НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.05/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ. 

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.  

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор, 

-Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах 

-Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох 

-Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх 

-Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох 

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах 

-Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов. 

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй 

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв. 

Харин, 

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/ 

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин 

-Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл 

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал 

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо. 

Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов. 

Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна. 

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно 

“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.  

Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа. 

Бүртгэл, хяналтын тогтолцооны нэгдсэн системийг наймдугаар сардаа багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох юм. 2026 оны намар бэлтгэгдэж, 2027 оны хавар тараагдах нөөцийн махны нөөц бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарал хандуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ. 

Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь, 

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга 

-Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга 

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ. Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм. 

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ. 

Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэв

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа.  Тэрбээр, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 97,083 өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс 93,562 буюу 96.4 хувийг шийдвэрлэж, 3,521 буюу 3.6 хувь нь судлагдаж байгааг мэдээлэв.

Aug 6, 2026

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

Лондонд амьдардаг монголчууд Лийдс хотыг зорьж “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзэхээр болжээ

Лондонд амьдардаг монголчууд Лийдс хотыг зорьж “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзэхээр болжээ

Их уншсан

“Петровис”-ийн монополчлол ба Монополын эсрэг газрыг амь оруулъя!

2026 оны 7-р сарын 30

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

2026 оны 7-р сарын 31

Люмпенизмын хараал!

2026 оны 7-р сарын 28

Женконизмын өртөг ба төлөөс I: Хятад цэрэг, танк, мухар төмөр зам, үнийн өсөлт, шатахууны хомсдол!

2026 оны 8-р сарын 3

Mongolia secures 7th UNESCO World Heritage Site

2026 оны 7-р сарын 27

Ялгаа: Казакстан гадаадын хөрөнгөөр хөгжиж, монголчууд гадны хөрөнгө оруулагчаа хөөсөөр!

2026 оны 7-р сарын 27

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

2026 оны 8-р сарын 1

Doom loop: Алт аминд орох цаг!

2026 оны 7-р сарын 29

Элон Маск ирээдүйн тухай юу ярив!

2026 оны 8-р сарын 2

ОХУ: Телеграмыг терроризмын хэрэгт буруутгав

2026 оны 7-р сарын 29

Орбаны дараах амьдрал: Шинэ улс төрийн эрин ба Венгрийнхний амьд үлдэх тэмцэл

2026 оны 8-р сарын 2

ДАШТ-2026: Их мөнгөний эргэлт ба эдийн засгийн нөлөө

2026 оны 7-р сарын 28

Туркийн “Эрдоганомикс”-ээс авах Монголын сургамж!

2026 оны 8-р сарын 4

Тайваньд үзүүлэх Хятадын далайн эргийн дарамт эрчимжив

2026 оны 7-р сарын 30

Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!

2026 оны 7-р сарын 30