

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй айлчлал хоёр улсын хоорондох улс төр, эдийн засгийн харилцааг нэг шат ахиулахаас гадна гадаад бодлогын нэг бүрдэл хэсэг болсон соёлын харилцааны шинэ шинэ хуудсыг нээсэн айлчлал болж байна. Үүний нэг нь өчигдөр Берлин хотын Музейн аралд дахь “Жеймс Симон” галерейд нээгдсэн “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн байлаа. “Чингис хаан” музей 2019 онд байгуулагдсанаасаа хойш Европын 8 улсад үзэсгэлэн гаргасан бөгөөд энэ удаа Берлинд нээгдэж буй үзэсгэлэн нь бэлтгэл ажил, дэлгэсэн үзмэр, зардал хөрөнгийн хувьд ч хамгийн том болж байгааг музейн захирал академич С.Чулуун онцолсон. Энэхүү үзэсгэлэнд зориулж, Германы сэтгүүлчдийг өнгөрсөн зун Монголд урин их эзэн хааны түүхэн холбогдолтой газар орноор аялуулсан бөгөөд Монголд аялсан сэтгүүлчид үзэсгэлэн нээгдэхийн өмнөх өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн нь түүх, соёлын хүрээнийхнийг сэдэлжүүлсэн арга хэмжээ болжээ. Монголд очихгүйгээр, Монголоор аялахгүйгээр Чингис хааны ойлгож, мэдрэх аргагүй байжээ хэмээн Монголд ирсэн сэтгүүлч, үзэсгэлэн зохион байгуулагчид хэлжээ.
Европын орнуудад дэлгэгдэж буй эдгээр үзэсгэлэн нь өнөөг хүртэл Чингис хаан бол айдас дагуулагч гэсэн дэлхий нийтийн эндүү ойлголтыг залруулж, Чингис хаан бол дэлхийн дэг журмыг өөрчлөгч, энх тайвныг тогтоогч, шашны амар амгаланг тогтоогч, үзэл бодол бодлыг дээдлэгч, шударга ёсыг тогтоогч, хаадын хаан байсан гэсэн түүхэн бодит дүгнэлт рүү хөтөлж буй Монголын хувьд, монголчуудын хувьд туйлын чухал ач холбогдолтой соёлын дипломат харилцаа билээ.
Берлины музейн арал (Museumsinsel) нь Берлин хотын Шпрее голын арлын хойд хэсэгт байрладаг, дэлхийд алдартай таван музейн цогцолбор юм. Энэхүү газар нь 1999 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.
Музейн аралд багтдаг үндсэн 5 музей:
• Старый музей (Altes Museum): Эртний Грек, Ромын урлаг, эртний үеийн олдворуудыг дэлгэн үзүүлдэг. 1830 онд нээгдсэн тус цогцолборын хамгийн анхны музей юм.
• Новый музей (Neues Museum): Египетийн эртний түүхийн үзмэрүүд (тухайлбал, Хатан Нефертитийн алдарт бюст) болон эртний түүхийн цуглуулгатай.
• Пергамский музей (Pergamonmuseum): Эртний архитектурын гайхамшигт дурсгалууд (Пергамскийн тахилын ширээ, Иштар хаалга гэх мэт) байдаг бөгөөд одоогоор хэсэгчилсэн засвартай байгаа.
• Старая национальная галерея (Alte Nationalgalerie): 19-р зууны үеийн Европын уран зураг, уран баримлын цуглуулгатай.
• Музей Боде (Bode-Museum): Дундад зууны болон Византийн үеийн уран баримал, зоосны цуглуулгаар баялаг.
Музейн арал дахь цогцолборын түүх 19-р зууны эхэн үеэс (Пруссийн хаан Фридрих Вильгельм III-ын зарлигаар) эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр барилгуудын 70% нь сүйдсэн ч хожим сэргээн засварласан байна.
Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил буву 2024 онд эрхэм Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монголд айлчлах үеэр үзэсгэлэнг гаргахаар тохиролцсон нь ийнхүү биеллээ олж байна. Он гараад ирэх 1-р сард бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй эрхэм Ерөнхийлөгч Штайнмайэр бүрэн эрхийн хугацаандаа амжиж үзэсгэлэнг нээж байгаадаа туйлын баяртай байгаагаа нээлтийн үеэр онцолсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо.
Эдгээр дурсгал нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг тэмдэглэлээ.
Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй өрнө, дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байгааг дурдлаа.
Хоёр улсын хамтарсан археологийн судалгааны олон жилийн үр дүнг энэхүү үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулан дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь Монгол, Германы Стратегийн түншлэл, үнэт зүйлд суурилсан ойр дотно түншлэлийн тод илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.
“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцлоод “Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байна. АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэг”-ээ хэлээд “үзэсгэлэнгийн танхимд хүний хөл тасрахгүй байг” хэмээн ерөөсөн.
“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх 2027 оны 4-р сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.




Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.