, цогцсыг зэрэмдэглэж, нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, 2001 оны 3-р сард Сайтама мужийн Урава дүүргийн шүүхээс албан ёсны нөхөр болох хүний хамт цаазын ял сонсжээ. Шүүхийн шийдвэр 2009 онд Дээд шүүх түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосноор эцэслэгдсэн байна. Тэрбээр өнөөг хүртэл өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, хэргийг дахин хянан үзүүлэхээр тэмцэж байгаа юм.
Шүүхэд гаргасан гомдолд дурдсанаар, Казама хоригдож байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, өөрийгөө гэмтээх, оргох, хүчирхийлэл үйлдэх зэрэг нэмэлт хяналт шаардлагатай ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд сэтгэцийн хувьд тогтвортой, ямар нэгэн гомдол санал тавьж байгаагүй тул түүнийг ингэж хянах нь хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гэжээ.
Харин хариуцагч тал болох Засгийн газрын зүгээс хоригдлыг "эрсдэлтэй бүлэг"-т хамаарна гэж маргаж байна. 2001 оны 9-р сарын 12-нд түүнийг Токиогийн хорих байранд шилжүүлэн ирэхэд цаазын ял болон шүүх хурлын сэтгэл зүйн дарамтаас үүдэн түүнийг эрсдэлтэй хоригдол гэж ангилжээ. Түүнчлэн, дараагийн жилүүдэд хяналтыг үргэлжлүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа хоригдол Казамагийн танил тал руугаа бичсэн захидлуудад гутарсан өнгө аяс илэрч байсан тул сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэмээн тодорхойлсон байна. Тухайлбал, 2018 онд бичсэн захидалдаа өөрийн таньдаг байсан хоригдлуудыг цаазаар авсан нь сэтгэлд нь хүнд туссан тухай болон төрсөн эгч нь нас барсанд маш их харамсаж буйгаа илэрхийлж байжээ.
ХҮЙСИЙН АСУУДАЛ БА ОЛОН УЛСЫН ЖИШИГ
Хорих газрын зүгээс эмэгтэй хоригдлуудыг эрэгтэй харуулууд харахыг хориглосон тодорхой журам байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэд эмэгтэй хоригдлуудыг "ерөнхийдөө" эмэгтэй ажилтнууд хянадаг бөгөөд харуулууд хувцас солих, бие засах үйл явцыг "зориуд анхаарч хардаггүй" хэмээн мэдэгджээ.
Бусад улс орны хорих газруудад хяналтын камерын системийг өргөнөөр ашигладаг ч хувийн нууцад хамаарах зарим хэсгийг хязгаарласан байдаг. Их Британийн Хууль зүйн яамны удирдамжид хяналтын камерыг шүршүүр, бие засах газар зэрэг хувийн нууцыг хамгаалах өндөр шаардлагатай газруудад байрлуулж болохгүй гэж заасан байдаг байна.
АНУ-ын шоронгуудад бие засах, шүршүүрийн хэсгийг хянадаг тохиолдол байдаг ч хоригдлууд эсрэг хүйсийн харуулуудад харагдахгүйгээр (эмнэлгийн ажилтнуудаас бусад) хувцсаа солих, бие засах эрхтэй байдаг талаар Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Харин Токиогийн цагдан хорих байрны зүгээс бие засах газрыг хянах шалтгаанаа "энэ хэсэг нь хоригдлууд амиа хорлох эсвэл өөрийгөө гэмтээхэд хамгийн их ашиглагддаг газар" учраас хянахаас өөр аргагүй гэж тайлбарладаг.
Өмгөөлөгч Оно энэ хэргийг маш ховор тохиолдол гэж үзэж байна. Орос эсвэл АНУ зэрэг оронд эрэгтэй хоригдлууд эмэгтэй харуулуудад хянуулж байгаадаа гомдол гаргах тохиолдол байдаг ч, эмэгтэй хоригдол эрэгтэй харуулуудын эсрэг гомдол гаргаж буй урвуу тохиолдлыг өмнө нь харж байгаагүй гэлээ.
“Эмэгтэй хоригдлуудыг эрэгтэй ажилтнууд тасралтгүй хянах зэрэг хувийн нууцад ингэж бүдүүлгээр халдах явдал шүүх дээр бараг ирдэггүй. Учир нь, бусад улс орны хууль эрх зүйн орчинд ийм практик бараг байдаггүй” гэж тэрбээр нэмж хэлэв.
Гэхдээ Японд үүнтэй холбоотой шийдвэрүүд гарч байжээ. 2024 оны 10-р сард Токиогийн тойргийн шүүхээс Токиогийн цагдан хорих байранд хоригдож байсан нэгэн цаазын ялтай хоригдолд 24 цагийн тасралтгүй хяналт тавьсан нь хувийн нууцад халдсан үйлдэл мөн гэж үзэж Засгийн газраас 550,000 иений нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байв. Энэхүү шийдвэрийг 2025 онд Токиогийн дээд шүүх хэвээр үлдээсэн байна.
Хүний эрхийн байгууллагууд ч энэ асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсээр ирсэн. 2024 онд НҮБ-ын тусгай төлөөлөгчид Японы Засгийн газарт хандан хяналтын камерыг тасралтгүй ашиглаж байгааг асууж, эргэлзэж буйгаа илэрхийлсэн захидал илгээж байжээ.
Цаазын ял сонссон хоригдлууд амиа хорлох тохиолдол ховор ч гэсэн гарсаар байна. Тухайлбал, 2020 оны 1-р сарын 26-нд Токиогийн цагдан хорих байранд 71 настай хоригдол амиа хорлосон бол, энэ оны 1-р сарын 31-нд Осакагийн хорих байранд камергүй өрөөнд шилжиж, эрсдэлгүй гэж тооцогдож байсан 41 настай цаазын ялтай хоригдол мөн амиа хорлосон байна.
Өнөөдрийн байдлаар Японд цаазын ял сонссон 100 орчим хоригдол байдаг ажээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27